Шүүгч асан Ж.Оюунтунгалагыг полиграф ашиглан үнэн худал ярьж байгааг нь шалгажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлигийг өнгөрсөн долоодугаар сард гаргаж байсан. Тодруулбал, эдгээр нэр бүхий 17 шүүгч дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгчээр томилогдоод байсан Ж.Оюунтунгалаг байсан юм. Тэрбээр өөрийгөө түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд орсонд харамсаж хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан удаатай. Тухайлбал, Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргахдаа яг ямар шалтгааны учраас дээрх шүүгчдийг ажлаас нь чөлөөлсөн тухай өнөөг хүртэл тодорхойгүй буй билээ.
Харин энэ талаар Ж.Оюунтунгалаг "Түдгэлзүүлсэн асуудлаар одоог хүртэл мэдээлэлгүй байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр манай гэрт нэгжлэг хийсэн. Түүний дараа гэрчийн мэдүүлэг авсан. Нэгжлэг хийхдээ төрийн өндөр албан тушаалтнууд авлига, хээл хахууль авсан байж болохтой холбоотой данс, эд мөрийн баримт байгаа эсэхийг шалгах зорилготой гэж танилцуулсан. Харин мэдүүлэг авах үеэр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар ямар нэгэн нөлөөнд автсан ч юм уу, хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг хандлагаар мэдүүлэг авсан. Тэгэхээр эдгээр асуудлуудтай холбоотойгоор миний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн болов уу гэж бодож байна" хэмээх тайлба өгч байв.
Тэгвэл өнгөрсөн сарын 19-ний өдөр полиграф ашиглан түүний үнэн худал ярьж байгааг нь шалгажээ. Полиграф тест нь шалгуулагчийн биометрик үзүүлэлтийг ашиглан үнэн худлыг илрүүлэх зорилготой аргачлал аж. Ямартай ч уг тестийг ашигласан нь түүнийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудалд холбогдсон эсэхийг нь ийнхүү шалгасан нь энэ аж.
Хэрвээ энэхүү тестээр тэрбээр Салхитын мөнгөний ордод хамааралгүй хэмээн гарсан бол буцааж ажилд нь томилох асуудал яригдах ажээ.