Дарханы замын ажлыг 7 нугалах хэмжээний бүтээн байгуулалт говьд өрнөж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс өдөрт 6.3 сая ам.доллар буюу жилдээ 2.3 тэрбум ам.доллар алдаж байна. Яагаад гэж үү? Орлогын гол эх үүсвэр болох нүүрсээ экспортлохдоо төмөр замаар бус авто замаар тээвэрлэдгээсээ болоод тэр.
Улсын хөгжил цэцэглэлтэд гэрэл нэмэх мега төслүүдийг улс төржилтийн бараан сүүдэр дайрахгүй өнгөрч байсан удаа бараг үгүй. Сонгуулийн үр дүн ямар ч байсан энэ төслийг л битгий зогсоогоосой гэх үгийг томоохон төслийн удирдагчид бараг л маани мэгзэм шиг уншиж байхыг олон сонссон. 100 км-ээс урт төмөр замын төслийг мега төсөл гэж үздэг бол өнөөдөр өмнийн их говьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замын хоёр мега төсөл хэрэгжиж байна. Дээрх бүтээн байгуулалтууд өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон сорилттой тулгарсан ч яг энэ мөчид ажил тун урагштай байгааг харлаа.
2013 онд эхлээд 2015 онд санхүүжилтгүйн улмаас зогсож "овоолсон шороо” нэр зүүсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2018 оны наймдугаар сараас дахин сэргэсэн. Тухайн үед газар шорооны ажил нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан бол өнөөдөр эхний 130 км төмөр зам "бэлэн” болжээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайруулан барьж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар эхний ээлжид жилдээ 30 сая тонн, цаашлаад 50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. 25 тоннын голын даац бүхий Монголын анхны 1 дүгээр зэрэглэлийн уулзваргүй төмөр замыг манай инженерүүд өөрсдөө барьж байна. Энэ төмөр замын дагуу 15 гүүр, 127 хоолой, 8 малын гарц, 2 өртөө, 6 зөрлөг барих бөгөөд өнөөдрийн байдлаар доод бүтцийн ажил 98 хувьтай, дээд бүтцийн ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын газар шорооны ажил 5 сая шоо метр бол Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын газар шорооны ажил 13 сая шоо метр, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замынх 25 сая шоо метр. Үндсэндээ Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт Дарханы замын ажлыг 7 нугалсантай тэнцэх хэмжээний газар шорооны ажил өрнөж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, 25 метрийн урттай зам төмрийг цахилгаан канактийн аргаар 200 метр урттай гулдмай болгон гагнадаг бөгөөд одоогоор 34.7 км замыг ийнхүү гагнажээ. Монгол инженерүүдийн барьж буй уг замын ашиглалтын баталгаат хугацаа 100 жил бөгөөд 30 жилд нэг удаа засан сайжруулах ёстой аж.
Төмөр замын бүтээн байгуулалтыг зөвхөн санхүүжилт бус цариг, хил холболтын цэгийг тойрсон асуудал ч багагүй хойш нь татсан. Хил холболтын цэгээ тохирох тухай асуудлаар Монгол, Хятадын тал 6 удаа уулзаж хэлэлцсэн байдаг ч нэгдмэл шийдэлд хүрэхгүй байсаар саяхныг хүрсэн. Энэ асуудлыг цэгцэлж хоёр төмөр замыг хилийн 703 болон 704 дүгээр баганын хороонд нийлүүлэхээр тохиролцсон юм. Төмөр зам нь аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа болдог. УИХ-аас баталсан "Нэг улс, нэг цариг” бодлогын хүрээнд Монгол Улсын дотор хэрэгжих шинэ төмөр замын төслүүд нь өргөн буюу 1520 мм-ийн царигтайгаар баригдана гэснээр царигийн маргааныг ч эцэслэсэн.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн захиалагчаар Тавантолгой Төмөр зам ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл ХХК ажиллаж байна. Төмөр замыг 2022 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ч ажил нь хугацаанаас түрүүлж байгааг хэлж байв. Тус бүтээн байгуулалтад үндэсний 28 туслан гүйцэтгэгч компани, 1400 гаруй инженер техникийн ажилтан, 700 гаруй машин механизм ажиллаж байна. Төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим байнгын ажлын байр бий болно. Үүнийг дагаад боловсон хүчний асуудал хөндөгдөх нь дамжиггүй. Тиймээс төмөр замын нарийн мэргэжлийн инженерүүд бэлтгэхээр энэ жилээс ШУТИС-д хоёр анги, Төмөр замын дээд сургуульд 45 оюутан элсүүлэн суралцуулж эхэлснийг Тавантолгой Төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал ярьсан юм.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар тээвэрлэх гол ачаа нь Тавантолгойн бүлэг орд орчмын коксжих болон эрчим хүчний нүүрс байх юм. 107 вагонтой галт тэргийг хоёр цагт ачих бөгөөд хоногт 12 галт тэрэг ачих төлөвлөгөөтэй. Энэ нь жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтойг хэлж байгаа юм. Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт хүртэл ачаатай галт тэрэгний аяллын хугацаа ойролцоогоор 4 цаг байна.
7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг орд дэлхийн хамгийн том 10 нүүрсний ордын нэгд тооцогддог. Манай улс сүүлийн жилүүдэд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсаар ирсэн ч энэ зорилтодоо хэзээ ч хүрч үзээгүй нь худалдан авагчийн эрэлт, үнийн өрсөлдөх чадвар, олборлолт, тээвэрлэлтийн багтаамж зэрэг олон шалтгаантай. Өнгөрсөн онд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 36 сая тоннд хүрсэн бөгөөд үүний дийлэнхийг Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрс эзэлдэг. Энэ ордоос Гашуунсухайт боомт хүртэл төмөр зам татахад экспортын тээврийн зардал 4 дахин буурч, монголчуудын хүртэх ашиг 4 дахин нэмэгдэнэ. Одоогийн байдлаар нэг тонн нүүрсийг авто замаар уурхайгаас хил хүргэх зардал 32 ам.доллар байгаа бол төмөр замаар тээвэрлэх зардал 8 ам.доллар байх юм. Тавантолгойн ордод Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, орон нутгийн өмчит Тавантолгой ХК олборлолт хийдэг. 2019 онд Эрдэнэс Тавантолгой ХК 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, иргэн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг хүртээснийг та санаж байгаа байх. Тэгвэл төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн ордын эдийн засгийн өгөөж 2-3 дахин нэмэгдэнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.
Тавантолгойн орд байрладаг Өмнөговь аймгийн Цогтцэций сум 3 мянган хүн амтай. Харин энд ажил хөдөлмөр эрхэлж буй уурхайчид, дайран өнгөрч буй хүмүүсийг оролцуулбал хүн амын тоо 50 мянгад дөхнө. Уул уурхайгаас нутгийн иргэдэд ирэх өгөөжийг нэмэгдүүлж, уурхайчид, ажиллагсдын тогтвортой амьдралыг хангахын тулд цаашид Цогтцэцийг томоохон суурьшлын бүс болгон хөгжүүлэх шаардлага тулгарах нь дамжиггүй.
Нүүрсийг хил хүртэл авто замаар тээвэрлэж байгаатай холбоотой Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр осол гарах нь элбэл. Өнгөрсөн онд л гэхэд энэ зам дээр 287 осол гарч, 18 хүн хүнд буюу хөнгөн хэлбэрээр гэмтэж, есөн хүн нас баржээ. Өмнөговь аймгийн нийт зам тээврийн ослын 70 хувь нь Гашуунсухайтын замд гардаг гэсэн тоо байна. Энэ замаар өдөртөө 1400 орчим, жилдээ 14 мянган том оврын машин зорчдог. Төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлтийг аюулгүй гүйцэтгэхээс гадна ачааны машинуудын үүсгэж буй тоосжилт, дуу чимээ арилж, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр буурна гэх мэт эдийн засаг гэлтгүй нийгмийн ч талын олон эерэг өөрчлөлт хүлээгдэж байна.
Гэрэл зургийг: MPA