МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү

МCS-ийн банк байгуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга тас эсэргүүцсэн үү
М банкны хүний нөөцийн баг бэлэн
МCS группийн зүгээс одоогоос 3-4 жилийн өмнөөс М төслийг эхлүүлж, Монголын анхны интернет банкийг байгуулах бэлтгэл ажлаа базааж эхэлсэн байдаг. Уг төслийн хүрээнд МCS группийн зүгээс Өмнөд Солонгосын “Кэй банк”-тай таван жилийн хугацаатай, 5.5 тэрбум воны хөрөнгө оруулалтын гэрээнд 2018 онд гарын үсэг зурсан түүхтэй. Тодруулж хэлбэл, МCS групп Өмнөд Солонгост интернет банкны үйлчилгээгээр мэргэшсэн банктай хамтран, Монголд дижитал банк байгуулах төсөл эхлүүлсэн гэсэн үг.
Төслийн нэгжийг одоогоос хоёр жилийн гаруйн өмнө байгуулж, МCS групп дотроосоо технологийн чиглэлийн хамаг шилдгүүдээ татан төвлөрүүлж, арилжааны банкуудаас өндөр цалингаар шилдэг боловсон хүчнүүд татаж эхэлсэн байдаг. Улмаар М төслийн нэгжээс олон нийтэд нээлттэй ажлын байруудыг зарласан. Үндсэндээ М банк хүний нөөцийн хувьд жигдэрчихсэн гэдгийг эх сурвалжийн мэдээллүүд баталж байна.
М банк нь интернет орчинд гүйлгээ хийгдэх үйлдэл дээр суурилагдах бөгөөд банкуудын салбар нэгж байгуулах шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгээрээ онцлог юм.
МCS групп Монголбанкийг гурван шатны шүүх дээр ялжээ
Монголбанкинд МCS группийн зүгээс М банк байгуулах хүсэлтээ одоогоос нэг жил гаруйн өмнө өгсөн гэж тодотгосон. Шүүхийн сангаас харахад,
·2019.06.18- Анхан шатанд,
·2019.09.12- Давж заалдах шатанд,
·2019.12.09– Дээд шүүх дээр МCS группийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.
Эндээс Монголбанк 2019 оны зургадугаар сараас өмнө МCS группийн банк байгуулах зөвшөөрлийг ханган шийдвэрлэхээс татгалзсан гэсэн логик харагдаж байна. Энэ талаар Монголбанкнаас саяхан “МCS группэд банк байгуулах зөвшөөрлийг албан ёсоор өгөөгүй байгаа” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Л.Энх-Амгалан хөөцөлдөж, Ерөнхийлөгч эрс татгалзжээ
Анхдагч үүсвэрээ татчихсан, хүний нөөцөө бэлдчихсэн, гаднаас технологи нэвтрүүлэх шийдлээ олчихсон M төсөлд Монголбанк яагаад татгалзсан хариу өгөв гэдэг нь ихээхэн анхаарал татаж буй.
Эх сурвалжийн мэдээллээр бол, М банкны зөвшөөрлийг олгуулах асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэлээд идэвхтэй ажиллажээ. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс тас эсэргүүцсэн гэх мэдээлэл улстөрийн хүрээнд яригдаж буй.
Дээд шүүхээс МCS группийн нэхэмжлэлийг хангаж шийдсэн учраас Монголбанк шүүхийн шийдвэр биелүүлэх үүргийг автоматаар хүлээнэ. Энэ тохиолдолд улстөрийн нөхцөл байдал хэрхэн өрнөхийг таамаглахад бэрх юм.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан М банк байгуулах санал дээр хувийн байр суурь илэрхийлж байгаагүй ч “Зөвшөөрөх хуульзүйн боломжтой. Шаардлагаа ч хангасан” гэсэн үүднээс асуудалд ханддаг байсан гэх.

Ж.Мядагбадам     
Эх сурвалж: eguur.mn 
скачать dle 12.0