Содон нэр дэвшигчид
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны кампанит ажил өчигдөр эхэллээ. Түүнтэй хамт энэхүү сонгуульд нэр дэвшигчдийн нэрс эцсийн байдлаар тодорлоо. Нийт 606 нэр дэвшигчийн нэр тодорсоны дунд 121 бие даагч байна. Бусад нь нам эвслээс нэр дэвшигчид юм.
Олноо Ганбууш гэгддэг Н.Ган-Од Сонгинохайрхан дүүрэгт буюу 28 дугаар тойрогт “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас нэр дэвшсэнээ зарлав. Түүнтэй хамт тус намаас уг тойрогт тэмцэгч Ч.Мөнхбаяр нэр дэвшжээ. Тэгвэл сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Аудитад хүргүүлснээс хойш шуугиулсан содон нэр дэвшигчдийн ихэнх нь нэр дэвшжээ.
“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Хөвсгөл аймаг буюу 17 дугаар тойрогт нэр дэвшсэн ч гадаадад байна. Л.Гүндалай бол анх 2000 онд бие дааж нэр дэвшээд Хөвсгөлөөс УИХ-д сонгогдож, дараа нь АН-аас болон Ард түмний нам одоогийн намаа байгуулж нэр дэвшиж явсан нэгэн билээ.
Улстөрд орж ирэхдээ дөрөөлсөн МАН-аасаа хасагдаж, бие дааж сонгуульд нэр дэвшсэн Н.Номтойбаяр хорих 461-р ангид хоригдож байгаа бол түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг аав Н.Нямтайшир нь өчигдөр СЕХ-ноос авсан. 30 гэр бүлийн нэг гэгддэг Н.Номтойбаяр ийнхүү шоронгоос Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшээд байна.
Намаасаа хасагдсан Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 20 дугаар тойрог буюу Эрдэнэтэд бие даан нэр дэвшээд байна. Уг нь АН бие даах гэсэн намынхнаа буцаан намдаа авч нэр дэвшүүлсэн ч Н.Алтанхуяг очоогүй билээ.
“Чөлөөт Ахмадын холбоо”-ны Г.Баасан, МҮОНТ-ийн хөтлөгч Г.Чоглоонамжил нар Багануур, Налайх, Багахангайн 21-р тойрогт бие даан нэр дэвшээд байна.
Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт 1990-2000 оны үед хөлөөрөө таталбар зураг зурахын сацуу усан дор уран бүтээл туурвиж “гоц авьяастан” хэмээн олонд танигдсан зураач, “Өүлэн” хэмээх Л.Өнөрчимэг “Хөгжлийн хөтөлбөр” намаас, “Их Эв” намаас З.Бат-Отгон хэмээх бас нэг “алдартан”, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Чулуунцэцэг, орон тооны зөвлөх Ц.Хулан, М.Ичинноров нар бие даан нэр дэвшээд байгаа нь сонирхолтой.
Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн зарлаж олонд танигдсан М.Чингисхаан, нүүр номоор “сонирхолтой” асуудлууд хөнддөг Ц.Буянцогтоо нар бие даасан бол “Босоо хөх Монгол”-ын П.Шинжээравдан “Та бидний эвсэл”-ээс, МНН-ын дарга тэмцэгч О.Бум-Ялагч намаасаа нэр дэвшлээ.
Баянгол дүүрэг буюу 26 дугаар тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс эдийн засагч Н.Дашзэвэг, бие дааж дуучин М.Нара нэр дэвшлээ. Н.Дашзэвэг гуайн хувьд анх МСДН-аас дараа нь МАХН-д элсээд, буцаж гараад бие даагаад одоо энэ намаас нэр дэвшиж байгаа нь энэ. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт ШИНЭ эвслээс Хадгаламж зээлийн хоршооны тэмцэгч Х.Оюунцэцэг нэр дэвшээд байна.
Г.Самбаа
Эх сурвалж: gereg.mn