Хар багаас нь харь хэл заах “эсэргүү”

Хар багаас нь харь хэл заах “эсэргүү”
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан биширч
Сод их билигт юүгээн бишрэн магтаму, би... хэмээн эхлэх, их хүмүүн Б.Ринчений “Монгол хэл” шүлгийг мэддэггүй, сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Эх хэлнийхээ хөгжим мэт яруу тансагийг магтсан, үлэмж салаа утгыг үр хойчдоо өвлүүлэх, залгамжлуулан дэлгэрүүлэх, хайрлан дээдлэхийг уриалсан энэхүү шүлгийн философи өнөө цагт алдагдахад хүрсэн нь юутай харамсалтай. Товчхон хэлэхэд, эх хэлээ үгүйсгэж, харь соёлыг хэт шүтэх үзэл, хандлага ялангуяа залуусын дунд амь бөх орших болов.
Эцэг, эхчүүд хүртэл хүүхдүүддээ “Гадаад хэл сурахгүй л бол орчин цагт хоолоо олж идэж чадахгүй, хаана ч ажилд авахгүй” гэх мэтээр үлгэрлэж байгаа нь юун үр хойчдоо төрөлх хэлээ өвлүүлэх. Боловсролын системд нь ч ялгаагүй, хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь гадаад хэл заахыг зөвшөөрч байгаа нь Үндсэн хуулиа үгүйсгэсэн үзэл, хандлага гэдгийг судлаачид шүүмжилж байна.
Монголчууд XXI зууныг мэдээлэл, технологийн эрин гэж ярьж, бичих дуртай ч мөн чанарыг нь хараахан таниагүй, заримынх нь эзэмшсэн мэргэжил, боловсрол шинэ цагийн хэрэгцээг нь хангаж чаддаггүйг ч ойлгодоггүй. Мэдээж даяарчлалын энэ зуунд бидэнд харь хэл сурах зайлшгүй шаардлага бий. Үүнийг амь, амьдрал гэж ойлгохоос илүүтэй хэрэгцээ гэдэг талаас нь харвал зохилтойг манай эрдэмтэн, мэргэд олонтоо сургадаг. Төрийн шагналт, Ардын уран зохиолч, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв агсан нэгэнтээ “Даяарчлал бол дэлхийг эзлэх бодлого. Хөгжлийнхөө хурдаар нэгнийгээ “залгих” том гүрнүүдийн хуйвалдаан. Өөрөөр хэлбэл, даяарчлалын гүн утга нь том гүрнүүд нийлж, жижиг улсыг өөртөө уусгах. Ингэхдээ хүчээр бус, хэл, соёл, урлагаараа эзлэхийг хэлээд байгаа юм. Залуусыг хүчээр монгол дээл өмс гээгүй. Даяаршихаас өөр аргагүй зүйл гэвэл энэ. Гэхдээ дангаарших гэдэг тусдаа ойлголт. Монгол дэлхийд дангаарших олон зүйлтэй. Тэдний нэг нь хэл” хэмээсэн байдаг.
Монгол хэлэнд хар гэдэг үг 95, цагаан нь 80 гаруй хувилбар, ялгаатай утгатай байдаг нь ямар баялаг болохыг нь илтгэх биз ээ. Эх хэлээ бүрэн дүүрэн ойлгож, ашиглаж чадахгүй бол мянга харь соёлыг шүтээд наад зах нь зохион бүтээх чадвар муу, үг мохоо болдог гэдэг. Дээр хэлсэнчлэн гадаад хэл битгий сур, монголоо шүт гэсэнгүй. Гол нь үүнд нийтээрээ ухаалаг, утга учиртай хандахгүй бол эдүгээ цагт монгол хэлний үнэ цэн үгүй болж, зөв, сайхан бичиж чаддаг нь ч цөөрч. Хоёр, гуравхан настайдаа гадаад хэл сурсан хүүхэд ирээдүйд үр, ачдаа юу гэж сургах вэ. “Эх хэлээ эрхэмлэ, сур, залгамжлуул” гэж хэлж чадах болов уу.
Боловсрол судлаач, гадаад хэлний багш Т.Тансагчимэг “Хүүхдийн хүмүүжил эхийн хэвлийд бүрэлдэхээс эхэлдэг гэдэг. Ээжүүд энэ цагаас л хүүхэдтэйгээ далд ухамсраараа холбогдож, маш сайн ярилцаж байх ёстой. Ингэсэн хүүхдүүд амьдрал дээр илүү ухаалаг, илэн далангүй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болдгийг илтгэсэн олон судалгаа байдаг. Харамсалтай нь, өнөөгийн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэвлийд байхаас нь ярилцах битгий хэл төрснийх нь дараа ч дэлгэцтэй л голдуу нөхөрлүүлж байна. Үүний уршгаар хүүхэд, багачууд эх хэлээрээ бүрэн гүйцэд, бүтэн өгүүлбэрээр ярьж чадахаа больсон. Асуултад ганц, нэг үгээр хариулах, эсвэл дэл сул үг хавчуулах, өмнө нь хэлснээ олон давтах, харь хэл, хараалын үгийг өргөн хэрэглэж байгааг тоохгүй өнгөрч болохгүй. Би өөрөө англи, орос, хятад, монгол хэл заадаг. Гадаад хэл хүнд хэрэгтэй юү гэвэл тийм. Бүр маш их. Гэхдээ эх хэлээ бүрэн төгс эзэмшээгүй байхад нь буюу хүүхдийг хэт багаас нь гадаад хэл заах буруу. Би 20-иод жил гадаад хэлийг бүх насныханд шахам заажээ. Мэдээж эцэг, эхчүүд, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцүүлж, тэдний хүсэлтийг биелүүлэх нь миний үүрэг. Харин судлаачийн зүгээс харвал гурав, дөрөвхөн настай хүүхдүүдэд харь хэл заах нь тийм ч оновчтой биш учраас аль болох зайлсхийдэг. Хэлээр дамжуулж тухайн улс орны ёс заншил, шүтлэг, соёл, урлаг гээд бүгдийг мэдэж, судалдаг учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Монгол хэлийг дэлхийн энэ олон хэлний өвөг эцэг гэж нэрлэж, судалсан нь олонтоо” гэж ярив.
