Биатлоны шинэ улирал ба Монгол тамирчдын жавхаа
Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг нь яах аргагүй биатлон билээ. Буурал тивд хамгийн эрчимтэй хөгжсөн энэхүү спорт манай улсад шинэ шатанд гарч буй олон жишээ байна. Хэдийгээр манай улсад чамгүй олон жилийн өмнө сууриа тавьсан ч хөгжлөөрөө хамгийн удаашралтай байгаа спортын төрөл юм. Уг спорт манай улсад хэрхэн үүссэнийг сөхвөл яавч шинэ биш. 80 гаруй жилийн түүхтэй учраас Монголын ууган спортын нэг гэхэд болно. Гэвч үйл ажиллагаа, цар хүрээ сүүлийн гурван жил тогтворжиж, байр сууриа олсон гэвэл ташаарсан болохгүй. Манай улсад биатлоны спорт 1930-аад онд үүссэн бөгөөд 1962 онд олон улсын биатлоны холбоонд элсчээ. Харин биатлоны холбоо байгуулагдахаас өмнө буюу 1956 онд тухайн үеийн Чехословак улсад болсон олон улсын тэмцээнд Монголын биатлонч оролцсон нь анхны гадаад тэмцээн байв. Улмаар тухайн жилдээ “Алдар” нийгэмлэгийн дэргэд олон улсын тэмцээнд оролцох зорилгоор шигшээ багаа байгуулсан түүхтэй. Олон улсын биатлоны холбоонд элссэнээс хойш нэг жилийн дараа ОХУ, Финляндаас спортын винтов буу оруулан ирснээр мэргэжлийн тамирчнаа бэлтгэж эхэлсэн байх юм.
1974 онд ОХУ-ын Минск хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Сандагдорж, П.Батсүх, Б.Амгалан нар анх калибр буугаар оролцож байв. Тэгвэл 1999-2007 оны хооронд гурван удаа Азийн өвлийн наадамд оролцжээ. Түүнчлэн 2004, 2006, 2012 онд Азийн аваргад өрсөлдсөн бол 2011 онд Чехийн Нова Место хотод болсон залуучуудын ДАШТ-д Д.Нямцэцэг эх орноо төлөөлсөн нь дэлхийн аваргад оролцосн анхны монгол эмэгтэй биатлонч болсон түүхтэй.
Өнгөрснийг сөхсөн шалтгаан нь яг өнөөдрийн хувьд Монголын биатлон хөгжлийнхөө хамгийн дээд түвшинд хүрсэн гэхэд болно. Ингэж тодотгосны учир 11 хоногийн дараа өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох биатлоны дэлхийн цомын цуврал тэмцээн эхэлнэ. Мэдээж биатлоны спортоор дэлхийд толгой цохидог өнөөх мундагууд оролцох нь дамжиггүй. Франц, Герман, Норвеги, Австри, ОХУ, Финланд, Чех тэргүүтэй улсууд коронавирусийн хорио цээрийн дараа ийнхүү хурд юугаа шалгаж, цэц мэргэнээ сорих нь.
Манайхны хувьд 2020-2021 оны улирал ихээхэн онцлогтой. Хоёрхон жилийн өмнө бид дэлхийн цомын цувралд зөвхөн гадаадын шилдгүүдийг харж баясдаг байлаа. Харин энэ улирлаас Монголын биатлончид акулуудтай өрсөлдөнө. Бүр багийн тэмцээнд хүртэл оролцоно гээд бод доо. Хэдхэн хоногийн өмнө Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр өөрийн сошиал хуудсаар дамжуулан “Монголын биатлончид түүхэндээ анх удаа дэлхийн цомд багаараа оролцох эрхтэй боллоо” гэсэн баярт мэдээг дуулгасан юм. Өвлийн спортод дурладаг хүн бүр 2020-2021 оны шинэ улирлыг хүлээж буй нь дамжиггүй. Бүтэн улирлын турш Монголын биатлончид дэлхийн цомд өрсөлдөх нь. Мэдээж тэд дэлхийн шилдгүүд шиг тодорч, гоцрохгүй. Гэхдээ дэлхийн шилдгүүтэй уралдана гэдэг нь өөрөө хамгийн бахдам амжилт юм. Аажим аажмаар тэдний чадвар дээшилнэ. Магадгүй хоёр жилийн дараа буюу 2022 онд бид Бээжингийн цасан замд Монголынхоо биатлончдыг дэмжих хувь тохиож мэднэ.
Биатлоны цуврал тэмцээний турш манай спорт сонирхогчид дэлхийн шилдэг тамирчдын алдаа, онооны талаар ярилцдаг бол энэ жилээс монгол биатлончдынхоо алдаа, оноо, амжилтыг давхар ярих нь ээ. Тэдний чадвар тэмцээнээс тэмцээнд нэмэгдэж, амжилт нь ахисаар байх нь дамжиггүй. Биатлоны спортыг шинэ шатанд гаргахын төлөө зүтгэж яваа Монголын биатлоны холбооны удирдлагууд болон тамирчин, дасгалжуулагч нар амжилт хүсье. “Бээжин-2022” олимпод Монголын далбаа өндөрт мандах болтугай.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин