Зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монголын тэнгэр дор нөхөрлөв

Зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монголын тэнгэр дор нөхөрлөв
Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өчигдөр боллоо.
Энхийг дэмжих ажиллагааны энэхүү олон улсын сургууль анх 2003 онд АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан хээрийн сургуулиар гараагаа эхлүүлж байв.
Ийнхүү өнгөрсөн 16 жилийн хугацаанд 53 орны нийт 16 мянга гаруй цэргийн алба хаагч хамруулсан бүс нутгийн томоохон сургууль болон өргөжөөд байна. Энэ жилийн хувьд Израил, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг орон анх удаа ажиглагч, сургагч багш оролцогчийн хувиар оролцов. Израил улс өөрсдийн зардлаар оролцсон нь тус сургуулийн ач холбогдол ямар өргөн цар хүрээнд болж буйг харуулж байна.
Хаалтын ажиллагаанд урилгаар АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Марк Свейн оролцсон бөгөөд тэрээр “Тавантолгойн энэхүү сургалтын төв нь Монгол-АНУ-ын хооронд тогтоосон хамтын ажиллагаа харилцааг илэрхийлээд зогсохгүй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг тод харуулж байна. Бид та бүхний гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна. Энэ сургуульд хамрагдсан бүх хүмүүст та бүхэн дэлхийн тавцанд хөл тавьж улс эх орныхоо даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэх үйл хэрэгтээ шилдэг байхаар нэгэнт энд иржээ. Та бүхэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн мандатыг хамгаалж, сахиулснаар энх тайван аюулгүй байдлыг дэлхий нийтэд авчрах болно. Та бүхнийг ажиллагааны үүрэг мандатаа ойлгож бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгээрэй” гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцсон олон улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг уриаллаа. 
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Энэ жил “Хааны эрэлд” сургуульд Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдова, Руанда, Того, Израил, Йорданы Хашимитын хаант улс анх удаагаа оролцож байна. Зарим орон нэг салаа цэрэг, зарим улс ажиглагчийн хэмжээнд оролцсон. Харин бусад орноос эмнэлэг, тэсрэх дэлбэрэх бодистой ажиллах баг зэрэг цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнээ илгээжээ" хэмээн онцлов.
"Хааны эрэлд-2019" Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн удирдагч, хурандаа Ч.Цогтжаргал, “Уламжлал болон цар хүрээгээ улам тэлсээр байгаа энэхүү олон улсын цэргийн сургууль энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд үнэлж барамгүй үр өгөөжөө өгсөөр ирсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний нэг салаа оролцсон бөгөөд энэхүү салаа нь 9 дүгээр сард Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх мотобуудлагын 9 дүгээр батальоны алба хаагчид оролцлоо. Тэдний хувьд ч, мөн энэ сургуульд оролцсоноор ихээхэн мэдлэг, дадлага, ур чадварыг эзэмшсэн нь лавтай" гэв.Олон улсын бэлтгэл сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалтад зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монгол орны тэнгэр доор нөхөрлөснийг албаныхан тодотгож байв.
Хаалтын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, гадаад орноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага гадаад дотоодын хүндэт зочид, цэргийн атташе нар, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Ж.Болор
скачать dle 12.0