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Монголчууд эдүгээ цэвэр монгол цусны талаар их ярьж, бичих болж. Яг үнэндээ монгол цус бусдаас өөр биш. Өөрөөр хэлбэл, монгол, хятад, орос цус гэж тусдаа байдаггүй. Тухайн үндэстний бусдаас ялгарах, оршин тогтнох, тусгаар байх зүйл нь ердөө оюун санаа, хэл, ёс заншил. Эцэг, эх нь цэвэр халх байлаа ч хүүхдүүд нь эх хэлээрээ ярьж, бичиж чадахгүй бол монгол хүн гэхэд бэрх. Тиймээс л бид эх хэлээ нандигнаж, болгоомжтой хандах ёстой. Хэрэв монголчууд хэлээ алдвал соёл нь мөхнө. Соёлгүй болбол үүх түүх гэж хэчнээн яриад ч нэмэргүй” гэсэн удаатай.
Эрдэмтэн, зохиолчид, эх хэлээ дээдлэгсэд гадаад хэлийг хэт шүтэх үзлийг бодлогын хэмжээнд дэвэргэж байгааг угтаа мунхаглал гэж үзэж буй. Нөгөөтээгүүр, харь хэлийг хүн болгон сурах шаардлагагүй гэсэн нь бүгд орчуулагч мэргэжилтэй болохгүйг илтгэсэн хэрэг. Тодруулбал, монгол хэлнээс өөрийг сурахгүй л бол гэгээрэхгүй, сайхан амьдарч чадахгүй, ямар нэгэн албан тушаалд томилогдох нь хаалттай гэсэн олон нийтийн туйлшралыг өөрчлөх цаг болсон аж. Эцэст нь энэ нийгэмд “гадагшаа” сэтгэлтэй бие хүн бэлдэж байгааг шүүмжилсэн. Монголчууд эх орноосоо “дайжих” болсон нэг шалтгаан энэ гэдэгтэй ч санал нийлэх судлаач ч олон байна.
Олон улсын жишгийг харахад хэл, соёлоо хамгаалах тухай хуультай 100 орчим тусгаар гүрэн, мөн тооны муж улс байна. Тэдний нэг нь бид. Гэхдээ олон улсад гадаад хэлийг ихэвчлэн дунд ангиас нь заадаг юм билээ. Төрөлх хэл шигээ сайн сурахын тулд мэдээж нас чухал гэдгийг дэлхийн судлаачид тодорхойлжээ. Хүн бүрт 18 нас хүртэл гадаад хэл сурах чадвар хангалттай сайн байдаг тул яарах хэрэггүйг ч сануулсан байна. Харин манайд ялангуяа мөнгөтэй нь хувьдаа цэцэрлэг, сургууль байгуулж, хоёр, гурван наснаас нь голдуу англи хэл заана гэж “гурилддаг”. Олонхын ярьдгаар монгол ч үгүй, англи ч үгүй болгочихдог. Үүнийг нь бодлого боловсруулагчид юман чинээ тоодоггүй, тусгай зөвшөөрлийг баруун солгойгүй цацдаг. Их, дээд сургууль төгсөгчид эх хэлээрээ албан бичиг ч алдаагүй хөтөлчихөж чадахгүй байгааг ажил олгогчид шүүмжилдэг нь ч үүнтэй холбоотой. Тиймээс өмчийн хэлбэрээс үл хамаарч гадаад хэлийг ядаж дунд ангиас нь зааж, бодлогын түвшинд зохицуулах шаардлага тулгарчээ.
Монгол хэлний тухай хуульд заасан иргэн бүр эх хэлээрээ боловсрол эзэмших, цаашлаад хэм хэмжээг нь баримтлах, дагаж мөрдөх ойлголт үгүй болж. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, загварчилсан дүрэм, журмыг мөрдүүлэх заалт нь ч хэрэгждэггүй. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийнхний монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг орхигдсон зэрэг шат шатны байгууллагын алдаа, завхрал эдүгээ харь хэл, соёлыг шүтэх наад захын шалтгаан болсныг учир мэдэх олон хүн шүүмжилснийг эцэст нь тэмдэглэе. 

О.Бат-Ундрах
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0