Спорт ба улс төр
XXI зуунд спорт улс төрийн салшгүй нэг хэсэг, “зөөлөн хүч”-ний чухал арга хэрэгсэл болжээ. Дэлхийн тэргүүлэх гүрнүүд спортын томоохон уралдаан тэмцээн, тэр дундаа олимпийн наадмыг өрсөлдөөний нэгэн талбараа гэж үзэж, үзэл суртлын нэг хэрэгсэл болгосон нь өнөөгийн үнэн худал нь эс ялгагдах допингийн дуулиан, хясан боолт, хоригоор үргэлжилж байгаа гэж үзэх үндэстэй. “Үндэстний ТОЙМ” энэ удаа спорт, улс төрийн хамаарал, их гүрнүүдийн зөрчил спортод хэрхэн илрэн гарч байгаа талаар нийтлэл бэлтгэлээ.
Спорт улс төрийн арга хэрэгсэл болох нь
Спорт нь улс төрийн хэрэглүүр болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэн Жозеф Най анхлан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлажээ. Жозеф Най бол “Зөөлөн хүч”-ний бодлогыг анх тодорхойлон бичсэн эрдэмтэн бөгөөд эл бүтээлдээ л спортыг оруулсан хэрэг. “Цаг хугацааны өөрчлөлтөөс үүдэн хүчний хэлбэрт мөн өөрчлөлт орно” гэдэг алдартай зарчимд үндэслэсэн онолыг нь одоо мэдэхгүй хүн үгүй биз. Түүнийхээр бол хүчирхэг улс гүрэн дурын салбарт тэргүүлэх чадвартай бөгөөд цэрэг, зэвсэг хэрэглэх, дайтах боломжгүй нөхцөлд бусад салбарт ч хүч чадлаа мэдрүүлэхийг ямагт хичээдэг. Үүнд олныг хамарсан спортын тэмцээн уралдаан, олимпийн наадам ч орно гэж тэрээр үзсэн байдаг.
Спорт, улс төрөөс хамааралтай гэдэг нь үнэн зөв учраас л Ж.Най ийнхүү шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадсан нь тодорхой. Олимпийн наадмыг зохион байгуулах болсон тухайд хэд, хэдэн таамаглал бий. Хүмүүсийн сайн мэдэх, сайхан түүх нь Францын Барон Пьер Де Кубертен хүн төрөлхтний эв нэгдэл, сайн сайхны төлөө олимпийн наадмыг сэргээсэн гэх түүх. Хоёр дахь нь үлгэр домгийн шинжтэй, Зевс бурхан олимпийн наадмыг бүтээж, бүх нийтийг хамарсан онцгой үйл явдал болгосон гэх. Пьер де Кубертен олимпийн наадмыг сэргээхдээ спортоор дамжуулан хүнтөрөлхтөнд эв нэгдэл, шударга ёс, энх тайвныг түгээх зорилго тээж, “харти”-гаа энэ зарчим дээрээ тулгуурлаж бичсэн. Гэвч анх үүсгэсэн санаа зорилго нь ч, хожим үүссэн үр дагаврууд ч улс төрөөс ангид байгаагүйг нотлох олон баримт бий.
П.де Кубертен нэгэнтээ Франц-Пруссын (1870-1871) дайны талаар “Пруссын цэргүүд бие бялдрын хүмүүжил сайтай, тэсвэртэй байсан учраас ялсан. Харин Францын цэргүүд сулбагар биетэй, тэсвэр хатуужил муутай байсан учраас ялагдсан” гэсэн нь бий. Тэрээр энэ байдлаас хэрхэн гарах талаар бодлого боловсруулж байсан бөгөөд энэ нь орчин үеийн олимпийг зохион байгуулснаар шийдэгдсэн байх магадлал өндөр. Олимпийн наадам зөвхөн спорт, олимпийн зэл санаанд үндэслэсэн байлаа ч дээд удирдлагын нөлөө байгаагүй бол хэрэгжих боломжгүй байсан гэдгээр үүнийг тайлбарлаж болно. Дашрамд, олимпизмын уриа болох “Хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй” нь “Олимпод өрсөлдөх биш, оролцох нь чухал” гэх үзэл санаатай нь зөрчилдсөн шинжтэйг нэг бус судлаач сануулсан байдаг. Нөгөө талаар, цэвэр спортын зорилгоор зохион байгуулагдсан нь үнэн байлаа ч олимпийн наадам нь үндсэрхэг үзлийг дэврээсэн бодит үр дагаврыг авчирсан бөгөөд үүнээс болж П.Де Кубертен олонтаа шүүмжлүүлж байв.
