КОВИД-19: “Эрх чөлөөт” америкчууд хөл хориог эсэргүүцэж эхэллээ
Шинэ төрлийн коронавирусний халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д бүх нийтийг хамарсан хөл хориог эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаалууд болж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп зарим мужид хөл хориог цуцлахыг шаардсаны дараа иргэд гудамж талбайд жагсаж эхэлсэн юм. Жагсагчид вирусээс айхгүй, харин эрх нь зөрчигдсөн талаар ярьж байлаа. Вашингтонд 50-иас олон хүн цуглахыг хориглосон байгаа ч 2.5 мянган хүн жагсаалд оролцлоо. Жагсаалыг зохион байгуулагчид амны хаалт зүүхийг уриалсан ч олон хүн огт тоосонгүй.
Хөдөө орон нутгаас маш олон хүн ирсэн. Тэд машинаар төв гудамжийг хааж, дохио дуугарган, эсэргүүцлээ илэрхийлж байв. Олон хүн буу зэвсэгтэй, мөн хүүхдээ дагуулсан байлаа. Бүгд найрамдах намын Роберт Сазерленд жагсаалд гар буутай ирж, загасчлалыг хориглох юм бол бослого гаргахыг уриаллаа. Денверт эмнэлгийн ажилтнууд хөл хориог эсэргүүцэгчдийн эсрэг сөрөг жагсаал хийсэн. Калифорнийн Сан-Диегод "Эрх чөлөөний ралли” зохион байгуулагдаж, 100 гаруй хүн оролцлоо. Тэд туг далбаа мандуулж, уриа хашхирч байв.
Жагсагчид үйлдвэр, сургууль, сүм хийд, наран шарлагын газар, цэцэрлэгт хүрээлэнг нээхийг шаардаж, коронавирус бол жирийн ханиад гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Калифорний Энсинитас хотод нутгийн иргэд гэрийн тусгаарлалтыг эсэргүүцэж, наран шарлагын газрыг нээхийг шаардлаа.
Техаст "Та нар Америкийг хааж чадахгүй” гэсэн зурагт хуудас барин, маскгүй жагссан. Мөн хүүхдээ дагуулж, тэврэлдэн, гар гараа барин жагсжээ. 46 настай Литрелл зургаан настай охиноо дагуулан ирсэн. Тэр "Би вирусээс айхгүй. Эргэн тойронд маш олон аюултай вирус үргэлж байдаг. Бид эрүүл байсаар ирсэн” гэж ярьж байв. Доналд Трамп эхлээд мужийн захиргаанд хөл хорио тогтоох эрх өгсөн ч харин одоо зарим мужид хорио тогтоохыг эсэргүүцэж эхлээд байна.
М.Сугар-Эрдэнэ
Эх сурвалж: Zindaa.mn