"Цагийн запас"-ыг халья
Дахиад л нэг улиг болсон сэдвээ сөхөхөөс аргагүйд хүрлээ. Яагаад гэвэл Монголчууд биднийг муухай харагдуулж ирсэн, одоо хэвээр байгаа цаг баримталдаггүй хоцрогдол улс орныхоо уруудалтыг дагаад тэр үү бүр ч их болов. Монголчууд үдээс хойно, өмнө гэсэн хоёрхон цаг байдаг гэсэн хошин үг бий. Энэ үг нүүдэлчин амьдрал зонхилж байсан тэр цагийнх л биз. Гэтэл одоо энэ үг бас үнэн нь харагдаад байна. Өмнөх нийгмийн үед буюу 30-40 жилийн өмнө тэр үг хэллэгээс бараг хасагдчихсан байсныг саная. Ажлын цагийг яг баримтална. Байгууллага бүр үүдэндээ цаг бүртгэгчтэй. Өдөрт хэн ажлаас хэдэн минут хожимдоно. Тэр нь хуримтлагдсаар авах цалинд нөлөөлнө. Болж буй хурал, зөвлөгөөн ч цагтаа эхэлнэ. Тав, арван минут алгуурлабал хурал зохион байгуулагч хариуцлага хүлээдэг. Ийм л авууштай дэг журамтай түүнийг дагаад хүний хариуцлага өндөр байж. Гэтэл одоо яаж байна.
Энд тэндхийн хурал цуглаан “цагийн запас”-тай зарлагддаг шиг. Энэ муу жишээг УИХ-ынхнаас тод харж болно. Чуулган цагтаа эхэлдэггүй. Байнгын хороод нь хуралдах гэж ёстой “заан тугаллана” гээч юм болно. Зарласан цагаасаа 30-40 минутын дараа эхэлбэл дээдийн юм болно. Заримдаа ирцгүй гээд бүтэн цаг хүлээлгээд хуралдаж чадалгүй тарна. Төрийн түшээд нь ажилдаа ирдэггүй гэсэн үг юм л даа.
Хаа нэгтэй үйл явдалд Ерөнхий сайд юм уу аль нэг сайд оролцох ёстой гэвэл хүлээж аргаа бардаг. Шуудхан хэлэхэд төр, засгийнхны үлгэргүй байдал нь Монголчуудыг цаг баримталдаггүй хоцрогдлыг улам дэврээж байна. Бидний Монголчууд муу юмыг тусгаж авахдаа дэндүү сурмаг. Урилга, тасалбар дээр 15:00 цагт гэж байвал 16:00 цаг гэж ойлгох болсон. За яахав эхэлж л байг гээд муу зуршлаа өмөөрнө. Театр, үзвэрийн газрын тоглолт ч цагтаа эхэлнэ гэж бүр ёсгүй дээ. “Бөхийн өргөө”, “УБ палас”, “Соёлын төв өргөө”-нд болж буй тоглолт, үйл явдал цагтаа болохыг үзсэн хүн ер нь байгаа болов уу. Энэ тухай хариуцагч хүнээс нь тоглолт яагаад эхлэхгүй байна вэ гэвэл үзэгчид ирэхгүй байна гэдэг. Уг нь үзвэр цагтаа эхэлдэг болчихвол үзэгчид ч ирдэг болно доо. Театрууд ч дотоод дүрэм, журмаа гээсэн шиг байгаа юм. Бөхийн өргөөнд бөхтэй гэдэг. Зарласан 14:00 цагаас 10-20 минутын дараа барилдаан эхлэхэд заалны суудлын тал хүнгүй харагддаг. Харин цагийн дараа дүүрчихсэн байдаг. Энэ мэтээр цаг баримтлана гэдгийг сүүлийн жилүүдэд огт мартжээ. Иймээс ингэж байна, тэгж байна гэх нуршуу яриаг цэглэе. Харин тодорхой санал байна. Үзвэр, үйлчилгээний газрууд дотоод журмаа дагаж урилга, тасалбар дээрээ 10 минут хожимдвол хаалга барихыг анхааруулж бичдэг болъё. Үүнийгээ баримтлая. Хожимдогсод нэг буцаг. Хоёр буцаг, гурав дахиа цагтаа ирдэг болно шүү дээ. Үүний дараа цагийн үнэ цэнийг ойлгодог болж таарна.
Сэтгүүлч бид нэгийг халж цөхөж ярьдаг юм. Тэр нь Төрийн ордонд болдог УИХ-ын байнгын хороодын хурал. Ажилдаа ирдэггүй гишүүдийг зүхмээр санагддаг. Сонин хэвлэлийнхэн чинь дандаа цагт баригдаж яаруу давчуу ажилтай хүмүүс учир тэр л дээ. Даанч УИХ-ын эрхэм түшээ нар даан ч дэггүйд сурчихсан, бусдын зовлонг ойлгодоггүй нь хэцүү.
Зарим нь хожимдохын дээдээр хожимдож ирчихээд нэг их хууль, журам ярих нь бүр зэвүү хүрмээр байдаг юм. Тэд хүмүүжихгүй л дээ. Бид ч тэдний алдааг засдаг нь биш. Тиймээс төрийн ажлыг завхруулж буй тэднээс салах л хэрэгтэй байна. Өнөөгийн түшээнцрүүдийн хэлдэг үг нь “хуулийн хүрээнд ажилладаг” гэх. Энэ нь хуулийг өөрсдөдөө тохируулж чадсан гэдгээ хэлчихэж байгаа хэрэг л дээ. “Цагийн запас”-ыг халъя. Тэгж гэмээнэ урагшлах, хөгжихөд нэмэртэй шүү.
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин