Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг ЦАГААТГАЖЭЭ

Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг ЦАГААТГАЖЭЭ
Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг ЦАГААТГАСАН ТОГТООЛ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс энэ сарын 13-ны өдөр гарчээ.
Д.Пагмадулам бол Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллага болох "Бүсгүйчүүдийн тасаг"-ийн анхны даргаар сонгогдож байсан. Анхны Үндсэн хууль батлалцсан эмэгтэй юм. Түүнийг улс төрийн хэрэгт хэлмэгдүүлсэн тухай мэдээлэл байдаг ч чухам яг  ямар асуудал вэ гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй.
Тэгвэл түүнийг цагаатгуулах тухай нэхэмжлэлд дараах зүйлийг бичсэн байна.
Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссоос шүүхэд гаргасан  нэхэмжлэлд: ...Иргэн Дамдины Пагмадулам нь 1906 онд төрсөн. 1925 оны бүртгэлээр Улаанбаатар хотын 10 дугаар хорооны 22 дугаар хашаанд амьдарч байсан. 1923 онд МАХН-д элсэж, Улаанбаатар хотын намын 171 дүгээр үүрийн гишүүн, 1925 онд Бүсгүйчүүдийн тасаг байгуулагдахад эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж, 1925-1926 онд Ленинград хотод, 1926-1929 онд Герман Улсын Лейпциг хотын Эмэгтэйчүүдийн дээд сургуульд суралцсан. Судлаач архивын баримтуудад тулгуурлан Д.Пагмадуламыг 1931 оны 9 дүгээр сарын 09-нд Намын төв хорооны 45 дугаар хурлын тогтоолоор доорд хүмүүсийг дарласан, зан авир догшин, садар самуунд их автагдсан, сургуулийн боловсролын хэрэгт хичээлгүй, ямагт хуурсан, язгуурын тайж хүний эхнэр болох тул намын гишүүнээс хөөх тухайд хэлэлцэж, 1932 онд намын 3 дугаар цэвэрлэгээгээр түүнийг намын гишүүнээс хөөсөн тухай баримтыг үндэслэл болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх зааснаар нэр төрийг сэргээн цагаатгуулах санал, хүсэлтийг МУЦАУЗБУК-т хандсан.
Тухайн үед Д.Пагмадуламын ажиллаж байсан Бүсгүйчүүдийн тасгийг анх 1924 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Төв хорооны Тэргүүлэгчдийн гуравдугаар хурлын 3-р зүйлд харьяат төв хорооны суртлын хэлтсээс, Суртлын хэлтэст бүсгүйчүүдийн тасаг байгуулсан. Бүсгүйчүүдийн тасаг нь бүсгүйчүүдийг бичиг үсэгт сургаж, улс төрийн ба олны нам, эвлэлийн бодлого сурталд боловсруулах үүргийг гүйцэтгэж байгаад 1925 оны 9 дүгээр сарын 25-нд хуралдсан Ардын хувьсгалт намын 4 дүгээр их хурлын 3-р тогтоолоор, бүсгүйчүүдийн тасгийг тусгай хэлтсүүд болгон өөрчилж үйл ажиллагааг өргөтгөсөн. 1956 оны 4 дүгээр сарын 29-нд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 118 дугаар хурлын тогтоолоор, эмэгтэйчүүдийн хэлтэс нь Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хүчийг манай орны олон талт амьдралд идэвхитэй оролцуулах талаар зохих үүргээ биелүүлсэн гэж үзээд аймгийн намын хороодын эмэгтэйчүүдийн хэлтсүүдийг хэвээр үлдээж, түүнийг тодорхой удирдлагаар хангахыг аймаг, хотын намын хороодод үүрэг болгож, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн дунд явуулах суртал ухуулга, олон түмний ажлыг удирдахыг Намын төв хорооны суртлын хэлтэст хариуцуулсан.
