Түрээсийн бизнес эрхлэгчид ээ, төлбөрөө ганц сар хөнгөлчих
Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэйгээр Монгол Улс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л боломжит арга хэмжээг авч байна. Цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулиудаас эхлээд кино театр, үйлчилгээний төвүүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон. Үндсэндээ хоёр, гуравдугаар сард аж ахуйн нэгжүүд хаагдаж, хэцүүхэн байдалд орлоо. Иргэдэд хөл хорио тогтоож, цагаан сар, цаашлаад бусад баяруудыг ч тэмдэглэхгүй байхаар шийдсэн нь худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд ч хүнд биш юм аа гэхэд цохилт өгсөөр байна.
Баяр болохгүй болохоор хүмүүс худалдан авалт хийхгүй, үйлчилгээний байгууллагуудаар ч үйлчлүүлэх нь багассан. Оюутнууд амраад, сурагчид гэртээ байгаа болохоор зоогийн газруудын ч орлого эрс буурч байгаа. Захаар явж, хувцас хунар худалдаж авах хүний тоо ч буурч байгаа нь ойлгомжтой. Өчигдөр хороолол хавиар явж, багахан ажиглалт хийлээ. "Ачлал" их дэлгүүрээр ороход бараа, бүтээгдэхүүн сонирхож, авч байгаа хүн тун цөөн. Компьютер тоглоомын худалдаа хийдэг лангууны худалдагч л хамгийн их ачаалалтай ажиллаж байна. Сурагчид гэртээ амарч байгаатай холбоотой компьютер тоглоомын эрэлт нэмэгдсэн гэнэ. Бусад худалдаачдын хувьд хэцүү л байх шиг харагдана билээ.
Монголбанкнаас хоёрдугаар сарын статистик мэдээллийг гаргасан. Мэдээллээс харахад, хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 12.4, чанаргүй зээл өмнөх сараас 0.6 хувиар тус тус өссөн байна. Энэ тоо баримтыг харахад, байдал ямар байгааг илтгэж байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа түрээслэгчид бүгд ганцхан сар түрээсийн төлбөрөө бууруулбал яасан юм бэ.
"Шөнийн зах" худалдааны төв түрээсийн төлбөрөө 30, "Хүчит шонхор" 50-100 хувь хөнгөллөө. "Дүнжингарав" 3,4 дүгээр сард 60 хүртэлх хувиар түрээсээ бууруулав. Гэх мэтээр цөөнгүй зах, худалдааны төвүүд түрээсийн төлбөрөөр наанадаж нэг сараар, 50-60 хувиар бууруулж эхэллээ. Хүндхэн цаг үед маш том дэмжлэг, сэтгэл. Бусад нь ч гэсэн үлгэр жишээ аваад, 50, 60 биш юмаа гэхэд ядаж л 30 хувиар бууруулах хэрэгтэй байна. Түрээсийн бизнес гэдэг хамгийн зардал багатай байдаг. Барьсан байшингийнхаа хөрөнгө оруулалтыг нөхчихвөл хамгийн өндөр хувьтай ашиг олдог бизнес. Ямар түүхий эд авч, бараа үйлдвэрлэнэ гэх биш.
Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгчид ганц, болбол хоёр сар түрээсийн төлбөрөө хөнгөлчихөд ядуураад, сүйрчихгүй нь лавтай. Бид давагдашгүй нөхцөл байдалд тулж ирчихээд байна. Энэ байдал хэдий болтол үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Ийм хүнд цаг үед монголчууд бид л нэг нэгнийхээ төлөө сэтгэл гаргаж, дэмжиж туслах ёстой. Сар болгон та бүхэнд ашиг өгдөг түрээслэгчдээ ганц сар баярлуулахад яах вэ дээ.