Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ

Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн бар коронавирусийн халдвар авчээ
Нью Йоркийн Бронкс амьтны хүрээлэнгийн бар шинэ коронавирусийн халдвар авсныг албаныхан Ням гарагт мэдэгджээ. Энэ бол зөвхөн АНУ-д биш, дэлхийн дахинд бар халдвар авсан анхны тохиолдол гэнэ. Надя нэртэй, дөрвөн настай эмэгчин барнаас ханиадны шинж тэмдэг илэрсэн тул оношлоход коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тухай Wildlife Conservation Society байгууллага мэдээлжээ. Надягаас гадна нийт зургаан бар, арслангаас халдварын шинж илэрч байгаа гэнэ.
Тэдгээр амьтдад амьтны хүрээлэнгийн ажилтан халдвар тараасан гэж үзэж байгаагаа АНУ-ын хөдөө аж ахуйн яам мэдэгдсэн байна. Бронкс амьтны хүрээлэн гуравдугаар сарын 16-наас хойш хаалттай байгаа юм. Шинэ коронавирусийн халдвар нь хүнээс хүнд дамжиж байгаа. Харин амьтанд халдсан цөөн тохиолдол бүртгэгдсэн юм.
Жишээ нь Хонг Конгт өнгөрсөн сард гэрийн тэжээвэр нохой халдвар авсан нэг тохиолдол бүртгэгдэж байв. Хонг Конгийн мэргэжилтнүүд муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтад эзнээсээ вирусийн халдвар авах боломжтой, харин амьтнаас хүнд дамжих боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Р.Төмөр
Эх сурвалж: AFP
скачать dle 12.0