Цахим наадмын наана, цаана
Олны яриаг сонсвол УИХ-ын ээлжит сонгууль бас наадмын тухай л шуугиж байна. За тэр сонгууль ч яахав. Болох бүтэхээрээ болоод л өнгөрөх байх. Харин дахилт, энэ тэрээтэй л битгий болоосой. Сонгуультай залгаад Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот 21 аймаг, 339 суманд яг нэгэн зэрэг хийнэ гэж Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо шийдээд цаг үеийн онцгой дэглэмжэй байгаа нөхцөлд тохируулан наадмын “Түр журам” гэж баталжээ. Үүнд долдугаар сарын 10-ны өдөр төрийн хүндэтгэлийн концерт болно.
Маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж Монгол Улсын Ерөнхийлөгч наадмыг нээж үгээ хэлнэ. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж үзэгчдэд зурагтаар үзүүлнэ. Цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина гэжээ. Үүнийгээ тайлбарлахдаа наадамчин олон маань онлайн хэлбэрээр наадмаа бүхэлд нь үзэж наадамлана. Үүнийг үзэгчгүй наадам гэх нь ташаа ойлголт гээд Төв цэнгэлдэхийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлийнхний нэг хувьд хүрэхгүй гэж. Энэ нь наадмын нээлт үзэх хүслийг нь дөрөөлж бас орлого олохоо бодсон хэрэг юм л даа. Ингэхлээр үзэгчгүй наадам биш л болж таарах нь. Гэсэн атлаа нөгөө түр журмыг уншаад үзсэн чинь хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй цомхон хүрээнд тэмдэглэнэ гэсэн мөртлөө дээр дурдснаар нээлт л лав бараг хуучинтайгаа дүйж байна биш үү. Бас халдварт өвчний үеийн дэглэмийг баримтлахын тулд хотоос холхон шиг эзэнгүй талд бөхийг барилдуулах, Хүй долоон худаг руу явдаг замыг хааж байгаа зургаан насны морио давхиулна гэсэн яриа байна лээ. Найруулагч Херо Б.Баатарын санаа бас өөр байгаа юм шиг.
Баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэхэд биш Улаанбаатар хотоос 90 гаруй километрийн зайтай аль нэг жуулчны баазад ч юм уу, содон найруулгаар хийнэ гэсэн санаа байгаа гэх. Түр журмаас харахад заалтууд нь дотроо их зөрчилтэй. Наадмыг шинэлэг хэлбэрээр хялбаршуулж хийнэ гэсэн мөртлөө нээлтийг ингэж хийнэ гэсэн нь хуучнаа санагалзсан байдалтай бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалынхаа дагуу зохиогдоно гэсэн өгүүлбэр уншигдах жишээтэй. Тэгэхээр цахим наадмын цаад талд нэг нууц юм байгаа нь төсөв. Өнгөрсөн жилийн наадмын зардал 2.9 тэрбум байж. Тэгвэл үүнээс бага төсөв гаргана гэж ярьж байгаа гэнэ. Тэгэхээр ноднингийнхоос бага зардал гаргалаа гэхэд улс орны эдийн засаг уруудах шатандаа яваа энэ цагт зөндөө мөнгө хийсгэж таарах нь. Эцэстээ нэг тэрбум гаруй ч бай тэрнийг мөнгө гэж харж байгаа хүн хэн бэ? гэвэл уг шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс.
Наадмыг хэрхэн зохион байгуулах нь одоогоор нууцын зэрэглэлтэй юм шиг байгаа болохоор төсөвлөсөн төсвийг хэрхэн зарцуулсан нь бүр хөшигний цаана хийгдэж таарна. Яг л ханцуй доторх наймаа болно гэсэн үг. Тиймээс наадмын дараа цөөн бүлэг хүмүүс сонгуулийн шархаа нөхөөд харин олон түмэн хоёр өдөр зурагтаа горьдлогын нүдээр гөлөрсний хойно ийм наадам байхдаа яадаг юм, нөгөө тэрбум гаруй төгрөгийнхөө хэдийг нь хэн халааслаа бол гэсэн хардлагатай л үлдэнэ.
Бас нэгийг хэлэхэд Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэр тэр дагуу гаргасан журмыг үзэхлээр нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдгийн үлгэрээр хийгдчихэж гэж хэлж болохоор байна. Наадмыг улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэлээ гэж. Улсын наадамд барилдах 512 бөх зоволгүй хүрчихнэ л дээ. Харин аймаг сумдад тийм олон бөх барилдаж чадаа ч үү, үгүй ч үү. Говийн сумынхан зуншлага дагаж нүүгээд малаа л гэхээс юун сонгууль бас наадамтай манатай байгаа. Дундговийн зүүн хойд талын сумынхан Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн сумаас хойш гараад явчихаж. Тэднийг яаж сонгуульд оролцуулах, саналыг хэрхэн авах нь хэцүү байна гэж байна. Сум орноосоо алс оторт яваа малчид лав наадамлана гээд буцаж харих боломж байхгүй нь үнэн. Сонгуулийн сурталчилгааг ч хийхэд боломжгүйдэж байгаа нь нэр дэвшигчид хөдөөгийнхний толгойны өвчин болоод байна. Энэ бүхнийг наадам хийнэ гэж шийдвэр гаргахдаа огт харгалзаагүй бололтой. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30-наас хойш цуцлах уу, яах бол мэдэхгүй. Нэг тодорхой юм гэвэл “Ковид-19” өвчний аюул занал арилгаагүй л байх биз. Тэгэхээр манай төр, засгийнхан зоригтой л доо.
Сонгуулиас болж өвчний халдварыг тарааж алдвал би хариуцлагыг нь хүлээнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр хэлсэн бий. Тэгвэл наадам хийгээд өвчнийг хяналтаас гаргачихвал хариуцлагыг нь хүлээе гэж хэлэх хүн хэн бол...
Сайд Ч.Улааныг “нэг кг ноолуурыг 100 төгрөгөөр авна” гэж хэлүүлсэн шиг хэн нэгэн даалгавар биелүүлж л таарах болов уу. Цахим наадам гэдэг хөшигний ард юм юм л далдлагдаад байна. Ард иргэд заавал ч үгүй наадамлана шүү гэж шахалт үзүүлээгүй. Гэтэл...
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин