Доналд Трамп: Ким Жон Уны эрүүл мэнд хүнд нөхцөлд байгаа гэдэг нь худлаа, түүнд эрүүл энхийг хүсье
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрх судасны мэс засалд орсон болохыг баталсан бөгөөд түүний биеийн байдал муу байгаа гэх мэдээллийг няцаасан юм. Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр “Надад Ким Жон Уны эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл худлаа гэдгийг хэлсэн. Түүний бие муудсан гэдэг худал мэдээлэл байгаасай гэж найдаж байна. Бид маш сайн харилцаатай. Би зөвхөн мэдэж байгаа зүйлээ л хэлж чадна. Гэхдээ мэдээлэлд дурдсанчлан түүний бие муудсан бол үнэхээр ноцтой нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Түүнд эрүүл энхийг хүсье” гэсэн юм.
Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 15-нд өөрийн өвөө болох Хойд Солонгосын анхны их удирдагч Ким Ир Сений насны ойн баярт оролцоогүй юм. Үүний дараагаас ажиглагчид түүний эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар таамаг дэвшүүлэх болсон. Тухайлбал, өнгөрөгч даваа гаригт Өмнөд Солонгосын өдөр тутмын “NK” хэвлэлд анх удаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-нд Пхеньян дахь Хянсан эмнэлэгт зүрх судасны мэс засал хийлгэсэн бөгөөд эмнэлгийн ойролцоох амралтын газар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээ гарсан юм.
Харин мягмар гаригт АНУ-ын Тагнуулын байгууллага Ким Жон Ун зүрх судасны мэс засалд орсон болохыг баталсан. Албаны зарим эх сурвалж Ким Жон Ун мэс ажилбарын дараа хөдөлмөрийн чадваргүй болж болзошгүй гэх дүгнэлтийг дурдсан юм. АНУ-ын “NBC” телевиз тагнуулын мэдээнд түшиглэн “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөрүүтэй мэдээлэл очсон бололтой. Ким Жон Ун одоогоор туслахуудын хамтаар Хойд Солонгосын мужуудаар айлчилж байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн байдлын талаар хангалттай нотлох баримт илрүүлээгүй байна” гэж мэдээлжээ.
Ким Жон Ун нь 2009 онд дөрвөн одтой генерал болж Хойд Солонгосын ирээдүйн их удирдагчаар сонгогдсон. Түүний эцэг Ким Чен Ир 2011 онд 70 насандаа таалал төгссөний дараагаар тэрээр 28 насандаа Хойд Солонгосын их удирдагч болсон түүхтэй. Ким Жон Уны удирдлага доор Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө түргэсгэж, түүхэндээ анх удаа тив алгасагч баллистик пуужин туршсан юм.
Хэдий тэрээр АНУ-ын нутаг дэвсгэр болох Гуам арлын ойролцоох усан онгоц руу баллистик пуужин харвахаар сүрдүүлж байсан ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлэхээ албан бусаар илэрхийлж АНУ, БНХАУ, ОХУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нартай ээлж дараалан уулзаж, цөмийн хөтөлбөрөө эцэслэх асуудлыг эхлүүлээд байгаа билээ. Ким Жон Уны удирдсан Хойд Солонгос нь 2011 оноос хойш 100 гаруй удаа пуужингийн туршилт хийснээс дөрөв нь цөмийн зэвсгийн туршилтад хамаарч байсан юм. Ингэснээр Ким Жон Ун өөрийн өвөө болон аавынхаа засаглалын үед хэрэгжүүлснээс ч олон тооны пуужин туршсан бөгөөд Хойд Солонгос XXI зуунд цөмийн зэвсгийн туршилт хийсэн дэлхийн цорын ганц улс болсон юм.
О.Мөнхбат
Эх сурвалж: CNBC