Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, санхүүгийн зарцуулалтаа танилцуулав
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсад коронавирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин Монгол Улсад КОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах стратегийг баримтлан ажиллаж байна. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг ганцаарчлан тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээ хийх, эмчлэх тактик нь үр дүнгээ өгч байна. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны байдлаар манай улсад зөөвөрлөн ирсэн 16 тохиолдол илэрч, 4 иргэнийг манай эмч нар амжилттай эмчлэн эдгээснийг онцлон тэмдэглэв.
Засгийн газрын нөөц сангийн 10,0 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажиллаж байна.
Үүнд 12 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, вирусийн эсрэг болон уушгины хатгалгаа өвчний эмчилгээнд шаардлагатай 6 нэрийн эм, вирусийн эсрэг, антибиотик, судсаар сэлбэх шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 21 нэрийн эм, хүчилтөрөгч эмчилгээнд шаардлагатай 5 нэрийн эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, аймаг, нийслэлийн нийт 38 эрүүл мэндийн байгууллагад хуваарилав. Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс 1200, ОХУ-аас 200, ДЭМБ-аас 3000 оношлуурыг авч, оношилгоонд хэрэглэж байна гэж байлаа.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 9 нэрийн төрлийн 572 тоног төхөөрөмж худалдан авч Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, Орхон, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Халхгол сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хуваарилан угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгээд байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр 2.2 сая доллар буюу 5.93 тэрбум төгрөгөөр суурин рентген аппарат 10 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг тус тус авч хуваариласан гэж байлаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 100 ортой эмнэлэг, Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгын гэрээг тус тус байгуулан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Анагаахын чиглэлээр сургалт явуулдаг 8 сургуулийн 6 дугаар курсын 1340 оюутан, 1824 дадлагажигч эмчийг сургаж бэлтгэн, халдвартын чиглэлээр бусад эмнэлэг рүү шилжүүлэн ажиллуулахаар лавлагаа төвүүдийн 159 эмч, 66 сувилагчийг тусгайлан бэлтгээд байна. Тусгаарлах байруудад лавлагаа төвийн нэг эмч ахлан, дадлагажигч эмч нарыг томилон ажиллуулж байгаа бөгөөд мөн 168 резидент эмч нарыг нийслэлийн автозамын хяналтын цэгүүдэд ажиллуулсан.ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран тархвар судлал, эмнэлзүй, халдварын хяналт сэргийлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулсныг Шадар сайд мэдээлэлдээ онцолсон.
Мөн КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13,745, цагдаагийн байгууллагын 920, Онцгой байдлын байгууллагын 530, Мэргэжлийн хяналтын байгууллагын 1,950, бусад төрийн захиргааны байгууллагын 1,200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18,648 хүн ажиллаж байгааг Ө.Энхтүвшин сайд онцлон тэмдэглээд халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гардан хариуцан хэрэгжүүлж буй ЭМЯ, ГХЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд ажилтнууддаа богиносгосон цагаар ажиллах, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, албан хаагчдыг хувийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, албан хаагчийн ар гэрт нь хүнсний тусламж үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий аудио болон видео хичээлүүдийг өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41.0 сая төгрөг олгоно гэж байлаа.
Өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа нийт 14 төрийн байгууллагын 1,133 албан хаагчид 500,000-1,000,000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631,900,000 сая төгрөгийг Улсын онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас олгоно. Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд хамаарна гэж Шадар сайд мэдээлэлдээ дурдав.
Түүнчлэн КОВИД-19 халдварт өвчний үед иргэдэд төрөөс үзүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, нийгмийн хамгааллын чиглэлээр өрхийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргаанд дэмжлэг үзүүлэх замаар хүүхдийн эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4, 5, 6 дугаар сард 30000 төгрөг болгох, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөх, төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажиллагсдад ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын турш сар бүр 200,000 төгрөг олгох арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлж байна гэж байлаа.
Шадар сайд мэдээлэлдээ, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6,259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4,367 хүнийг тусгаарласан байгааг Ө.Энхтүвшин сайд мэдээлэлдээ тэмдэглэхийн зэрэгцээ 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, 6 аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89, бусад 4413 байгааг онцолсон.
