Нүүрсний салбарынхан юуг ОНЦЛОВ
Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөө жил “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор хуран цугласан нүүрсний салбарын гол “тоглогчид” худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том платформ болж ирсэн уг чуулга уулзалтаар зах зээлийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсон хэд хэдэн томоохон судалгааг танилцуулав.
Тухайлбал Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн 2019-2020 оны төлөв байдлаас гадна коксжих нүүрсний зах зээлийн ойрын ирээдүйг олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагууд хэлэлцүүллээ. Үүнээс гадна бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг ярилцав.
Манай улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төсвөт тооцоолсон. Энэ нь өмнөд хөршийн коксжих нүүрсний импортын талаас илүү хувьтай дүйцэх дүн. Өрсөлдөөнд манлайлахын тулд мэдээж чанартай бүтээгдэхүүн байх ёстой. Үүнийг бий болгох уулын ашиглалтын болон баяжуулах технологийг чуулганы үеэр ярилцлаа. Өрсөлдөөнд манлайлахад эдийн засгийн үр ашигтай, өртөг багатай дэд бүтэц хэрэгтэй. Хилийн хурдан нэвтрэлтэд хоёр талын харилцан ойлголцол их чухал. Энэ утгаараа хоёр улсын бүс нутгийн, хил орчмын аймгуудын төлөөлөл болон. Өвөр Монголын Баяннуур аймгаас төлөөлөгчид чуулганд оролцлоо.
Нүүрсний экспортын зах зээлд ОХУ хүч түрэн орж ирсэн. Харин Хятад хамгийн том худалдан авагч. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Энэ хоёр улсын улс төрийн харилцаа ч сайн байна, үүнийгээ ашиглаад нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Манай өрсөлдөгчид бизнесийн хувьд хүчирхэг, уул уурхай нь ч хөгжчихсөн. Дээрээс нь бодлого нь тогтвортой, улс төрийн хувьд ч зарим нь Хятадтай илүү сайн харилцаатай. Монгол Улс богино хугацаанд тоглолт хийж байр сууриа бэхжүүлнэ гэдэг амар зүйл биш. Тиймээс хятадуудтай сайн ойлголцож, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Наад зах нь Дэд бүтцийн тулгамдсан асуудлаа шийдэх учиртай” гэдгийг онцолсон.
Энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс” ассоциаци ажилласан бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтрагчаар оролцсон юм. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн чуулган уулзалтын ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжиж, жин нөлөө нь нэмэгдсээр буй.
Өнөө жил нүүрсний салбарын зах зээлийн төлөв, үнийн чиг хандлагын талаар дэлхийн нөлөө бүхий судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч, судлаачдын байр суурь, коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт, нийлүүлэлт, ОХУ, Австрали, Индонез, Энэтхэг зэрэг өрсөлдөгч орнуудын өөрчлөлт, зах зээлийн тэлэлтийн талаар илүү бодит мэдээллийг “Coal Mongolia-2019” чуулганы индрээс хүргэв. Салбарын худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, ирээдүйтэй төслийг чуулга уулзалтаар танилцуулахаас гадна бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг ес дэх удаагийн чуулган онцоллоо.
Ес дэх удаагийн чуулганы хоёр дахь хэсэг “Зах зээлийн шинжилгээ” гэсэн хүрээнд өрнөсөн. Уг цагаар Хятадын эрчим хүчний болон коксжих нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдлыг зураглалаа. Эдгээрээс гадна кокс-ийн худалдааны асуудал болон гангийн зах зээлийн хамгийн сүүлийн үе мэдээллийг оролцогчдод уламжилсан.
S&P Global Platts-ийн шинжээч Вэн Илэ “Металлургийн нүүрсний зах зээл ба чиг хандлага”-ыг үргэлжлүүлэн тодорхойлсон бол Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциацийн шинжээч энэхүү хэсэгт өөрийн илтгэлээ хэлэлцүүлсэн.
Чуулганы сүүлийн өдөр буюу өчигдөр /2019.09.06/ “Нүүрсний олборлолт, баяжуулалт, тээвэр, ложистикийн асуудлыг хэлэлцүүллээ.
“Coal Mongolia” чуулганыг уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Гложекс” компанийн ерөнхий захирал, эдийн засагч Л.Наранбаатар үүсгэн байгуулж, 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Харин энэ жилээс тус арга хэмжээг “Монгол нүүрс ассоциаци”-д шилжүүлсэн. Ингэснээр Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх эл чуулга уулзалтыг цаашид “Монгол нүүрс ассоциаци” зохион байгуулахаар болсон. Өнөө жил чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол нүүрс ассоциаци” хамтран зохион байгуулагчаар БНХАУ-ын Нүүрсний тээвэр, худалдааны ассоциаци ажиллав.
Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажилласан бол дэмжигч байгууллагаар Монгол дахь Австралийн худалдааны танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, Британийн Элчин сайдын яам ажиллав.
Г.Сүрэн
Эх сурвалж: shuud.mn