ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн тахлын эсрэг авах арга хэмжээнүүдээ танилцуулжээ
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн тахалд нэрвэгдсэн иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих багц арга хэмжээг танилцуулжээ.
Хамгийн эхэнд хэрэгжих арга хэмжээ нь дараа долоо хоногт Орос орон даяар иргэд нэг долоо хоногийн хугацаатай амрахаар болсон байна. Ингэхдээ цалингаа бүтэн ажилласнаар авах ажээ. Энэ нь коронавирусийн тархалтыг удаашруулахад чиглэсэн арга хэмжээ юм байна.
Мөн дөрөвдүгээр сарын 22-нд товлогдсон байсан үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар зохион байгуулах бүх нийтийн санал асуулгыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тахлын явцыг ажигласны дараа мэргэжилтнүүдийн дүгнэлт дээр үндэслэн санал асуулгын шинэ товыг зарлах гэнэ.
Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-аас бусад бүх татварын төлөлтийг зургаан сараар хойшлуулах санал гаргаж байгаагаа Путин мэдэгджээ.
Эсрэгээрээ баян чинээлэг иргэд болон том компаниудаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал тодорхой босгоос дээш хэмжээний мөнгийг банканд хадгалсан, хувьцаанд хөрөнгө оруулсан иргэдээс татвар авахаар болжээ. Өмнө нь ийм үйл ажиллагаанд ямар нэг татвар ноогдуулдаггүй байв.
Мөн гадаадын компаниуд, эздийн Орос дахь бизнесээсээ авах ноогдол ашигт оноох татварын хэмжээг одоогийн 2 хувиас 13 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
ОХУ-ын хувьд шинэ коронавирусийн тахалд харьцангуй бага нэрвэгдсэнд тооцогдож байгаа. Сүүлийн байдлаар тус улсад халдварын 658 тохиолдол бүртгэгдээд байна. Гэвч тархалт эрчимжих төлөвтэй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм. Тухайлбал сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д халдварын 163 тохиолдол илэрсэн нь цаашид огцом нэмэгдэх аюултайг харуулж байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Russia Today