МАН-ын бага хурлаар Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарын асуудлыг хөндөнө

МАН-ын бага хурлаар Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарын асуудлыг хөндөнө

МАН-ын Бага хурал энэ сарын сүүлээр хуралдаж цаг, үеийн асуудлуудаар шийдвэр гаргахаар товлосон байна. Тодруулбал, тус хуралдаанаар
  • МАН-ын нарийн бичгийн даргыг томилох
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог хасах тухай
  • Засгийн газрын нэр бүхий сайд буюу Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нарт хариуцлага тооцох тухай
  • 2020 оны УИХ-ын сонгуульд баримтлах бодлого үйл ажиллагааны талаар
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг цаашид хэрхэх тухай асуудлыг ярилцаж, шийдвэр гаргаж аж.
Мөн гишүүдийг сүрдүүлж УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зуруулсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үйлдлийг шүүж магадгүй гэх баттай бус мэдээлэл байна.
Харин намын нарийн бичгийн даргыг томилох тухайд Ц.Бат-Энхийг нарийн бичгийн даргаас чөлөөлж оронд нь У.Хүрэлсүхийн туслах болон МИАТ-ын дэд захирлаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг томилж магадгүй гэх мэдээлэл байна. Ц.Бат-Энхийг Эрдэнэт үйлдвэрийн даргад томилно гэх мэдээлэл бий билээ.
Уг Бага хурал нь бэлэг тэмдэг бүхий асуудлуудыг хэлэлцэх далимаар гурван сайдын хариуцлагын асуудлыг хөндөхөд гол чиглэж байна. Сүүлийн саруудад Засгийн газар болон Ерөнхий сайдын бодлого үйл ажиллагааны эсрэг ажиллаж шийдвэрийг нь эсэргүүцэж, бойкот хийж буй Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх аж.
Хариуцлага тооцохдоо сайдын албан тушаалтай ярих уу эсвэл намын гишүүнийх нь хувьд хариуцлага тооцох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
  • Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрийн хүү болон бэрээ төрийн албан тушаалд томилуулсан тухай хэл аманд орсноос гадна Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах асуудлаар намын даргынхаа бодлогыг сөрсөн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл тэрбээр М.Энхболдын багийнхантай нийлж Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжиж кноп дарсан. Мөн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг нам дотроо ширүүн эсэргүүцсэн байдаг. Тэрбээр бүлгийн хуралдааныхаа үеэр “Хэрвээ УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж ээлжит бус сонгуулийг арваннэгдүгээр сард зохион байгуулбал би МАН-аас гарна” гэж ярьсан. Түүнээс гадна түүнийг огцрохыг шаардсан жагсаал цуглаан бүтэн дөрвөн сар дамжин явагдлаа.
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хувьд ч мөн Ц.Нямдорж сайдтай адил Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Сургуулийн сурагчдын сүрьеэгийн асуудал гэх мэт түүнтэй холбоотой санал гомдол их.
  • Ц.Даваасүрэн сайдын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэд, хэдэн заалтыг эсэргүүцэн дуугарч байв. Энэ мэт шалтгаанаас болон тэдэнтэй хариуцлага тооцох асуудлыг ярина гэх мэдээлэл МАН дотор яригдаж байна.
2018 оны 12 дугаар сарын МАН-ын Бага хурлаар М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг хөндөж байсан. Тухайн хуралдаанд оролцсон гишүүд М.Энхболдод хариуцлага тооцохыг дэмжсэний дараа Удирдах зөвлөл, намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэж байв. Үр дүнд нь М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. МАН сүүлийн үед хэн нэгэнтэй хариуцлага тооцох болохоороо Бага хурлаа хуралдуулдаг уламжлалтай болсон нь энэ үү.

скачать dle 12.0