С.Ганбаатар: Сонгинохайрханчууд аа, шударга ёсны төлөө Э.Батшугар, Г.Батбаяр нарыг дэмжээрэй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр 2020 оны НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, тус тойрогт МАХН-аас нэр дэвшиж байгаа Энхбаярын Батшугар, Ганбатын Батбаяр нарыг дэмжихийг иргэд, сонгогчдод уриаллаа.“Өнөөдөр би НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөж байгаа Э.Батшугар, Г.Батбаяр гэсэн залуусаа дэмжихээр ирээд байна. Ард иргэдийн амьдрал хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа. Ажилгүйдэл, ядуурал газар ялангуяа захын дүүргүүд, орон нутагт газар авсан байгааг хэлүүлэлтгүй мэднэ. Учир нь жирийн иргэний ажил хөдөлмөрлөх эрхлэх, баталгаатай орлоготой байх боломжийг дарга нар нь булаачихсан ийм цаг үе юм. Нийслэлийн иргэдэд хүрэх ёстой ажлын байр, ЖДҮ, төсөл хөтөлбөрүүд эзэндээ очихгүй байна. Хамгийн наад захын жишээ нь амьдралын боломж муутай айлуудад өгөх ёстой хоолны талон жинхэнэ эзэндээ очихгүй байна. Эрх баригч намынхны танил тал, ахан дүүст очиж байна. Энэ шударга бус байдлыг таслан зогсоох ёстой.
Өнөөдөр ард түмэн ядуу байгаадаа, ажилгүй байгаадаа бухимдаад байгаа юм биш. Харин ийм шударга бус байдал газар авчихсан байгаад бухимдаад байгаа юм. Нэг намын дарангуйлал хэрээс хэтэрлээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бол эрх баригч бүлэглэлүүдийнг, дарга нарыг төлөөлдөг хүн биш юм. Харин ард иргэдийг төлөөлж эрх баригчдыг хянаж, шударга ажиллахыг шахаж шаарддаг байх ёстой.
Сонгинохайрхан дүүргийн иргэд маань бидний ярьж хэлж байгаа зорьж байгаа зүйлсийг их сайхан дэмжиж байгаад би их урамтай байна. Өнөөдөр бид өнгөрсөн жилүүдийн үйл явдлыг давтах уу, эсвэл өөрчлөх үү гэсэн салаа замын уулзвар дээр ирсэн байна. Энэ бол том боломж шүү. Энэ бол сонгууль, сонгуулиар өөрчлөлтийг авчирцгаая. Шударга ёсны төлөө таны сонголт мэргэн байх болтугай” гэж тэрээр уулзалтын үеэр хэллээ.
Мөн тэрээр нэр дэвшигч Э.Батшугар, Г.Батбаяр нартай хамт хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзаж алхлаа. Энэ үеэр бизнес эрхлэгчид банкны өндөр шалгуурыг давж чадахгүй байгаагаас банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч байна. Тиймээс хүү багатай, шуурхай зээлийн эх үүсвэр ард түмэнд хэрэгтэй байгааг хэллээ. Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт багтсан хувиараа бизнес эрхлэгчдийн бүх талаар дэмжиж, тусгай сангуудыг байгуулж урт хугацааны бага хүүтэй хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулахгүйгээр зорилтот бүлэгт хүргэх бодлогыг талархан хүлээж авч дэмжихээ илэрхийлж байв.
Б.Төгс
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин