Ерөнхий сайд аа, таны "ЖҮЖИГЛЭЛТ" төрийн албыг самарч эхэллээ

Ерөнхий сайд аа, таны "ЖҮЖИГЛЭЛТ" төрийн албыг самарч эхэллээ
-Төрийн албыг гартаа атгаж, төрийн өмчөөс сонгуулийн мөнгөө босгох нь уу-
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан З.Мэндсайханыг томилоод хоёр сар орчим болж байна. Гэтэл мань хүн очмогцоо халаа, сэлгээг “шууруулж”, албан тушаалын зэрэг дэв, хууль, дүрэм, журмыг бус аман яриагаар ажлаа явуулах болсон тухайг тус газрынхан ярьж байна.
ТӨБЗГ гэх их айлд “Эрдэнэт үйлдвэр” “Монголросцветмет”, Геологийн судалгааны төв”, “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК, “Багануур” ХК“Мэдээлэл холбооны сүлжээ”“Монголын цахилгаан холбоо” ХК“Монгол шуудан” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Төрийн банк”, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Хөгжлийн банк” ХХК, “МИАТ” ХК, “Монголын төмөр зам” ХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Буянт Ухаа спортын ордон” ТӨҮГ, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ, “Монгол кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ гээд төрийн өмчит 90 орчим аж ахуйн нэгж, байгууллага харьяалагддаг. Энэ ч утгаараа ТӨБЗГ-ыг “толгойлох” хүний шалгуур нь өндөр байдаг. Хамгийн энгийндээ төрийн албанд 10-аас дээш жил ажилласан хүн томилогдох ёстой. Гэтэл ердөө гуравхан жил төрийн албанд ажиллаж байгаа З.Мэндсайханыг томилсон нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Тус байгууллагын хувьд өмнөх дарга Ц.Ням-Осорын үед аливаа асуудлыг дэлгэж,  олон нийтэд нээлттэй ажилладаг байсан. Гэтэл мань хүн ЖДҮХС-гаас зээл авсан нь илчлэгдэж алжаа өгсөн. Түүнээс хойш жил гаруйн хугацаанд тус байгууллагад “дарга” олдохгүй түр орлон гүйцэтгэгч нар л ажлыг нь урагшлуулах төдийхөн болж, бүхий л мэдээлэл нь хаалттай байдаг болсон байв.
Гэтэл гэнэтхэн З.Мэндсайханыг сэмхэн томилсон бөгөөд тэрбээр ажлаа аваад хоёр сар ч болоогүй хэрнээ аль хэдийн халаа, сэлгээ томилгооны ажлаа эхлүүлсэн аж. Түүгээр ч зогсохгүй тус байгууллагаас “тусдаа” гарах төрийн худалдан авах ажиллагааг хариуцах шинэ агентлагийн албан тушаалын тохироог ч хийж байгаа сурагтай.
Төрийн албанд дөнгөж гуравхан жил ажилласан хүн бүхэл бүтэн төрийн өмчийг эзэгнэж суучихаад албан тушаалтын томилгоонд анхаарал хандуулж буй нь олон нийтийн хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Төрийн албаны мерит зарчмаар бол З.Мэндсайхан ахлах түшмэлийн ч шалгуурт тэнцэхгүй. Тэгсэн хэрнээ  энэ байгууллагыг удирдах болсон нь Засгийн газартай шууд холбоотой, тэр дундаа Ерөнхий сайдтай хамааралтай гэсэн үг байх нь. Учир нь түүнийг Засгийн газрын хуралдаанаар л томилсон.
Хэдийгээр МАН мөрийн хөтөлбөртөө ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн ч нэгийг халж, нөгөөг томилно гэсэн үг биш. Түүнчлэн багаа бүрдүүлэх нэрээр дарга томилогдоход тухайн байгууллагын бусад албан хаагч халагдаж, солигдоно гэсэн утга яав ч биш. Гэтэл сонгуулийн жил ойртмогц өөрсдийн хүмүүсээ хууль, журамд заасан шалгуурыг үл хамааран төрийн албыг хөдөлгөөнд оруулж байгаа нь цаад утгаараа бол ирэх оны сонгуулийн мөнгөө босгох гэж байгаагийн дохио гэлтэй.
Төрийн “саалийн үнээ”-нүүдийг хариуцаж байгаагийн хувьд мөнгө босгох даалгаврыг биелүүлэхэд асуудал үүсэхгүй гэдгийг өмнөх дарга нар нь ч баталсан. Тодруулбал, 2018 онд тус газрын дарга асан Ц.Ням-Осор 2017 оны ажлынхаа талаар“Төрийн өмчит компаниудын 72 хувь нь ашигтай ажилласан. Тус компаниудын орлого 4.5 их наяд төгрөг байсан бол 7 их наяд болж, орлого жилдээ 55 хувиар өссөн. Хөгжлийн банкнаас манай харьяа 8 компани нэг их наядын зээл авсан байсан. Үүний 300 тэрбум төгрөгийн өрийг нэг жилийн дотор дарсан” хэмээн ярьсан байдаг. Гэтэл өнгөрсөн жил төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хэрхэн ажилласан нь “нууц” үлдчихсэн. Энэ жил ч мөн л олон даргын нүүр үзсэн болохоор бүрхэг үлдэх нь. Товчхондоо, тэдгээр зомпаниуд ашигтай ажиллаж болдгийг 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед харуулсан.
Харин энэ удаа эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх та, ТӨБЗГ-ыг ямархуу түвшинд ажиллаж байгаа мэдэж, өөрийн хүнээ томилов уу. Эсвэл үйл ажиллагааных нь ашиг, орлогыг бүрхэгдүүлсэн чигээр нь сонгуулийн мөнгөө босгох даалгавартайгаар томилгоо хийв үү. Хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг бэхжүүлнэ хэмээж явсан Ерөнхий сайд өөрийнх нь тэргүүлж буй Засгийн газарт нь найм хүрэхгүй сарын хугацаа үлдсэн байхад Төрийн албаны хуулиа огоорч, өөрийн хүнээ томилж байгаа нь анхаарал татахаас аргагүй. Нэгэнтээ нэр хүнд нь үгүй болсон төрийн албыг дээрдүүлэхийн тулд нэгдүгээр сарын 1-нээс шинэ хууль хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл энэ нь хөрсөн дээр буухдаа үнэгүйдэж, намын харьяаллын томилгоонд суурилсаар байгааг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх та  өөрөө ийн батлаад байна.

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0