Мөн тэрбээр, Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна. Үүнд: АХБ-наас нийт 4.2 тэрбум төгрөг, Дэлхийн банк 6.0 тэрбум төгрөг, БНСУ-аас 4.5 тэрбум төгрөг, бусад олон улсын байгууллага 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлж, нэмэлтээр АХБ-ны зээл 81.9 тэрбум төгрөг, АХБ-ны тусламж 2.7 тэрбум төгрөг, Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна. Мөн төсвийн дэмжлэг болох ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд АХБ-наас 60.0 сая ам.доллар, Европын холбооны 47.1 сая ам.доллар орж ирэх бөгөөд шинээр төсвийн дэмжлэг болгож АХБ-наас 200.0 сая ам.доллар хүртэлх зээл, бусад олон улсын байгууллагаас 100 сая.ам долларын зээл шийдэгдэнэ. Түүнчлэн шинээр хэрэгжих 14 хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслийн эх үүсвэр нийт 720.0 сая ам.доллар байна.Эдгээр бүх санхүүжилт, хандивыг зориулалтын дагуу ашиглаж хуваарилалт хийнэ гэж байлаа.
Түүнчлэн КОВИД-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд Улсын онцгой комисст 2.9 тэрбум төгрөг, 469.8 сая төгрөгийн бараа, материал, нийт 3 тэрбум 381 сая төгрөгийнхандив, тусламжийг 305 аж ахуйн нэгж байгууллага, 28749 иргэнээс үзүүлсэн байна. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 320 сая төгрөгийн 5000 ширхэг амны хаалт /нэг удаагийн/, 5000 ширхэг амны хаалт/N95/, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, 5000 ширхэгоношлуурыг тус тус хүлээн авч, ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Мөн тус улсын иргэн Жак Ма-аас 500 мянган ширхэг амны хаалт /KN95/ хандивласныг хүлээн авсан. Хандив, тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материалыг хүлээн авах, хуваарилах, хяналт тавих үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журам”-аар зохицуулан ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдахын зэрэгцээ Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Зүрх тасагт аппарат худалдан авахад 240 сая төгрөг, уушиг орлуулах ECMO аппаратын иж бүрдэл тус тус худалдан авахад 450 сая, БХЯ-ны “Бөртэ” ТӨҮГ, ШШГЕГ-ын 407, 409 дүгээр анги, ХХЕГ-ын 0288 дугаар ангийн оёдлын үйлдвэрүүдээр амны хаалт оёулахаар байгуулсан гэрээний зардал 85 сая төгрөг, төрийн байгууллага болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжих, УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаанд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад 689.4 сая төгрөг төлөвлөөд байна гэж байлаа.
БНХАУ-аас ирүүлсэн хандив, тусламжийг хүлээн авах, тээвэрлэх болон УОК-ын шуурхай штаб, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, гар ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах зардалд 53.6 сая төгрөг, нийт 1 тэрбум 538 сая төгрөгийг зарцуулж, 1 тэрбум 372 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. КОВИД-19 халдварын цар тахлын голомт болон эрсдэлтэй нөхцөлд ажилласан эмч, эмнэлэгийн ажилчид, төрийн байгууллагын албан хаагчдад олгох урамшуулалд 631.9 сая төгрөг, БНХАУ-ын Засгийн газраас дахин өгч буй хандивын бараа, материалыг хүлээн авахад 5,5 сая төгрөг, нийт 637,4 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн амны хаалт, бээлий, эмнэлгийн ор, халдвар хамгааллын хувцас, цэвэрлэгээний материал, шатахууны талон, гар утасны ярианы нэгж, интернет дата эрх, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн гэх мэт 18 нэр төрлийн бараа, материалыг Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу тусгаарлан ажиглах байрууд, УОК-ийн Шуурхай штаб болон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад олгосон гэдгийг Ө.Энхтүвшин сайд мэдээлэлдээ тэмдэглэв.
КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжихээр аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс Эрүүл мэндийн яаманд 709,6 сая төгрөг мөнгөн хэлбэрээр, 651,4 сая төгрөгийн эд, материалын хандив цугларсныг Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/193 дугаар тушаалаар эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, илүү цагийн хөлс, шатахууны зардалд харъяа эмнэлгүүдэд хуваарилан зарцуулсан. Аймаг, нийслэлийн Онцгой комисст Олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 2,3 тэрбум төгрөг, ЦЕГ, МХЕГ-т ахуйн нэгж байгууллага, иргэдээс 80,1 сая төгрөгийн хандив, тусламж ирүүлсэн бөгөөд тухайн аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарцуулсан гэдгийг Шадар сайд мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн тэрбээр, УИХ-ын 2020 оны 04-р сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн КОВИД-19 халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталсныг мэдээлэлдээ онцлоод хөтөлбөр батлагдсанаар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг дэмжлэг багтаж байгааг дурдсан.
