Японд есөн хүн амиа алджээ
Бямба гарагт Японы нийслэл Токио хот орчмын бүс нутгийг асар хүчтэй "Хагибис" хар салхи дайран өнгөрсний улмаас 9 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй болжээ.
Японы олон нутагт голууд үерлэж, орон сууцны хорооллууд усанд автсан байна. Япон даяар 90 гаруй хүн гэмтсэн гэж аврах болон бусад холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Үер, хөрсний гулгалтад нэрвэгдсэн төв, зүүн, зүүн хойд бүс нутгуудад аврах ажиллагаа үргэлжилж байна.
Гал тэрэгний операторууд ихэнх үйлчилгээгээ түр зогсоож, нийслэл хот орчмын болон эргэн тойрны нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагаа зогсоход хүрсэн байна. Японы Цаг уурын агентлаг Токио хот болон Гүнма, Сайтама, Канагава, Нагано, Шизүока, Нийгата, Фүкүшима мужид тавдугаар түвшний түгшүүр /хамгийн өндөр/ зарласан байна.
Ням гарагийн өглөө Токио болон төв, зүүн нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг цуцалжээ. Өнөө өглөөнөөс “Ханэда” нисэх буудал болон хурдан галт тэрэгний ихэнх үйлчилгээ хэвийн үргэлжилж эхэлжээ.
Өнгөрсөн есдүгээр сард “Факсай” хар салхины улмаас олон өрхийн цахилгаан хангамж тасарсан Чиба мужийн 110 мянга гаруй өрх өглөөний 7 цагийн байдлаар тог цахилгаангүй байжээ. “Tokyo Electric Power” компанийн мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бусад бүс нутгийн 160 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалджээ.
Ням гарагийн өглөөний байдлаар “Хагибис” хар салхи Мияко, Иватэ мужийг дайран өнгөрсөн бөгөөд тухайн үед 162 км/цагийн хурдтай байжээ. Токио хот орчмын бүс болон Японы зүүн хойд нутгийн дайран өнгөрсөн “Хагибис” одоо Номхон далайн эрэг орчмын бүсийг чиглэн урагшилж байгаа ажээ.
“Хагибис”-ыг хүч ням гарагийн үд гэхэд суларч, халуун орны циклон болох төлөвтэй байна.