Улстөрчдийн хэрхэн ажилласныг мах идэж үзэхийг хүссэн хүүхдүүд дүгнэчихлээ

Улстөрчдийн хэрхэн ажилласныг мах идэж үзэхийг хүссэн хүүхдүүд дүгнэчихлээ
“Дарам аа, өнөөдөр хүүхдийн мөнгө орно, гурил будаагаа аваарай. Надад дусаалга авчихаарай” гэхтэй зэрэгцэн эргэн харахад 3 хүүхэд дагуулж нэгийг тэвэрсэн залуухан эмэгтэй ярьж байв. Дагуулсан 3 нь 2-7 насных бөгөөд 10 орчим сартайг нь тэвэрсэн түүнийг хараад  “Үртэй хүн баян” гэдэг дээ гэж өөрийн эрхгүй бодсон.
Гэхдээ үр хүүхэдгүй дээ ингэж бодсон хэрэг биш л дээ. Хүүхдийн мөнгөө хүлээн амьдарч байгаа ч тэдэнд ирээдүй бий гэж бодсон хэрэг.
“Монел”-ын автобусанд суухдаа дөхөж очиж яриа өдөв. “Хүүхдийн мөнгө овоо цагтаа орж байна уу” гэхэд “Харин тийм. Ганц хүний цалингаар амьдрахад бэрх байна. Хүүхдийн мөнгө орчихоор жаахан ч гэсэн өл залгадаг юм...
“Нөхөртөө гурил будаа захиж байгаа юм уу” гэхэд “Тийм ээ, нөхрийн цалин  сардаа 500 мянга нэртэй ч шимтгэл энэ тэрээ өгөөд 400 мянга л ирдэг. Түүнээсээ цахилгааныхаа мөнгийг, утасныхаа төлбөр, автобусны мөнгийг нь тооцоод үлдсэнээр нь зургуулаа дараа сарын өнөөдрийг хүлээнэ... Барьц алдах үе их байна аа эгч минь. Зарим хүмүүс “Навсайчхаад яасан ч олон хүүхэд гаргасан юм” гэсэн аятай хардаг. Азаар хүүхдүүд маань эрүүл өсч байна. “Өвдвөл  шууд л үхнэ” гэсэнтэйгээ аль эрт эвлэрчихсэн яваа дүү нь” гэхдээ хоолой нь чичирхийлж байгааг  мэдрэв.
“Ийм хөөрхөн эрүүл хүүхдүүдийг тэгж бодож болохгүй ээ” гэхэд инээмсэглээд “Ядуу хүнд ноён олон гэдгийг үзэж л явна даа эгч минь” гээд “Дөрвөн хүүхдийнхээ мөнгөөр нөхрийнхөө цалинг буутал өл залгаж, өлөн зөлмөн явна. Хүүхдүүд “Мах идэж үзэх юмсан” гэдгийн. Аав нь  илүү юм битгий яриад, бодоод бай тэгэхлээр улам өлсөнө гэдэг. Харин би “идэж үзнэ ээ” л гэдэг. Дандаа ийм байхгүй байлгүй дээ. Улс орон өөдөө, сайхан болж, баян хоосны ялгаа арилж миний хүүхдүүд мах идэж үе ирж л таарна” гээд шүлсээ “гүд” хийтэл залгиж байгаа хөхүүл эхийг хараад  өр өвдлөө...
“Эдийн засаг жаахан тэсхийгээд л махгүйдээд байна уу” гэхэд “Бараг 2 жил мах идэж үзсэнгүй” Би төрөхдөө хажуугийн орныхоо хүүхний шөл, буузнаас идсээн, идсэн. Харин хүүхдүүд маань 2 жил мах идээгүй. Гэдэс дотор, жижиглэн, элэг уушги л иддэг.
Тэгэхэд баячууд ясаа ч мөлжилгүй хаядаг гэсэн. Уг нь зах дээрээс шулсан яс тор дүүрнийг аваад чанаад шөлөн дээр нь будаа хаяж, бантан хийгээд өгдөг байлаа. Шулсан яс олдохоо болиод удаж байна. Тэгэхлээр бидэн шиг амьдралтай улс олширч байна гэсэн үг. Урин дулаан цаг ирлээ бид хэд тэснээ, тийм ээ миний хүүхдүүд" гэж ярив.
Хүүхэд бүрт сар бүр 10 мянган төгрөг өгдөг. Тэгвэл тэр мөнгөөр өнөөдөр өл залгаж байгаа зуу зуун өрх айл бий. Цадталаа идэхийг, мах идэхийг хүссэн тэдэн шиг мянга мянган хүүхэд бий... Өнөөгийн улстөрчдийн эх орон ард түмнээ авч яваа байдал энэ. Юутай ч сонгуулийн өмнөх шоугаараа, түр ч атугай 100 мянган төгрөг хүүхэд бүрд өгч байхаар болов. Ядаж ганц хоёр хүүхэд ч болов хаврын хахир цагт мах иддэггүй юмаа гэхэд ясны шөл ч гэсэн ууг л дээ.
Баян нэг нь улстөрд гарах гэж нэг аархаж, баярхана. Гарсан хойноо бэл бэнчингээ уралдуулж нэг аархацгаана. Хөрөнгө мөнгө тааруу нь сонгуулийн өмнө зээлж, гувчуулж нэг аархана. Сонгогдсон хойноо зарлагадсанаа нөхөхийн төлөө улайрцгаана. Үе үеийн улстөрчдийн хэрхэн ажилласныг өнөөдөр мах идэж үзэхийг хүссэн хүүхдүүдийн амьдрал  дүгнэчихлээ. 

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0