Эрүүдэн шүүснийг нотолсноор С.Зоригийн хэргийг үгүйсгэх үү?

Эрүүдэн шүүснийг нотолсноор С.Зоригийн хэргийг үгүйсгэх үү?
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал удахгүй болно. Тэднийг Эрүүгийн хуулийн 251, 133-р зүйл ангиар “Хууль бусаар эрүүдэн шүүсэн”, “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Өнгөрөгч сард Төв аймгийн Эрүүгийн хэргийн шүүхэд тав хоног үргэлжилсэн шүүх хуралдааны эцэст “нотлох баримт хангалтгүй” гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэвч прокурроос давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн тул уг хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхээр болоод байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрөгч баасан гаригт өөрийн пэйж хуудсанд “Төрийн нууц задлая” гэж байгаад нэгэн мэдээллийг тавьсан байна.
Тэнд “Сэжигтэн Т.Чимгээд тагнуулын хурандаа нар шоронд мансууруулах бодистой архи хүчээр өгч, ухаанаа алдсан хүнээс мэдүүлэг авч, ялтан гэгдэх замд нь оруулсан болохыг мэдээлэлд ойр эх сурвалжаас сонссон. ТЕГ-аас Т.Чимгээ улсын нууц задруулсан байна хэмээн хэрэг нээж, тэр нууцыг нь сонссон Ж.Батзандан гишүүн бид хоёр сэжиглэгдэж, сүртэй үгтэй зарлан дуудах бичиг хүлээн авч байцаалт өгсөн.
Б.Содномдаржаагийн амьдралыг бөхөөхийн тулд харгис яргачид бидний зөвхөн кинон дээрээс л үздэг тоймгүй олон янзын эрүү шүүлтийг түүнд хэрэглэсэн. Амийг нь хорлуулахаар өрөөнд нь бритва, хортой будаг оруулсан. Тэр энэ он жилүүдэд байнгын хатуу ширүүн зодуур дэглэлт дунд байлаа. Өлсгөлөнгийн байдалд удаан хугацаагаар байлгасан. Хүн амины хэрэгтэн И хэмээгч ялтанг сэжигтэн Б.Содномдаржаатай 80 хоног хамт байлгаж, дарамтлан тамлуулсны зэрэгцээ усанд оруулахгүй, агаар салхи үзүүлэхгүй олон сар байлгаж, эрүүл мэндэд нь нөхөшгүй хор хохирол учруулсан.
Т.Чимгээ Б.Содномдаржаа нар ямар зүйлийг тэсэж, тэвчиж одоог хүртэл цөхрөлгүй тэмцсээр байгааг олон хүн мэддэг болсон. Тэдний ар тал болсон хайрт эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл садангийнхан нь тэднээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй энэ цагийн баатрууд юм” хэмээн бичсэн билээ.
Болсон явдлыг эргэн сөхвөл тагнуулын байгууллага өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Төрийн ондонд Т.Содномдараа, Т.Чимгээ нарыг хорин ангийн байранд эрүүдэн шүүсэн гэх 27 минутын бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн билээ. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийг Төрийн ордны А танхимд цуглуулан “Энэ бол Ц.Содномдаржаа Т.Чимгээ нарын цагдан хоригдсон 476 хоногт өдөр болж байсан зүйл. Үүнээс цааших нь бичлэгийг олон нийтэд үзүүлэх боломжгүй учраас хамгийн гайгүй, хүнд үзүүлж болохоор хэсгийг нь үзүүллээ. Бичлэгийн энэ хэсгийг төрийн нууцаас гаргасан. Бусад нь нууцын зэрэглэлтэй учраас үзүүлэх боломжгүй” гэсэн юм.
Эх сурвалжийн хэлснээр “эрүүдэн шүүсэн” гэх хэргийн нотлох баримтаар нийт 23 ширхэг DVD тагнуулын архиваас хураагдсан бөгөөд үүнээс 19 нь хоосон буюу нотлох чанаргүй /эрүүдэн шүүсэн баримт байхгүй/, үлдсэн дөрвөн DVD нь сэтгүүлчдэд үзүүлсэн зургаан хоногийн /2015 оны 9 сарын 1-6/ бичлэг байгаа аж.
Өөрөөр хэлбэл, бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн тагнуулын ажилтан болон Ц.Нямдорж сайдын хэлээд байгаа “476 хоногийн турш эрүүдэн шүүсэн, тамлан зовоосон” гэдэг мэдээлэл худлаа болох нь. (Хэрвээ тийм бишсэн бол Ц.Нямдорж сайд аль хэдийн бичлэгийн үлдсэн хэсгийг ч гэсэн нийтэд дэлгэх байсан биз. Нууцлах нь түүнд ашиггүй шүү дээ)
Харин Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг баривчлан Төв аймгийн цагдан хорих төвд саатуулсан эхний зургаа хоногийн бичлэг хэргийн гол нотлох баримт болж байгаа юм байна. Тэгэхээр эрүү шүүлт болсон уу, болсон. Энэ хэргийн улмаас хэн нэгэн ял, хариуцлага хүлээх нь бол тодорхой. Харин буруутан нь хэн бэ? гэдэг асуултад шүүх хариулт өгч чадаагүй байна.
Гэвч нөхцөл байдлыг ашиглан зарим нэг улстөрчдийн зүгээс “С.Зоригийн хэрэг бол зохиомол хэрэг юм. Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр яллалаа” гэсэн ухуулгыг хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр идэвхитэй хийж байгаа. Өнгөрөгч баасан гаригт Л.Болд гишүүний дэлгэсэн мэдээлэл ч гэсэн үүний нэг хэсэг болов. Гэвч ингэхийн тулд нотолгоо шаардлагатай болно.
Учир нь гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэдэг нэг асуудал. Эрүүдэн шүүх замаар буюу хууль бусаар нотлох баримт цуглуулсан бол бас тусдаа асуудал. Эцэст нь хууль бусаар олж авсан нотлох баримт дээр үндэслэн гэмт хэрэгт ялласан бол огт өөр асуудал болно. Харин манай улстөрчид /Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар/ үүний ялгаа заагийг олж харахгүй, эсвэл харахыг хүсэхгүй байгаа бололтой. Эсвэл цаана нь өөр ямар нэг ашиг сонирхол байдаг биз. Хоёр жил гаруй шалгагдсан энэ хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа эрүүдэн шүүсэн асуудал гэнэт босч ирсэн нь ч гэсэн сонирхолтой.
Хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байх тэр үеэс эхлэн улс төрийн болон хуулийн байгууллагын зарим хүрээнд “Энэ хэргийг яаж зогсоох вэ, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаж мэдүүлгээс нь буцаах вэ” гэдэг  хөл хөдөлгөөн бий болж, үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бужигнаад эхэлсэн байдаг. Байдаг гэхийн учир нь энэ талаарх нотлох баримтууд ч тагнуулын байгууллагад хангалттай цугларсан юм байна. Захиалагчийн хэргийг гүйцэтгэгчээс тусгаарласны дараа гүйцэтгэгч нартай хэн, ямар шугамаар холбоо тогтоож, тогтоохыг оролдож байна гэдгийг эрх биш харж хянадаг юм байгаа биз дээ. Энэ хүрээнд авагдсан мэдээлэл гэж ойлгож болно.
Харамсалтай нь өнөөдөр захиалагчийн хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсгийн гишүүдийг бүгдийг нь өөр ажилд томилох замаар ажлын хэсгийг тараачихсан, оронд нь дандаа шинэ хүмүүс томилсон болохоор тэр мэдээлэл ч гэсэн устаж алга болохгүй гэх баталгаагүй болчихоод байна.
УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат өнгөрөгч дөрөвдүгээр сард “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Эрүүдэн шүүсэн асуудал дээр 2018 оны арванхоёрдугаар сард албан ёсоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаад явж байсан. Энэ үед зарим улстөрч, албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг олж авсан байдаг. Тэр нь дуулиан болоод ҮАБЗ, УИХ-ын чуулган, сүүлдээ бүр сэтгүүлчдэд хүртэл үзүүлсэн тэр нотлох баримт илрээд, 2019 оны гуравдугаар сарын 15-нд энэ хэрэгт холбоотой хүмүүсээ бариад яллагдагчаар татсан. Шүүгчийн захирамж гараад цагдан хорьсон” гэсэн билээ. Харин Ц.Нямдорж сайд гуравдугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдааны дараа эрүүдэн шүүсэн асуудлаар мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Нямдоржтой Нямдоржгүй илэрчихсэн байсан хэрэг дээр сайд өөрөө урдуур, хойгуур нь гүйгээд “Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гээд байгаагийн цаана ог өөр ашиг сонирхол яваа хэрэг.
Ялангуяа эрүүдэн шүүсэн хэргийг АТГ-аас шалгаж эхэлсний дараа уг хэргийн мөрдөгч болон прокурорт "Энэ хэргийг ашиглаад С.Зоригийн хэргийг задал” гэдэг үүрэг даалгаврыг "дээрээс" нэг бус удаа өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Гэвч хэргийн мөрдөгч, прокурорууд хавтаст хэрэгтэй танилцаад “Хэргийг задлах боломжгүй юм байна” гэдэг хариуг өгсөн аж. Харин одоо уг хэрэг цагдаагийн байгууллагад шилжсэн учраас хэргийг задлах, эсэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа бололтой. Ялангуяа хэргийн харьяаллыг өөрчилж, цагдаад шилжүүлсний дараа мөрдөн байцаагч нь эрүүдэн шүүсэн хэргийг шалгахдаа шүүхээр шийдэгдсэн С.Зоригийн хэргийн материалыг бүхэлд нь татаж авсан мэдээлэл байна.
Эцэст нь нэг л зүйлийг хэлэхэд Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нар хэргээ хүлээгээгүй, өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөөгүй учраас "эрүүдэн шүүх замаар буюу хууль бусаар олж авсан" нотлох баримт энэ хэрэгт байхгүй ээ гэсэн үг. "Хэргийг задлах боломжгүй юм байна" гэсэн мөрдөгч, прокуроруудын үг ийм учиртай. Харин эрүү шүүлт хэрэглэсэн буюу гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөнийхөө төлөө хэн, ямар ял хүлээх нь хуулийн буюу шүүхийн асуудал. Энэ дундуур харин "Эрүүдэн шүүсэн юм чинь С.Зоригийн хэрэг зохиомол шүү" гэж хашгираад яваа улстөрчдийн ашиг сонирхол л гэсэн өөр. Магадгүй гүйцэтгэгч нар захиалагчаа илчлэх вий гэдгээс айсан болгоомжлол ч байж болно.
Захиалагчийг ирүүлээгүй байж гүйцэтгэгчийг нь ялладаг ямар хууль байна? гэж Ц.Нямдорж сайд байнга асуудаг. Тэгвэл Монголд тийм хууль байна аа. Учир нь цагдан хорих хугацаа нь хуулийн хязгаартай учраас, захиалагчийг хамтад нь шалгана аа гэхээр Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг суллах болчихоод байсан учраас захиалагчийг хэргийг тусгаарлахаас өөр арга байгаагүй юм аа гэж хэрэгт хяналт тавьсан прокурор нь өөрөө хэлсэн дээ.

Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0