Энэхүү эмэгтэйчүүдийн байгууллага нь МАХН-ын эмэгтэй гишүүдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиг үүрэгтэй байгуулагдсан намын байгууллага болох нь батлагдана. 1925, 1926-1929 онд Д.Пагмадуламтай хамт Зөвлөлт Орос улс, Герман Улсад хамт суралцсан Ю.Наваан-Юндэн болон түүнийг Оросод сурч байхад нь уулзсан академич Б.Ринчин нарын дурсамж тэмдэглэлд, түүнийг тухайн үеийн залуучуудын дунд түүх, эх бичгээ сайн мэддэг, ааш зан энгийн, боловсролтой нэгэн байсныг бичсэн нь түүний зан авирыг тодорхойлох түүхэн баримт юм. МАХН-ын гишүүнээс хөөгдсөн аливаа иргэн намын сонгуульт болон олон нийтийн, тасаг, хэлтсийн дотоод ажилд сонгогдон томилогдох, гишүүний эрх, үүрэг хүлээх боломжгүй. Д.Пагмадуламын МАХН-ын гишүүн байх үед мөрдөгдөж байсан 1925 онд МАХН-ын төв хорооны 3 дугаар сарын бүгд хурлаар баталсан дүрмийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд тус намын мөрийн хөтөлбөрийг зөвшөөрөөд мөн шийтгэн тогтоосон зүйлийг бүрэн ёсоор дагаж, намын харьяат аль нэгэн газар орж намын зорилго явдлыг гүйцэтгэлцэх мөн дөрөвдүгээр зүйлд гишүүнийг намаас хөөн гаргах явдлыг харьяат үүр нийтийн хурал буюу аймгийн хянан байцаах комиссоос тогтоон шийтгэх бөгөөд хөөн гаргахаар шийтгэсэн хүнийг тогтоон батлахын наана аливаа намын ажлаас зайлуулбал зохино гэсэн нь намын гишүүнээс хөөгдвөл давхар үүрэгт ажлаас халагдах зарчим үйлчилж байсныг батлах баримт юм.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3.1.2-т заасныг үндэслэвэл, Д.Пагмадулам нь тухайн үеийн МАХН-ын буруу шийдвэрээр хууль бусаар эрх, эрх чөлөөг хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа зохиомол хэрэг, гүтгэлэгт өртсөн хэмээн үзэж байна. Д.Пагмадулам нь намын гишүүнээс хөөгдсөнөөр МАХН-ын суртлын хэлтсийн бүсгүйчүүдийн тасгийн гишүүний үүрэгт ажпаас давхар халагдсан гэх үндэслэлтэй. Түүнийг МАХН-аас хөөх шалтгааныг тодорхойлвол Д.Пагмадулам нь Монголын их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр байсан. Д.Нацагдоржийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж, улмаар эхнэр Д.Пагмадуламыг хувьсгалын эсэргүү, тайж хүний эхнэр хэмээн буруутгаж, сонгох, сонгогдох эрхийг нь 1931 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан хотын сонгуулийн комиссын 9 дүгээр хурлын тогтоолоор ноёны хатан бөгөөд хамжлагатай тайж тул тус дүрмийн 8-ын 9 ба 2-ыг баримтлан хасаж, 1932 онд МАХН-ын гишүүнээс хөөсөн. Үүнд тайж хүний хүүхэн гэсэн эл үг түүнийг МАХН-ын коллегийн 45 дугаар хурлын тогтоол, хотын сонгуулийн комиссын хурлын тогтоолд тус тус тодотгон намын гишүүнээс хөөх болон сонгох, сонгогдох эрхийг хасах үндэслэлүүдийн нэг хэсэг болгосон.
Д.Пагмадулам нь тайж хүний эхнэр байсан, нөхөр Д.Нацагдорж нь хувьсгалын эсэргүү хэргээр буруутгагдан хоригдсон зэрэг нь МАХН-ын дүрэмд заасан эрх, үүрэгтэй зөрчилдсөн түүнийг намаас хөөх шалтаг болсон гэх үндэслэлтэй. 1926-1929 онд Герман, Франц улсад суралцаж байсан монгол залуусыг Германы тагнуулын байгууллагад элсэгдсэн мэтээр хардаж Бат-Очироор удирдуулсан Германы тагнуулын хэрэг гэгч хилс зохиомол хэрэг үүсгэсэн. Бат-Очироор толгойлуулсан группын хэргийн баримтад энэхүү хэрэгт нэр илрэгч этгээдүүдийн талаар хэрэгтнүүдтэй эсэргүү харилцаатай байгаа 10 хүний жагсаалтад Д.Пагмадуламыг оруулсан. Энэ зохиомол хэрэг нь Д.Пагмадуламыг МАХН-аас хөөгдөх давхар шалтаг болсон гэх үндэслэлтэй. 1932 онд Д.Пагмадулам нь МАХН-ын гишүүнээс хөөгдсөнөөс хойш түүнийг тодорхой ажил эрхэлсэн тухай баримтгүй байгаа нь МАХН-ын суртлын хэлтсийн бүсгүйчүүдийн тасаг хэлтсийн үүрэгт ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан үндэслэлээр хуулийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан, МУЦАУЗБУК-оос, нэг удаагийн нөхөх олговорт хамаатуулалгүйгээр уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар МАХН-ын гишүүнээс хууль бусаар хөөгдсөний улмаас бүсгүйчүүдийн тасаг, хэлтэст ажиллах эрхээ хасуулсныг ажил, албан тушаалаасаа халагдсанд тооцох үндэслэлтэй. Иймд Дамдины Пагмадуламыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах хүсэлт гаргаж байна" гэжээ.