Шадар сайд мэдээллийнхээ төгсгөлд, хөл хөдөлгөөн ихсэхийг КОВИД-19 халдварын цар тахал огт анддаггүй нь дэлхийн улсуудын сургамжаас харагдаж байгааг онцлоод манай ахмадууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн нэгж, албан газрын удирдлагууд, орон нутгийн төр захиргааны шат шатны байгууллагуудын эрх баригчид атгасан гар шиг эв нэгдэлтэйгээр “Дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэй”, “Маскаа зүүцгээе” аянд нэгдэн, идэвхтэй ажиллахыг олон түмнийг дагуулах хүчирхэг хэрэгсэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сурвалжлагч нарт уриалж байх, эмх цэгц, дэг журам хариуцлагыг сануулах талуудыг буулгаж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон анхааруулав.
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь, О.Баасанхүү нар асуулт асуулаа. Гишүүдийн зүгээс гадаадад байгаа монгол иргэдийг яаралтай татан авах арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байгааг тодруулахын зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл ялангуяа амьсгалын аппаратын хүрэлцээ хэр байгааг лавлалаа. Мөн 12 дугаар ангийн хүүхдүүдийн элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирснийг онцлоод тэдний давтлага, сургалтын асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулж байлаа.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хариултдаа, Одоогоор 6000 гаруй иргэн нутагтаа ирэх хүсэлтээ ирүүлээд байна. Улсын онцгой комисс гадаадын иргэн авчрахгүй зөвхөн монгол иргэдээ авчрах байр суурь хэвээр байгааг тодотгоод нэн түрүүнд эмчилгээнд явсан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхэд, транзит нислэгээр ирсэн иргэдийг татан авахаар шийдвэрлэсэн. Учир нь 250 хүний суудалтай хоёр онгоцоор тээвэрлэлт хийж байгаагаас гадна нисэх багийн нөөц боломжид тулгуурлан нислэгийг ойрхон хийх боломжгүй байна гэж байлаа. Түүнчлэн Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байгааг тэмдэглээд гадаадад байгаа иргэдээ хэрхэн дэмжиж туслах талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөж байна гэж байлаа.
Зүрх судас, чихрийн шижин, хавдар, хүүхдийн эмний нөөц бүрдүүлэх шаардлагатай байна. Дэлхий нийтэд эмийн хомсдол үүсч байгаа тул эм ханган нийлүүлэх байгууллагууд эрүүл мэндийн салбартайгаа маш сайн хамтарч ажиллаж байна гэж Ажлын хэсгийн зүгээс хариулсан. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, тус салбарт 475 амьсгалын аппарат байгааг онцлоод эхний ээлжинд 40, дараа нь Дэлхийн банкны шугамаар 72-ыг нэмж авсан. Удахгүй хөдлөгөөнт ор, амьсгалын аппарат, хяналтын мониторинг, 4-5 ширхэг тариурын болон дуслын шахуургатай гээд иж бүрэн 500 ширхэг эрчимт эмчилгээний орыг авахаар өчигдөр Сангийн сайд, Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй 26,9 сая ам, долларын гэрээнд гарын үсэг зурсан. Эрчимт эмчилгээнийхээ чадамжийг хоёр дахин нэмэгдүүлж, нэн шаардлагатай нийт амьсгалын аппаратны тоо 1000 гаруй болж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг хариултдаа, Энэ жилийн хувьд 28 мянган хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. Эдгээр хүүхдүүдийг 05 дугаар сарын 01-ээс эхлэн танхимын сургалтад хамруулах эсэх талаар судалгаа хийж байна. Цахимаар элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн эсэх, танхимын сургалт явуулах шаардлага байгаа талаар асуулга явуулахад одоогийн байдлаар асуулгад оролцсон 2000 эцэг эхийн 80 гаруй хувь нь танхимын сургалтаар давтлага авахыг дэмжсэн бол 12 дугаар ангийн 3000 хүүхдийн 85 хувь нь танхимаар давтлага авахыг дэмжсэн. Давтлага өгөхөөр бол Улсын Онцгой комисс, ДЭМБ-ын шаардлагын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрсний дагуу зохион байгуулахаар судалж байна гэж байлаа.