С.Баярын данснууд ч С.Баярцогтынх шиг ил болох нь тодорхой болжээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй Монголын парламентчид Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад 3 сарын 12-14-ны хооронд албан ёсны айлчлал хийсэн билээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар болон албаны зарим хүмүүс багтcан юм.
Тэд Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар болон тус улсын хууль хяналтын зарим байгууллага, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн.
Энэ үеэр оффшор бүст байгаа их хэмжээний ам.долларын дансны хуулга буюу тодруулбал "Credit Suisse AG" банк дахь Монгол Улсын иргэн С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр нийт таван дансны 2008 есдүгээр сарын 30-наас 2013 арванхоёрдугаар сарын 31 хугацааны гүйлгээг ил болгосныг та бүхэн мэдэж буй биз ээ.
Мөн Швейцарийн хуулийн байгууллагуудын төлөөлөл энэ асуудлыг нуун дарагдуулахгүй, Монгол улстай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн . Уг мөнгөний гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монгол Улсын Гадаад Харилцааны Яамаар дамжуулж АТГ-т хүлээлгэн өгч, өдгөө С.Баярцогтод холбогдох хэргийн хавтаст хавсаргагдан шалгагдаж байна.
Хэрэв С.Баярцогтын Швейцарь дахь дансны хуулганаас "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ"-тэй холбоотой харилцаа тогтоогдвол Монгол Улс ба Рио Тинто компаний байгуулсан ОюуТолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох юм.
Мөн АНУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс ч мөнгө угаалт, оффшор дансны луйвартай тэмцэж буй Монгол Улсын бодлогыг дэмжин, хамтран ажиллахаар болсон гэнэ.
Монгол Ардын Нам дахь эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхий Сайд асан Санжаагийн Баяр, түүний охинтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой тодорхой баримтыг ч ил болгох нь тодорхой болсон аж.
Ийнхүү "ОюуТолгойн Хөрөнгө Оруулалт"-ыг гэрээг байгуулах үед Монгол төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий улс төрчдийн гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримтууд ил болж эхэлж байна.
Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын гэрээтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга асан С.Баяр, Сангийн Сайд, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд асан С.Баярцогт, Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг нарыг АТГ шалгаж буй бол УИХ ч уг асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм.
Л.Ганзориг