ОСХУ ба ОУОХ
Олимпийн наадам улс төрийн залхаан цээрлүүлэх хэрэгсэл болж, олимпизмын үзэл санаа хог новш болж хувирсан анхны тохиолдол 1920 онд, “Антверпен” зуны олимпийн VII тоглолтын өмнө гарчээ. ОУОХ-ноос Герман болон тэдний холбоотон улсуудыг “Дэлхийн нэгдүгээр дайныг өдөөсөн” гэдэг шалтгаанаар олимпийн наадамд урьсангүй.
Харин оросуудын тухайд Оросын социалист холбооны улс (РСФСР), Зөвлөлт холбоот улс (СССР), ОХУ (РФ) гэсэн гурван ч улс дамнан ОУОХ-той таарамжгүй харилцаатай явж буй. ОУОХ нь гишүүнээр элсэх гэсэн ОСХУ, ЗХУ-ын элсэх гэсэн хүсэлтийг удаан хугацаанд үл тоомсорлож, Хаант Орос улсаас баруунд дүрвэж очсон цагаачдыг 1930 он хүртэл гишүүнээр суулгаж байв. Энэ нь барууны улс орнууд тухайн үеийн ЗХУ-ын удирдагчдыг Засгийн эрхийг хууль бусаар булаан авсан гэж үзэж байсантай холбоотой байв. Мөн тухайн үеийн ЗХУ-ын удирдагчид Хаант Орос улсын Засгийн газрын бусад улсын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг биелүүлэхээс татгалзсан нь үүнд мөн нөлөөлжээ. ОУОХ ийнхүү улс төрийн нөлөөнд автах нь тодорхой болсон ч үүнд ганц П.Де Кубертенийг буруутгах аргагүй. Тэрээр Дүрвэгсдийн болон Зөвлөлтийн гэсэн хоёр багийг оролцуулах санаачилга гаргаж байснаас үзвэл тэрээр олимпизмийн үзэл санаандаа үнэнч байх гэж хичээсэн нь харагддаг. Гэвч түүний саналыг ОУОХ дэмжээгүй юм.
1924 оны нэгдүгээр сард, Парист болох олимпод ОСХУ-ыг оролцуулахаар урьсан ч оросууд өөрсдөө “Олимпийн наадам нь харилцааны хүлээн зөвшөөрөгдөх хэлбэр биш” гээд татгалзжээ. Харин албан ёсны хариулт нь “Германы тамирчдыг олимпийн наадамд оролцуулаагүйг эсэргүүцэж байна” гэсэн байв. Улс төрийн шалтгаантай энэ мэт үйлдэл, хариу үйлдлүүдээс болж ЗХУ нь 1952 оны Хельсинкийн олимпод л анхоролцсон түүхтэй.
ЗХУ ба ОУОХ
1960 он гарлаа. ОУОХ нь спортын байгууллага боловч тухайн улсад нь гарсан улс төрийн үйл явдал, үйлдлээс болж Үндэсний олимпийн хороотой нь хариуцлага тооцдог шинэ жишиг бий болгов. 1960-1980-аад оны хооронд яг энэ шалтгаанаар нэг бус ҮОХ-ны гишүүнчлэлийг хасаж, сэргээжээ.
Дэлхийн дайн дуусч шинэ журам тогтон улс гүрнүүд энэ журмаа нэг хэсэгтээ л эвдэх сонирхолгүй болсон ч нөгөө талаас “Төмөр хөшиг” татагдаж, хэзээ хэзээгүй дахин дайтаж магадгүй тэр үед “Зөөлөн хүч”-ний, тэр дундаа спортын үүрэг маш өндөр байсан нь ойлгомжтой. 1952, 1956 онд үзүүлсэн ЗХУ-ын амжилт улсыг нь дэлхий нийтэд шууд хүлээн зөвшөөрүүлж, нөлөөний бүсээ өргөтгөхөд нь тусалсан. Спорт, олимпизм суртал ухуулгын маш том үүрэгтэй гэдгийг нотолсон. Олимпийг хүмүүс сонирхож, нэр хүнд нь нэмэгдэхийн хэрээр ач холбогдол нь өсөж байв. Нэр хүнд өсөхийн хэрээр дарамт ч бий боллоо. Израиль, Арабын орнуудын харилцаа, тухайн үеийн бусад нөхцөл байдлаас болж 1950-иад оноос ОУОХ нь улс төрийн шинжтэй шийдвэрүүдийг байнга гаргах болов. Энэ хандлага нь 1968 оны Мюнхений олимпийн дуулиант алан хядах ажиллагаанд хүргэсэн гэж үзэх үндэстэй.
Спорт сонирхогчид олимпийн хясан боолт гэхээр “Москва 1980”, “Лос-Анжелес 1984” олимпийг санаж байгаа нь лавтай. ЗХУ Афганистанд цэргээ оруулсныг (1979 оны арванхоёрдугаар сард) эсэргүүцэж АНУ тэргүүтэй барууны орнууд Москвагийн олимпийг хясан боох санаачилга 1980 оны нэгдүгээр сарын 1-нд Умард Атлантын цэргийн эвслийн уулзалт дээр анх гарчээ. Улмаар гуравхан хоногийн дараа, 1980 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер ОУОХ-нд хандаж, олимпийн наадмыг өөр улсад шилжүүлэхийг уриалжээ. Гэвч ОУОХ хүсэлтийг нь хүлээж авсангүй. Тиймээс тамирчдаа олимпод оролцуулахгүйгэдгээ нэгдүгээр сарын 20-ны өдөр зарлаж, Худалдааны яам нь гуравдугаар сарын 13-наас эхлэн “Москва 1980”-тай холбогдолтой эд зүйлсийн худалдааг бүрмөсөн хоригложээ. Эцсийн дүндээ
АНУ-ыг дагасан 64 улс наадмыг хясан боосон юм. Гэхдээ “ЗХУ Афганистанд довтлоогүй байсан ч АНУ Москвагийн наадмыг хясан боох л байсан” гэсэн санааг илэрхийлдэг түүхч А.Яшлавский зэрэг хүмүүс бий. Үүнийг батлах боломжгүй.
Харин ЗХУ өөрийн ээлжин дээрээ Лос-Анжелесийн олимпийг хясан боосон. Гэхдээ “Танайх манайхыг хясан боосон учир” гэж шууд үнэн шалтгаанаа тоочсонгүй. ЗХУ-ын ҮОХ-ны 1984 оны тавдугаар сарын 8-ны шийдвэрт “Зохион байгуулагч тал нь бүх тамирчдын аюулгүй байдал... Тэдний эрх, нэр төрийг хүндэтгэх, тэмцээн уралдаанд оролцох, амьдрах хэвийн нөхцөл орчинг бүрдүүлэхийг хүсээгүй учраас... Татгалзаж байна” хэмээн бичжээ.
ОХУ ба ОУОХ
ЗХУ задарч, 1992 онд ТУХН нэрээр нэгэн олимпод орсны дараа дахин задарч ОХУ болов. 1992-2000-аад оны үе бол шинэ тутам байгуулагдсан ОХУ хөл дээрээ тогтох гэж тэмцэж байсан үе. ЗХУ-ын үеийнх шиг тасархай амжилт гаргахаа больсон ч тэргүүлэх байр сууриа олж авахын тулд олимпизмийн хөдөлгөөнд идэвхитэй хэвээр байсан.
1999-2000 он... Хүн төрөлхтөн шинэ зуун, шинэ мянганаа угтан авахаар хөөрцөглөж, улс орон, салбар бүр зууны шилдгүүдээ тодруулж байх үед ОУОХ, ОХУ-ын хооронд ээлжит зөрчилдөөн гарсан юм. ОУОХ тухайн үед “ХХ зууны шилдэг 50 тамирчин”-г сүр дуулиантайгаар тодруулахдаа ЗХУ-ОХУ-ын ганц ч тамирчинг оруулаагүй юм. Тухайн үед ОХУ-ын ҮОХ-г тэргүүлж байсан Виталий Смирновоос сэтгүүлчид энэ талаар асуухад “Сайхан асуулт асуулаа. Удахгүй болох ОУОХ-ны чуулганы үеэр “Зууны шилдэг тамирчин” тодруулах асуудалд улс төрийн эрх ашиг оролцсон гэдгийг Х.А.Самаранчид хэлнэ. Манай улс 1952 оноос хойш олимпод оролцсон. Тэр цагаас хойш авсанмедалийнхаа тоогоор бүх улсыг тэргүүлж яваа. Гэтэл ядаж Лариса Латынина ороогүй нь гайхмаар. Х.А.Самаранч, ОУОХ Орос орныг энэ бүхэнд нь гомдохгүй гэж бодсон бололтой” хэмээн гомдлын үгс унагаж байв.
Оросууд ЗХУ-ын сайн сайхан, авлагыг нь өөртөө хамаатуулаад өр зээл, муу муухайг өнгөрсөнд нь үлдээчих гээд байдаг талтай. Тиймээс ОУОХ жагсаалт гаргачихаар ОХУ-ыг ЗХУ-ын шууд үргэлжлэл гэж үздэгээ илчилчих гээд байсан ч байж мэднэ. Гэхдээ л ядаж ЗХУ гэдэг нэрээр нь ганц хоёр тамирчин ч болтугай нэрлэж болох л байв. 2000-2014 он. ОХУ улс төр, эдийн засгийн хувьд бүрэн тогтворжиж, “стан”-уудгүйгээр олимпийн наадмыг тэргүүлэх замдаа гарсан он жилүүд байв. Улмаар 2014 оны Сочигийн өвлийн олимпийг нутагтаа зохион байгуулж, албан ёсны бус багийн дүнг тэргүүлэн зорилгодоо хүрлээ. Олимпийн дараа болсон Паралимпийн наадамд ч зохион байгуулагчид түүхэн дээд амжилт тогтоон түрүүлсэн. Энэ эргэн ирэлт, ялгуусан алдрын дараа Дэлхийн допингийн эсрэг агентлаг ОХУ-ынтамирчид төрийн дэмжлэгтэйгээр допинг хэрэглэж байсан гэх дуулиан шуугиан дэгдэж, 2016 оны зуны, 2018 оны өвлийн олимпод ОХУ-ын тамирчдын улсынхаа далбаан дор оролцохыг нь хориглосон билээ.
Хоёр ч олимпоос оросуудыг шахсан ДДЭА шинэ олимпийн босгон дээр шинэ асуудал босгон ирж, ОХУ-ын Допингийн эсрэг агентлагийг тайлангаа цаг хугацаанд нь явуулсангүй гэх үндэслэлээр эрхийг нь дахин дөрвөн жилээр хязгаарлах санал гаргаад байна.
Энэ сарын 9-нд буюу өчигдөр Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх зөвлөлөөс ОХУ-ыг дөрвөн жил олон улсын тэмцээнээс хассан шийдвэрийг баталлаа. Одоо тус агентлагаас ОУОХ руу саналаа явуулах юм. ОХУ ингэхээс нь өмнө Лозанн дахь Спортын арбитрын шүүхэд хандах боломжтой. Эцсийн шийдвэрийг ОУОХ гаргах юм.
Eagle.mn