Хариуцагч МАН-ын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: "...Тус нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар бүлэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр 134 дүгээр зүйлийн 134.2.-ийг үндэслэж хүсэлт гаргасан гэж ойлгож байна. Гэтэл тус хүсэлтэд Д.Пагамдуламын нэр төрийг сэргээн хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай тусгаж өгсөн байгаа нь угтаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.-т заасан хэргүүдэд хамаарахгүй байгаад зогсохгүй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлд “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасанчлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан захиргааны шийдвэрээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа халагдсан хүмүүст холбогдох гомдлыг анхан шатны шүүх иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ гэж тодорхой зааж өгсөн байх ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад ийнхүү асуудлыг төрийн захиргааны байгууллагынх нь хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдаж байна. Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэсгийн тайлбарт Д.Пагамдуламыг тухайн үеийн захиргааны байгууллага болох Хотын сонгуулийн комиссийн 9 дүгээр тогтоол гэх шийдвэрээр сонгох, сонгогдох эрхийг нь хассан байх бөгөөд Бүсгүйчүүдийн байгууллагын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн асуудал нь мөнхүү холбогдох захиргааны байгууллагын шийдвэрийг хууль зүйн хангалттай үндэслэлгүй “...тухайн үеийн нам, захиргааны байгууллагын буруутай шийдвэрээр... намаас хөөгдөөд эрхэлсэн албан тушаалаасаа давхар халагддаг зарчим үйлчилж байсны учир...” хэмээн тодорхойлсон байх ба тухайлан зарчим гэх томъёолол нь МАН-ыг ийнхүү үйл явдлын хариуцлагыг хүлээх буюу хэн нэгний эрх, үүргийг зөрчсөн, хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Тодорхой хэлбэл Д.Пагамдуламын сонгох, сонгогдох эрхийг хасах хийгээд эрхэлсэн ажил, албан тушаалаас нь чөлөөлөх, халах шийдвэрийг тухайн байгууллагын захиргаа нь гаргасан байх тул МАН-д хамааралгүй буюу ийнхүү Д.Пагмадулам нь ажилгүй болж сонгох, сонгогдох эрхээ хасуулсан нь захиргааны байгууллагын шийдвэр бөгөөд ийнхүү асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар тухайн үөийн Хотын сонгуулийн комисс хийгээд Бүсгүйчүүдийн тасаг гэх захиргааны байгууллагуудын чиг үүрэг шилжсэн байгууллага бий эсэх болоод татан буугдсан эсэхийг тодорхой болгох нь хууль зүйн үндэслэлтэй, ач холбогдолтой юм. Тухайн үеийн МАХН бол төр засгийн үүргийг давхар хэрэгжүүлж байсан. Одоо бол намын статусаар үйл ажиллагаа явуулж байгаа. МАН-аас хөөгдсөн бол  ажлаас хална гэсэн баримт байхгүй. Иймд МАН- нь тус асуудалд хариуцагчаар оролцох хангалттай хууль зүйн үндэслэлгүй хийгээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрх, үүргийг хүлээх боломжгүй байх тул хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01820 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар Дамдины Пагмадуламыг тайж хүний эхнэр язгууртан тайжийн хүүхэн хэмээн үзэж, МАХН-ын Төв хорооны Бүсгүйчүүдийн тасагт алба хааж байхад нь намаас шийтгэл хүлээлгэж, бүсгүйчүүдийн тасгийн ажил албан тушаалаас хууль бусаар халж, намын гишүүнээс хөөсөн байх тул МАХН-ын Төв хорооны Бүсгүйчүүдийн тасгийн ажил, албан тушаалаас Д.