Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 18000 гаруй энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар 1100 гаруй цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Манай улсын хувьд Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг 2005 оноос тэмдэглэх болсон бөгөөд дэлхийн түүхэнд анх 1948 онд Араб Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй нийт Цэнхэр дуулгатан та бүхэндээ “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн гал халуун мэндийг хүргэе.