Н.Энхбаяр: Гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ үндсэн хуульд гар хүрэх эрхгүй
УИХ-д суудалгүй намын төлөөллүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 17 нам, 100 гаруй иргэний хөдлөгөөн, эрдэмтэн судлаачид хамтран эсэргүүцээд байна. Тиймээс Үндсэн хуульд итгэл даасан парламент “гар хүрдэг” дэлхийн жишиг бий. Гэтэл гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн УИХ Үндсэн хуульд “гар хүрэх” эрхгүй гэсэн дүгнэлт, шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлсэн байна. Харин энэ шаардлага нь үр дүнд хүрч, Ерөнхийлөгч саналаа татаж авсан талаар мэдээллээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “УИХ-ын гишүүд өөрсдийнхөө тоо, ажиллах хугацааг нэмэх гэж оролдоод тэр нь уналаа. Тэд өөрсдөө үүнийг унагаасан юм биш. Ард түмэн шүүмжилсэн учраас яаж ч чадахгүй саналаа унагааж байна. Өчигдөр Ерөнхийлөгч өөрийнхөө саналыг татлаа. Энэ болохгүй байгаа зүйлээс өөрийгөө мулталж гаргах гэсэн оролдлого. УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлээд УИХ Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хоёр төсөл хэлэлцэж болохгүй. Харин УИХ нэг л төсөл байгаа гэдэг. Тэр төсөлд нь УИХ-ын 62 гишүүн бас Ерөнхийлөгчийн санал ч бий. Гэтэл Ерөнхийлөгч саналаа татчихаар энэ төсөл бүхэлдээ нурж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч саналаа татсанаар Үндсэн хуулийн төсөл гэж байхгүй. Одоо УИХ-д хэлэлцэх төсөл байхгүй гэсэн үг. Хууль зөрчсөн утгагүй үйл ажиллагаа үүгээр дуусч байна. Харин УИХ энэ үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Үндсэн хуулийг дахин дахин зөрчинө” гэлээ.
Ж.Бат