Амьжиргааны түвшин 409-өөс доош оноотой ээжүүдийг сувилалд амраана
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. .
Жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах юм.
Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ. Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг ирэх баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.
С.САРУУЛ
ЗУУНЫ МЭДЭЭ