Сонгууль 2020 тойрог & тулаан
УИХ-ын гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймаг гурван мандаттай. Сүүлийн жилүүдэд баянхонгорчууд нутгаас нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга сонгогдсонд бахархан, бас ч үгүй бахархдаг болсон. Тус тойрог 2019 оны сүүлчээр 87869 хүн амтай, тэдний 55685 сонгогчтой гэсэн судалгаа бий. Гэхдээ хуулийн дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө “царцааны нүүдэл” зөвшөөрөгдсөн байдаг тул энэ тоо нэмэгдсэн байх нь гарцаагүй.
Энэ удаагийн сонгуулиар Баянхонгор аймагт одоогийн гишүүд нь дахин очихоор төлөвлөөд байгаа бололтой. МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар багаа ахлах нь гарцаагүй. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн түүний хувьд Гадаад харилцааны сайд, УИХ-д гурван удаа сонгогдож байсан баянхонгорчуудын итгэлийг олчихсон улстөрч гэгддэг. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир зуузай холбоно. 1992 оноос бизнесийн салбарт хүчин зүтгэж явсан түүнийг “MCS групп”-ийн гэдгээр нь олон нийт нэлээд “адладаг”. Гэхдээ тойргийнхон нь бол “алга тосоод” сурчихсан учраас саналаа өгчихдөг. Мань хүн Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.
Гурван мандаттай тойргуудад улстөрийн намууд нэг эмэгтэй нэр дэвшигчээ илгээдэг. Энэ зарчмаар УИХ-ын гишүүн М.Билэгт энэ удаа ч нэр дэвших ажээ. Түүнийг олон нийт “Ачлал”-ын босс гэдэг. М.Билэгтийг өөрийн хөрөнгөөр барьсан хавдрын эмнэлгээ улсад шахах гэлээ гэх зэргээс эхлээд сонгогчдодоо өөрийн зураг бүхий данх бэлэглэсэн бэлтэй эмэгтэй гэж гоочлох нь ч бий. Гэсэн ч түүнийг өнөөгийн парламент дахь хамгийн содон “төрх”-өөр тодорхойлогдсон.
Харин Ардчилсан намаас одоогоор дөрвөн ч хүний яригдаж байгаа. Эхнийх нь Хөх хотод Консул асан Д.Мөнх-Эрдэнэ. Тэр дэвшихээр эртнээс төлөвлөн аймгийнхаа бүх сумыг тойрч, тойргоо амжилттай усалсан хүн. Гэхдээ мань хүний нэр Консулаар ажиллах үедээ тухайн улсынхаа хуулийг зөрчсөн гэх асуудалтай холбогддог нь сонгуульд нэлээд төвөг болох магадлалтай. УИХ-ын гишүүн асан Д.Ганбат энэ удаа даагаа нэхэхээр зэхэж байгаа аж. “Техник импорт” компаниар овоглогддог түүний хувьд 2012-2016 онд парламентад “тухласан”, бас өрсөлдөгчдөө ялагдсан туршлагатай нэгэн. Анх өөрийнхөө зургийг бидон дээр буулгаж, сонгогчдодоо бэлэглэснээс болж “БИДОН” Ганбаа гэх гуншинтай болчихсон. Түүний хувьд өнгөрөгсөн хугацаанд аймаг руугаа багагүй давхисан. АН-ынхан УИХ-ын сонгуульд олон танигдсан, туршлагатай гишүүдээ илгээмээр байгаа ч амжилт олохгүй байгаа бололтой.
Тиймээс энэ тойрогт нийслэлийн АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдийн нэр яригдаж байгаа болов уу. Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. АН-ын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүдийн нэг, одоо Баянзүрх дүүргийн АН-ын хорооны даргын албыг хашдаг. Гурвын нэг гэсэн зарчмын баталгаа нь энэ тойрогт АН-аас “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэнгийн нэр яригдаж байгаа. Баянхонгор аймгийн унаган хүүхэд, АН-ын ҮБХ-ны гишүүн, аймгийнхаа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуульд багагүй хандив өгсний ачаар энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхээ хамгийн түрүүнд халаасалсан ч гэж хэлж болохоор. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ хэмээн А.Адъяасүрэн аль хэдийнэ тойргоо усалж, аймгийнхаа сумдыг бүтэн тойроод амжчихсан.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn