Дөнгөж төрсөн нярайгаа санаатайгаар хөнөөсөн эхийг олжээ
Дархан-Уул аймагт нярай хүүхдийг санаатайгаар амийг нь хохироож, хогийн цэг дээр хаясан жигшүүрт хэрэг гарсан. Задлан шинжилгээгээр нярайн хүзүүг тойрсон хөхрөлттэй, арьс руу цус хурсан, амьсгалын хурц дутагдалд орсны улмаас нас барсан нь тогтоогдсон. Шалгалтын явцад нярайн эх, угаалгын өрөөндөө амаржиж улмаар төрүүлсэн үрээ дотоожоороо боож, амийг нь хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Харамсалтайгаар эндсэн нярай нь хэрэгт шалгагдаж буй эмэгтэйн хоёр дахь хүүхэд байжээ. Хэргийг яг одоо Дархан-Уул аймаг дахь цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Санаатайгаар төрүүлсэн үрээ хөнөөх гэмт хэрэгт дараах хуулийн зохицуулалт үйлчилдэг:
ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
10.1 дүгээр зүйл. Хүнийг алах
- 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах
- Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгоно.
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
- Энэ гэмт хэргийг: Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
- Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
16.11 дүгээр зүйл.Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: iSee.mn