Пагмадуламыг хууль бусаар чөлөөлсөн болон намын 171 дүгээр үүрийн гишүүн эмэгтэй Пагмадуламыг намаас хөөсүгэй гэсэн тухайн үеийн МАХН-ын Төв хорооны шийдвэрийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Пагмадуламыг улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэнд тооцож, цагаатгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдан, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг хариуцуулан гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 235 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01820 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын эх суурь үүсэн байгуулагдахад зохих хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Дамдины Пагмадуламын талаар судалгаа хийж буй судлаач, доктор Х.Мэндсайханы хүсэлтийг хүлээн авч, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Д.Пагмадуламыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах гомдлыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Д.Пагмадулам нь 1923 онд МАХН-д элсэж, Улаанбаатар хотын Намын 11 дүгээр үүрийн гишүүн, 1925 онд Бүсгүйчүүдийн тасаг байгуулагдахад эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж, 1925-1926 онд Ленинград хотод, 1926-1929 онд Герман улсад тус тус суралцаж байсан. Их зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар нь 1924 оноос эхлэн ханилж, 1930 онд салсан бөгөөд энэ хугацаанд үр хүүхэд төрүүлээгүй байна. Мөн түүний хамаатан садан гэх хүн байхгүй бөгөөд 1933 оны Монголын хүн амын нэгдсэн тооллогод Д.Пагмадуламын мэдээлэл олдохгүй байгаа юм. Түүнийг цагаатгуулах зорилго нь Д.Пагмадуламыг Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, эмэгтэй байсныг тодруулан, түүний бүтээсэн гавьяаг түүхэнд алдаршуулах зорилгоор намтар, үйл ажиллагааны нэг сэдэвт судалгааны бүтээл бичиж, олны хүртээл болгосон бөгөөд түүхийн ухааны доктор Х.Мэндсайханы судалгааны ажлын нэг хэсэг юм.
Түүний сонгох, сонгогдох эрхийг нь 1931 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан Хотын сонгуулийн комиссын 9 дүгээр хурлын тогтоолоор “ноёны хатан бөгөөд хамжлагатай тайж” тул тус дүрмийн 8-ын 9 ба 2-ыг баримтлан хассан байна. Намын Төв Хорооны 1931 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар хурлын тогтоолоор “доорд хүмүүсийг дарласан, зан авир догшин, садар самуунд их автагдсан, сургуулийн боловсролын хэрэгт хичээлгүй, ямагт хуурсан, язгуурын тайж хүний эхнэр болох” тул Намын гишүүнээс хөөх тухайд хэлэлцэж, 1932 онд Намын 3 дугаар цэвэрлэгээгээр Д.Пагмадуламыг намаас хөөжээ. 1925 онд МАХН-ын Төв хорооны 3 дугаар сарын бүгд хурлаас баталсан Намын дүргийн дөрөвдүгээр зүйлд “Гишүүнийг намаас хөөн гаргах явдлыг харъяат үүр нийтийн хурал буюу аймгийн хянан байцаах комиссоос тогтоон шийтгэх бөгөөд хөөн гаргахаар шийтгэсэн хүнийг тогтоон батлахын наана аливаа Намын ажлаас зайлуулбал зохино” гэсэн нь Намын гишүүнээс хөөгдвөл давхар үүрэг ажлаас халах шийтгэл ноогдуулж байсныг илтгэнэ. Д.Пагмадулам нь тухайн үеийн нам захиргааны байгууллагын буруутай шийдвэрээр намаас хөөгдөж, сонгох, сонгогдох эрхээ хасуулж, хүний эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулж, намаас хөөгдвөл эрхэлсэн албан тушаалаасаа давхар халагддаг зарчим үйлчилж байсны учир Пагмадулам нь эрхэлсэн ажилгүй ажлаасаа халагдаж, сэтгэл санаа, ажил амьдралаар хохирч, эрүүл мэндийн байдал нь муудаж 1937 оны орчим нас нөгчсөн тухай баримт Тагнуулын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байна. Д.Пагмадуламд холбогдох нөхөх олговрын асуудал хуулийн хүрээнд судлаач болон Улсын комиссын хэмжээнд хамааралгүй болно.
ЦАУЗБУК-ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01820 дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байгаа юм.

Э.Болорхажид
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0