ХЗБХ: Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Баасандорж, Д.Батдорж нарыг оруулахыг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр тус байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв.
Уг тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан юм. Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хүний эрхийн форумын төлөөлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан Хууль зүй, дотоод хэргийн яамны болон УИХ дахь цөөнхийн төлөөлөл өөрчлөгдсөн тул гишүүдийг нөхөн томилох шаардлага үүссэн байна.
Иймд дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ дахь цөөнхийн төлөөлөлд УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж нарыг нөхөн томилуулах саналыг байнгын хороонд ирүүлжээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын гаргасан саналын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын талаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат танилцуулга хийв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийг шинэчлэн найруулж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд тавих шаардлагыг тодруулж, нэр дэвших хүсэлтийг нээлттэй болгосон. Мөн тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулж сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэхээр хуульчилсан юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа өмнө нь хаалттай явагддаг байсан. 2020 онд холбогдох хуулийг шинэчилснээр нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулахаар хуульчилсан юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 24иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр бүртгэн, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээлсэн.
Томилгооны сонсголыг товлож, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэв. Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллагыг нээлттэй бүртгэж, хамруулсан юм.
2020 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан томилгооны сонсголд сонгон шалгаруулалтын нийт 19 оролцогчоос 18 нь хүрэлцэн ирж дэгийн дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулсан. Түүнчлэн, Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн болон цахимаар сонсголд оролцсон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид, иргэдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгсөн юм.
Томилгооны сонсголыг УИХ-ын IPtv-ээр шууд дамжуулж, нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад шууд дамжуулах боломж бүрдүүлсэн. Мөн, сонсголд цахимаар оролцохоо илэрхийлсэн 86 иргэнийг zoom аппликэйшныг ашиглан урьсан бөгөөд сонсголыг фэйсбүүк сүлжээн дэх ParliamentMN хуудсаар шууд нэвтрүүлсэн нь иргэд сонсголыг шууд үзэх, тухай бүр саналаа бичих, асуулт тавих нөхцөлийг бүрдүүлсэн.
Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Хүний эрхийн Үндэсний Комиссын 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн 1 гишүүнийг сонгох ёстой гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилохдоо хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандаж, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс хүйсийн төлөөллийг 50, 50 хувьтай байлгах саналыг гаргав. Үүнийг анхаарч ажиллах чиглэлийг ажлын хэсгийнхэнд байнгын хорооны протоколоор өгөхөөр тогтов.
Ингээд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг 90.9 хувийн саналаар, УИХ дахь цөөнхийн төлөөлөлд УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдоржийг 81.8 хувийн саналаар оруулахыг дэмжлээ.
Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 72.7 хувийн саналаар дэмжлээ.