Аюулгүйн зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх аймаар сүртэй албан тушаалтай болов
ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дахин нэг сонгуульт ажилтай боллоо. Төрийн ордонд өчигдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар их хурал гэгч болж, У.Хүрэлсүхийг тэргүүнээрээ сонгожээ. Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн удирдлагууд, онцгой байдал, цагдаагийн тэтгэвэрт гарсан генерал, хурандаа нар, офицерууд гээд энэ холбоонд мянга орчим хүн элссэн гэх мэдээлэл бий. Тэднийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ерөнхийд нь нэгтгэн, удирдахаар болж буй юм. Нөгөө талаар энэ нь У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан бус Ерөнхий командлагч болж байгаатай агаар нэгэн үзэгдэл байв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хурандаа цолтой, энэ салбарт элэгтэй нэгэн гэдгийг мэднэ л дээ. Тэр цэргийн сургуулийг нь ч төгссөн. Хааяа тэр хэн нэгэнд гар хүрчихээд цэрэг зангаа гаргалаа гэж ярих нь ч бий. Харин Монголын Зэвсэгт хүчинд Ерөнхий сайдын хувиар ТББ байгуулж, тэргүүнээр нь сонгогдоно гэж ёстой л санасангүй. Үүнийг эрүүл үзэгдэл үү, үгүй юу гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх л байх. Харин өчигдрийн хувьд олон нийт нэлээд гайхаж хүлээн авсан. Монголын Зэвсэгт хүчин бол тусгай алба. Өөрийн гэсэн хуультай, үүрэгтэй. Тэд хэн нэгэн улстөрч биш, ард түмэн, улс орны эрх ашгийн төлөө зүтгэнэ хэмээн тангараг өргөдөг. Харин улстөрчид энэ салбарыг албан болон албан бусаар “гартаа оруулж” эхэлсэн нь энгийн нэгэн үйл явдал ч биш л дээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулсан төрийн бус байгууллага нь Монголын Зэвсэгт хүчний 27 байгууллагыг нэгтгэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэх, Үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах гэнэ. Мөн холбоо их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байж, орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Түүнчлэн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхийн саналаар татан буулгах боломжтой гэлээ. Ийнхүү ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх аймаар сүртэй албан тушаалтай болов. Тэр Монгол цэргийн нэгдсэн холбоог удирдана.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин