“Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц, залуус аа

Санал өгч болохоор шинэ сонголтууд олон боллоо. Саналаа өгөх залуус минь хаана байна. Хонконгт залуус нь сонгуулийн эрхийнхээ төлөө яаж тэмцлээ. Заримд нь сонгох эрхээ олж авах хэцүү байхад Монголын залууст тийм асуудал алга. Өмнө нь энэ муусайн хөгшчүүл, өнөө л хэд үү хэмээх тайлбараар санал өгөхөөс хойш суудаг байсан бол одоо тийм юм алга. Бүх боломж байна. Бусдад сонголтоо булаалгаж халаглаж суух цаг биш ээ. Хэрэв саналаа өгч үүргээ биелүүлээгүй бол дараа нь хариу нэхэж гоншигнох хэрэггүй. Төр засаг ийм байна, тийм байна гэж бүү яриарай. Энэ чиний эс үйлдлийн үр дүн байх болно. Сонгууль өгөөгүй “сайн” иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” гэсэн нэрт зохиолчийн үг бий.
Бие даагчид нэр дэвшигчдээ голж байгаа бол энэ удаа сонголт арвин байна. “Бүү давар” гэсэн лоозон барьж, ямаа хөтөлсөн залуус баг зүүж, цагаан нөмрөгтэй залуус эсэргүүцлээ илэрхийлж жагсаж байна. Залуусыг дэмждэггүй ямаа дэмждэг төр засгаа тэд шүүмжилж байна. Энэ улс төрчдийн ийм ийм үйлдүүдийг “Битгий давар” гэж тэд хэлж байна. Хэрэв одоогийн эрх баригчдыг давраад байна гэж үзэж байгаа бол сонгуульдаа идэвхтэй оролц. “Ятгах тусам нягтал” гэгчээр нэр дэвшигчийг сайтар нягтал. Гоё үг хэлж, том амласан болгон мундаг байдаггүй. Тэдний нэг удаагийн гоё үг, амлалтад, сайтар нягтлалгүй сонговол мөн л харамсах болно. Сонгож гаргаад дөрвөн жил зүхдэг. Маш цөөн хувийн оролцоотой байхаар хүсээгүй улстөрч чинь ялдаг.
“Бүү давар” хэмээн залуус жагсахад бүү эсэргүүц, бүү шүүмжил. Ихэнх нь ямаа хөтөлснийг нь шүүмжилсээр тэдний өгөх гэсэн мессэжийг ухсангүй. Залуусын дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн сонгуулиар юу ч бодолгүй саналаа өгсөн гэсэн нь 17хувь байх юм. Ямар харамсмаар юм бэ. Өөрсдөө оролцоогүй, өвөө эмээд найдаад ач холбогдол өгдөггүй. Тэгээд тэдний сонгосон хуучны хоцрогдсон нөхдийг бүтэн дөрвөн жил шүүмжилж зүхдэг. Одоо та бидний хүсээд байсан шинэ сонголтууд олноороо гарч ирлээ. Эрхээ эдэлж, үүргээ биелүүл, залуус аа. Мөн дээрх судалгаанд оролцсон залуусын 35 хувь нь завгүй байсан болохоор сонгуульд оролцоогүй гэсэн бол 23 хувь нь хэнд, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байсан гэж хариулжээ. 2016 оны сонгуульд 18-25 насны залуусын 50 хувь сонгуульд оролцож саналаа өгсөн гэж байх юм. Монголын сонгогчдын дийлэнх нь 18-45 насных. Японы Васеда их сургуулийн Улс төр судлалын докторант С.Болдсайхан судлагааны урьдчилсан дүнг ub.life сайт өчигдөрхөн танилцуулсан байна лээ.
Бид сонгуульдаа өөрсдөө ингэж идэвхтэй ордоггүй. Орсон ч хувиа бодсоноос алддаг. Танил минь юм, надад тус болж байсан юм, хэзээ нэгэн цагт тус болж магадгүй хүн, надад мөнгө өгсөн юм чинь гэх мэтээр маргаашийн ирээдүйгээ өнөөдрийн таван мянга, хорин мянгаар худалддаг сонгогчид бий.
Надад мөнгө өгсөн юм чинь ямар хамаатай юм өнөөдөр л болж байвал гэсэн сэтгэлгээнээсээ салах ёстой. Надад одоохондоо хохиролтой ч улс оронд хэрэгтэй хүн. Хожим нь зөв хүнээ сонговол үр хүүхэд улс оронд минь хэрэгтэй гэж ирээдүйгээ харж сонголтоо хийе. “Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц. Нөгөө л хэд дэвшиж гэж гомдох юм алга. Шинэ сонголтууд ярайж байна. Гагцхүү итгэлтэйгээр саналаа өгөхөд л болно.
Д.Мөнгөндалай
Эх сурвалж: Өдрийн сонин