Малчдаа 20 мянгаар дахин хошхируулчхаагүй байгаа

Малчдаа 20 мянгаар дахин хошхируулчхаагүй байгаа
“Улаан сайд гэж ёстой нэг улаан ландрам байна аа... Яасан их хүмүүсээр даажигнадаг нөхөр вэ. Үүгээр нэг үзэгдээсэй, ташуурын амт үзүүлэхийм хуна” гэж урд хормой дээрээ гишгэх шахам бөхийн явах эмээ хэлж сонстов.
Нуруу нь тэгшрэхээ байсан бололтой тэрээр ойр зуурын ажлаа амжуулахын зэрэгцээ багачуулаа ч бас удирдах аж. Гурван гэрээр хаваржиж байгаа тэдний гадаах цэнхэр амбаарт ноолуур нь байгаа гэнэ. Түүний хэлснээр бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд их гомдож байгаа юм байх. “Юмны учир мэдэх хүн байж болсон болоогүй юм гув, шув ярьж амьтны амьдрал үймүүлээд. Ээ, бас их нүгэлтэй хүн ээ” гэж ирээд л гомдоллох аж.
Тэдний амьдрал жилийн жилд хөдөө тал шигээ тайван, сайхан налгар үргэлжилдэг, ноос, ноолуураа өөрсдөө яваад тушаачихдаг. Мөнгөөрөө хэрэгцээтэй зүйлээ нэг мөсөн бөөндөөд авчхаар дараа жил ямаагаа самнах хүртлээ дутагдах гачигдах юмгүй аж төрдөг байж. Харин Ч.Улаан сайдын “Малчдаас 1 кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна” гэж хэлсэнд итгэж ноолуураа хав дарсан тул хэрэгцээт бараагаа ч авч чадахгүй, хаврын хахир цагт зутруухан байгаа гэнэ.
Итгэлтэй хүндээ гомдсон мэт гол нь гонсойж байхтай зэрэгцэн өнгөрөгч сарын “... малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын суурь үнэ дээр 1кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуул олгоно” гэсэн мэдээлэл сонсчээ.
“Өмнө нь 100 мянган төгрөгөөр ноолуурыг чинь авна гэж хулхидсан. Одоо тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгнө гэж хошхируулаагүй байгаа. Яая даа байз. Эмээлт дээр аваачаад өгчихдөг юм уу. Эсвэл Угтаалынхаа ченжүүдэд өгдөг юм уу. Хошхируулаагүй бол уг нь овоо л юм болох гээд байдаг” гэж горьдлого тээн сууна билээ. Уг нь Төв аймгийн Угтаал сумынханд нийслэлийн зүг салхи татуулж хөдлөөд Эмээлтэд өгчихөөд эргэх нь нэг их асуудал биш. Гэхдээ малчид ноолуураа Монголдоо үлдээчих санаатай байгаа юм шүү дээ, уг нь. Тэгтэл Буянгийн Жагаа авч чадахгүй хэрнээ бид нарыг “Хятадуудад өгдөг” гэж загнаад байгаа. Өөрөө авч чадахгүй байж” гэж үглэн сууна билээ. Үнэхээр кг тутамд нь 20 мянган төгрөгөөр урамшуулна гээд хошхируулчхаагүй байгаа...
Манай улсад жилдээ 10 мянган тонн ноолуур гардаг. Үүний 3000 тн-ыг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тн-ыг нь гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэний улмаас гадагшаа гаргадаг ноолуурын худалдан авагч, хөрөнгө оруулагч байхгүйгээс 7000 тн ноолуур үнэгүйдэж байгаа. Иймд ЗГ-аас яаралтай арга хэмжээ авч тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож, 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс гаргаж 200 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэнэ гэснээс харахад малчдаа дахин хошхируулчхаагүй байгаа. 

С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0