​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ

​Канадын Ерөнхий сайд сэтгэгдлээ илэрхийлснээсээ болж Трампын өмнө эвгүй байдалд оржээ
НАТО-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 3-4-ний өдрүүдэд Английн нийслэл Лондон хотноо болж өндөрлөлөө. Төрийн тэргүүн нар мягмар гаригт Букингемийн ордонд Английн хатан хаан II Элизабетын хамтаар тус байгууллагын 70 жилийн ойн хүндэтгэлийн оройн зоог барьсан юм. Үндсэндээ эхнээсээ маргаан, хэл ам дагуулан эхэлсэн энэ удаагийн уулзалтаар НАТО-ын гишүүн 29 орны төрийн тэргүүн нарын хооронд мягмар гаригийн оройн үйл явдлаас өөр халуун дулаан уур амьсгал өрнөөгүй талаар дэлхийн хэвлэлүүд онцолжээ.
Арга хэмжээ лхагва гаригт өндөрлөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хуваарийн дагуу хийх ёстой байсан албан ёсны хэвлэлийн бага хурлаа цуцалж эх орон ругаа буцжээ. Тэрээр энэ талаар болон НАТО-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын талаар өөрийн твиттер хаягтаа “НАТО-ын төрийн тэргүүн нартай хийх өнөөдрийн хуваарьт уулзалтууд дуусаж, миний бие Вашингтоны зүг хөлгийн жолоо залах боллоо. Бид сүүлийн хоёр өдөр олон хэвлэлийн хурал хийсэн учир арга хэмжээний хаалтын үеэр товлосон АНУ-ын албан ёсны хэвлэлийн хурлыг цуцалж байна. Бүгдээрээ сайн яваад эх орондоо очоорой. Сүүлийн гурван жилд НАТО-ын хувьд том дэвшил гарлаа. НАТО-ын зардалд АНУ-аас бусад 28 гишүүн оронд жилд 130 тэрбум ам.доллар гаргахыг зөвшөөрлөө. Хамгийн сайн мэдээ нь энэ тоо 2024 он гэхэд 400 тэрбум ам.доллар болж өснө. Өөрөөр хэлбэл НАТО цаашид урд өмнөхөөсөө илүү баян бас хүчирхэг байгууллага болно гэсэн үг юм” гэжээ.
Хатан хаантай хийсэн оройн зоогийн үеэр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Голландын Ерөнхий сайд Марк Рутте болон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын хооронд өрнөсөн яриа НАТО-ын төрийн тэргүүн нарын чуулга уулзалтын хаалтын гол сэдэв боллоо. Учир нь төрийн тэргүүн нар албан бус яриа өрнүүлэх үеэр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын талаар хошигнож ярьсан нь цахим орчинд цацагдсан юм. Бичлэгт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроноос “та яагаад товлосон уулзалтдаа хоцорч ирэв” гэж асуун энэ талаар ярилцаж байх зуур Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо яриаг таслан “Доналд Трамп уулзалтдаа хоцорч ирсэн. Учир нь тэр надтай уулзахаас өмнө бүхэл бүтэн 40 минутын турш хэвлэлийн хурал хийсэн. Би тэр үед нь амаа ангайгаад, газар гөлрөөд хүлээж суусан. Тэр хаа сайгүй явж, төлөвлөсөн уулзалтуудын хугацааг сунжруулж байна. Магадгүй үүнээс л болсон байх” гэсэн юм. Букингемийн ордонд болсон арга хэмжээний үеэр камерын бичлэгээр яриаг нь бичиж байгаа гэдгийг төрийн тэргүүн нар огт мэдээгүй аж.
Үнэхээр төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалтуудад шахуу хуваариас шалтгаалан товлосон арга хэмжээнүүд хойшлогдох нь энгийн үзэгдэл байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар бусад улсын төрийн тэргүүнтэй хийх уулзалтдаа хоцрох эсвэл сунжруулдаг гэдгээрээ хамгийн алдартай. Японы Осака хотноо өнгөрөгч зургадугаар сард болсон “Их-20”–ын чуулга уулзалтын үеэр Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг товлосон уулзалтын цагтаа хүрэлцэн ирээгүй тул ганцаарчилсан уулзалтыг цуцалж шууд нутаг буцаж байв.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Германы Канцлер Ангела Меркелтэй уулзах үеэрээ Жастин Трюдогийн энэхүү ярианы талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Трюдо бол хоёр нүүртэй амьтан. Би түүнийг маш сайн залуу гэж олж харсан. Гэвч үнэн хэрэгтээ тэр ДНБ-ийн хоёр хувьтай тэнцэх зардлыг батлан хамгаалах салбартаа гаргахыг хүсээгүй. Үүнээс болж бидний дунд бага зэрэг үл ойлголцол үүссэн. Тиймээс надад хорссондоо ийм зүйл ярьж яваа байх” гэжээ.
Харин Канадын залуу Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай гайхалтай үр дүнтэй уулзалт хийсэн гэж хэвлэлд ярьсан юм. Мөн саяхан болсон Канадын парламентын ээлжит сонгуулийн үеэр Жастин Трюдогийн залуу байхдаа халловины баяраар авахуулсан илт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зураг ил болж түүнийг асуудалд оруулж байв.   
Гэсэн энэ удаагийн НАТО-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үнэхээр уулзалт хоорондын цагийг сунжруулж бусдадаа төвөг учруулж байжээ. Тухайлбал, түүний НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столенбергтэй хийхээр төлөвлөсөн 20 минутын уулзалт 53 минут, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хийх уулзалт 38 минут үргэлжилсэн байна.

О.Мөнхбат 
Эх сурвалж: CNBC
скачать dle 12.0