Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ
Алс Якутаас Кремльд шүглэсэн буг чөтгөрийг зайлуулахаар Москва хот руу явган аялж байгаа бөөг өчигдөр Оросын цагдаа нар баривчлан саатуулжээ.
Түүний хэлж байгаа буг чөтгөр нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин юм байна. Бөө Александр Габышевыг Байгаль нуурын ойролцоох замд алхаж явахад нь Буриадын цагдаа нар баривчилж, төрөлх Якут руу нь буцаахаар болсон гэнэ. Габышевыг Якутад эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэргийн сэжигтэн гэсэн шалтгааныг цагдаагийн газар хэлсэн байна.
Тэрээр өнгөрсөн хавар Якут дахь төрөлх хотоосоо явган гарсан бөгөөд ойр зуурын эд хэрэгслээ тэргэнд ачин чирч яваа юм, Москва хүрэх 8,000 гаруй километр замын турш тэр олон фэнтэй болж, зарим нь түүнтэй зэрэгцэн алхах, хоол хүнс, мөнгөөр туслах, тэргийг нь чирч өгөх зэргээр дэмжиж байв.
Хэвлэлд ярихдаа Габышев “Бурхан тэнгэр надад Путиныг буг чөтгөр мөн гэж хэлсэн. Түүнийг байгаль дэлхий таалахгүй байгаа. Байгаа газар бүрт нь гамшиг, террорист халдлага гарч байна” гэж байв.
“Түүнийг зайлуулбал мянган жил үргэлжилсэн амар амгалан, хөгжил цэцэглэлт бий болно” гэж Че Геварагийн дүрстэй цамц өмссөн бөө ярьжээ.
Габышевын фэнүүд түүнийг баривчилсан явдалд санаа зовж байгаагаа онлайн орчинд илэрхийлцгээж байна. Бөөд “экстремист үйл ажиллагаа” зохион байгуулсан гэсэн хэрэг тулгаж магадгүйг зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Хэрвээ энэ үнэн бол тэр хоёр жил хүртэл хугацаанд хоригдох шийтгэл хүлээх юм. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный бөөг баривчилсан эрх баригчдыг шүүмжилжээ.
“Ард олныхоо дунд өндөр рэйтингтэй байгаа аугаа Путин ганц Якут бөөгөөс айж, автомат буутай 20 хүнээр баривчлууллаа” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.
Хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллага Габышевыг суллахыг Оросын эрх баригчдад уриалжээ. Тус байгууллагын Орос дахь төлөөлөгч Наталья Звягина “Бөөгийн үйлдэл хачин жигтэй байж болно. Гэхдээ Оросын эрх баригчдын авсан арга хэмжээ инээдтэй байна. Тэд үнэхээр бөөгийн ид шидээс айлаа гэж үү?” гэж хэвлэлд ярьжээ.
Габышевыг баривчилсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос тодруулахад тэр “Кремль Оросын иргэн бүрийн өдүүлсэн гэмт хэргийн талаар мэдэх боломжгүй” гэж хариулсан байна.
Габышевыг өнгөрсөн сард Улаан Үд хотод ирэхэд орон нутгийн “эх оронч” бөө нар нэвтрүүлэхгүй хэмээн хориглож, буцахыг шаардаж байв.
Энэ маргаанаас үүдэлтэй бага хэмжээний мөргөлдөөн үүсч, Габышевыг дэмжигч хэд хэдэн хүнийг баривчилж байжээ.
Габышев өнгөрсөн гуравдугаар сард Якутаас явган гарч Москва хүртэл замынхаа гуравны нэгийг туулаад байв. Тэрээр 2021 онд Москвад хүрэх төлөвлөгөөтэй байжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP