Спортыг дэмжигч генерал Б.Баярмагнай

Спортыг дэмжигч генерал Б.Баярмагнай


Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг өнгөц харвал маш олон өнгө солонгорон харагдана. Тэдгээрээс лавхан судалж үзвээс, зөвхөн мэргэжлийн салбартаа төдийгүй спортын хөгжилд багагүй хувь нэмрээ оруулж, чамгүй ажил амжуулж яваа нэгэн нэр хүндтэй эрхэм яах аргагүй анхаарал татлаа.
Тэрээр спортын хэд хэдэн төрлийн холбоог удирдаж, улмаар өөрийн салбартаа уялдуулан хөгжүүлж, цаашлаад өдгөө чамгүй амжилттай ажиллаж байгаа юм байна. Энэ хүн бол УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, БЗД-т нэр дэвшиж буй Бямбасүрэнгийн Баярмагнай.

Хошууч генерал Б.Баярмагнай нь 2015 онд цэргийн жинхэнэ албанаасаа тэтгэвэр тогтоолгож, бэлтгэлээр халагдсан. Тэр үед Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар нэгэнтээ олонд танигдсан, нэр хүндтэй, дэг журамтай, удирдагч хүний гарт холбооныхоо жолоог атгуулахаар Б.Баярмагнай генералд санал тавьжээ. Түүнчлэн гадаад хэлний мэдлэг чадвар нь гадаад харилцаа, цаашдын үйл ажиллагаанд нь багагүй тус дэмтэй болохыг тооцсон нь лавтай.

Ингээд Б.Баярмагнай генерал 2016 оноос Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Дэд ерөнхийлөгчийн албыг авч, Монгол Улсад анх удаа Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах IX тэмцээнийг зохион байгуулснаас эхлээд олон ажлыг амжуулжээ.

Багаасаа бүх төрлийн спортоор хичээллэж эхэлсэн тэрээр армид алба хааж байх үедээ зэвсэгт хүчний алба хаагчдад ямар спортын төрөл илүү тохиромжтой вэ, тэр талаар нь давамгайлан Алдар спорт хороог чиглүүлэх ёстой юм байна гэсэн бодол тээж ирсэн гэдэг. Тиймээс Зэвсэгт хүчинд байхдаа Алдар спорт хороонд олон талын дэмжлэг үзүүлж иржээ.

Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гэхэд дөрвөн том амлалт өгч биелүүлсэн байна. 130 орчим улсыг багтаасан Дэлхийн цэргийн спортын холбоонд гишүүнчлэлээ сэргээж, тухайн үедээ хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй буудлагын тамирчдаа авч явж тэмцээнд оролцуулж, тус тэмцээнд О.Гүндэгмаа, Баярмаа, Баярцэцэг нар дэлхийн цэргийн спортын буудлагын төрлийн рекордыг эвдэж, 16 жил ноёрхсон Хятадын ноёрхлыг зогсоосон түүхтэй. Түүнээс хойш маш олон тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байгаа билээ.
Дараа нь Б.Баярмагнай генерал олимпын эрх авсан тамирчдаа дэмжих зорилгоор зэвсэгт хүчний “Олимп сан”-г санаачлан байгуулж, тухайн үед Лондонгийн олимпын эрх авах тэмцээнд оролцох болон эрхээ авсан Алдар спорт хорооны тамирчдад бодит дэмжлэг үзүүлж байжээ.

Түүний хувьд армийг спорттой холбож болох төрөл бол буудлага, бодибилдинг, гардан тулаан юм гэж үзээд армийн бялдаржуулах танхимуудыг шинэчлэх, алба хаагчдыг спортод дурлуулах гэх мэтээр олон талаас нь ажиллаж иржээ. Мөн Алдар спорт хороог шинэ ордонтой болгохыг зорьсон түүний зорилго ч биеллээ олж, олон ч гавъяат төрсөн билээ.
Б.Баярмагнай нэр дэвшигчийн бас нэгэн хувь нэмрээ оруулсан спортын төрөл бол Шатрын холбоо.
Тэрээр манай оюуны спорт дэлхийд гайхагдаж буй энэ цаг үед өсвөр залуу үе, хүүхдүүдээ дэмжихээр тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр 2015 оноос хойш ажиллаж, энэ хугацаанд уралдаан тэмцээнээс хэдэн зуун медаль хүртсэнийг Та бид мэдэж байгаа.
Өмнөх парламентуудын үед урлаг, спортын алаг цоог мэргэжилтнүүд ард түмнийг төлөөлж ирсэн. Тухайн чиглэлдээ амжилт үзүүлж, тэр хэрээр олны танил болсон гэдэг утгаараа иргэд итгэл хүлээлгэж сонгосон байж болох.

Тэгвэл энэ удаад сонгогчид жинхэнэ мэргэжлийн, туршлагатай, чадварлаг нэр дэвшигчийг эрэлхийлж байна. Харин сонгогчдын хүлээлтэд нийцэх төрийн хүн, түүнчлэн бусад олон чиглэлд хүч хөдөлмөрөө зориулж, тэр болгондоо амжилт үзүүлж яваа нэр дэвшигч Б.Баярмагнай шиг хүн тун ховор биз ээ хэмээн тунгааж, түүнийг өөр өнцгөөс харсанаа онцлон хуваалцаж буй нь энэ юм.

Ю.Халиун
Эх Сурвалж: Бие даан нэр дэвшигч Бямбасүрэнгийн Баярмагнайн сонгуулийн штаб

скачать dle 12.0