Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх

Боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонгох үүрэг буюу хязгаарлагдсан эрх
Төлөвлөснөөрөө өдийд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахаар бэлтгэж байх учиртай эрх баригчид өрөөл бусадтай байтугай өөр хоорондоо зөвшилцөж чадахгүйд хүрээд багагүй хугацааг үдлээ.
Дуншиж, дуншиж өчигдөр л нэг шийдэлд хүрэв бололтой, тэд.
Өөрөөр хэлбэл, зөвшилцөлд хүрч чадахгүй байсан сонгуулийн тогтолцоо, парламентын хугацаа, гишүүдийн тоотой холбоотой саналд МАН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ.
Ингэхдээ таван жилийн хугацаатай парламентыг 99 гишүүнтэй бүрдүүлэхээр болж, сонгуулиа холимог буюу 76 гишүүнийг мажоритар, 23-ыг нь жагсаалтаар оруулах хувилбарыг сонгожээ.
Өмнө нь парламентын олонхын бүлгээс ирэх оны УИХ-ын сонгуулийг улс нэг тойрогтой, мажоритар тогтолцоогоор явуулах хуулийн төсөл боловсруулчихаад байсан.
Харин Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаснаар маргаан ийнхүү өдийг хүртэл үргэлжилсэн юм. Үүнээс улбаалан эрх баригчдын бүлэг Ерөнхийлөгч, сөрөг хүчнээс гадна нам дотроо ч тохиролцож чадахгүйд хүрсэн. Хагас жил гаруйнхны дараа “үхэх, сэхэх”-дээ тулсан мэт өрсөлдөх хүмүүсийн хувьд өөртөө хамгийн ашигтай хувилбарыг дэмжих нь мэдээжийн хэрэг.
Тиймдээ ч эрх баригч МАН-ын ахмадууд, долоон суудалтай сөрөг хүчин нь холимог тогтолцоог дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ямар нэгэн тойрогт нэр дэвшинэ гэхгүйгээр амар хялбар аргаар парламентад суух боломжтой учраас тэд ийн дэмжих нь аргагүй. Тиймдээ ч шинэ залуу гишүүд өөрсдөдөө халгаатай холимог тогтолцоог эсэргүүцэж өмнөх шигээ мажоритар системээр сонгуульд өрсөлдөхөөр гэдийж байлаа.
Үүн дээр нэмээд эрх баригчдын албан бус хоёр бүлэг талцаж, тохиролцож чадахгүй байгаа гэсэн мэдээлэл ч гараад байсан юм.
Энэ хугацаанд өрсөлдөөний учир шалтгааныг ойлгож болох ч улс орон, ард иргэдийн эрх ашиг хийгээд эцэг хуулиа хэрхэн сайжруулах нь тэдний сонгуульд ялах хүслээс төдийлөн чухал бус байсан нь ихэд харамсалтай. Гэхдээ энд тэдний зөрчил, талцлыг бус төлөөллөө сонгох иргэдийн эрх хийгээд сонгуулийн тогтолцооны тухай өгүүлэх болно.
СОНГОЛТГҮЙ СОНГОЛТЫГ ЭЦЭСЛЭЕ
Үе үеийн эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбараар сонгуулийн тогтолцоо, тойргоо хуваарилдаг ч ихэнхдээ эсрэг талынх нь ялалтаар өрсөлдөөн өндөрлөж байгааг сүүлийн жилүүдийн сонгууль харуулж байгаа.
Жишээ дурдвал, 2008 оны эрх баригчид МАХН (одоогийн МАН)-ынхан 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хууль баталсан ч сөрөг хүчин АН ялалт байгуулсан байдаг.
Ийнхүү эрх мэдэлд хүрсэн АН-ынхан харин 2016 онд жижиг мажоритар системийг сонгосон ч сөрөг хүчин МАН нь үнэмлэхүй ялалт байгуулснаар даруй гурван жилийг үдлээ. Эндээс үе үеийн эрх баригчид өөрсдөдөө ашиггүй хувилбар сонгочихов уу гэвэл бас үгүй.
Харин намуудын дотоод эв нэгдэл, нэр дэвшигчдийн нэр хүнд, иргэд сонгогчдын хандлага л чухал нөлөө үзүүлдэг юм уу даа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоо ямар байлаа ч иргэдийн итгэл үнэмшилд тохирсон, ажил хөдөлмөрөөрөө нутаг орондоо үнэлэгдсэн, цаашлаад иргэдийн өөрсдийнх нь сонгосон хүнийг нэр дэвшүүлэх нь хамгийн чухал байх нь. Гэтэл манай улсад сонгогчид өөрсдийн итгэл үнэмшлээрээ сонголтоо хийхгүй байгаад учир байна.
Энд саналаа худалдах асуудал хамаагүй. Харин парламентад суух төлөөллөө иргэд, намын гишүүн дэмжигчид өөрсдөө сонгож, нэр дэвшүүлдэг болбол байдал арай өөр байж мэднэ.
Тэгээд ч иргэдийн хуульд заасан эрхийг хангах нөхцөл бүрдэнэ. Хэдийгээр ард иргэд төлөөлөгч гишүүнээ өөрсдөө сонгож байгаа ч үнэн хэрэгтээ намын дарга нарын илгээсэн сонголтгүй сонголтыг л хийж байгаа нь үнэн. Үндсэндээ боссуудын “томилсон” нэр дэвшигчдээс сонголтоо хийдэг хязгаарлагдсан эрхтэй иргэд бид.
Үүгээр Улс төрийн намын тухай хуулиар нэр дэвшүүлэх асуудлыг намын их хурал эсвэл намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ гэж заасан нь иргэдийн эрх, ардчиллын үндсийг сулруулж байгаатай адил зүйл гэдгийг л хэлэх гээд байгаа юм.
Аль ч тогтолцоог ашигласан нэр дэвшигчдийг намын удирдлагууд оноож байгаа нь одоо үед улс төрийн намуудад ихээхэн үгүйлэгдэж буй тунхгийн чанартай дотоод ардчиллыг булширсаар байнa.
Монголын төр үнэхээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө юм бол тухайн тойрогт оршин суугаа гишүүдээс бүрэлдсэн намын анхан болон дунд шатны байгууллагууддаа нэр дэвшигчээ ардчилсан замаар тодруулах эрхийг өгөх хэрэгтэй. Тиймээс ч Үндсэн хуульд зааснаар иргэд төлөөллөө чөлөөтэй сонгох эрхтэй учраас үүнийг хангаж Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулах цаг болсон.
Үндсэн хууль дахь иргэн, чөлөөтэй гэсэн нь тунхгийн чанартай зүгээр нэг үг бус, эрх үүрэг хүлээлгэсэн хууль юм бол, хэрвээ иргэн, чөлөөтэй гэдэг үгнүүд ямар нэг утгатай бол иргэд өөрсдийн төлөөллөө хэний ч тулгалтаар бус, хэнээр ч дамжуулахгүйгээр сонгох бас эс сонгох эрхтэй гэсэн үг.
ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ХАРИУЦЛАГА СУЛРУУЛДАГ
Манай улс 1992 оноос хойш долоон удаа сонгууль явуулахдаа жижиг, том тойрогтой мажоритар, холимог системийг аль алийг нь ашиглаж үзсэн. Ингэхдээ түүхэндээ анх удаа 2012 оны УИХ-ын сонгуулийг мажоритар, пропорционалийг нийлүүлсэн холимог тогтолцоогоор явуулсан байдаг.
Харин одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиар иргэн хүн УИХ-ын гишүүнээр ийм, тийм хүнийг сонгоно гэж зааснаас аль нэг, нам эвслийг сонгоно гэж заагаагүй нь 2012 оны УИХ-ын сонгуулийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан дагуулж байлаа. Харин энэ удаа хууль зөрчихгүйгээр барахгүй Үндсэн хуульдаа холимог тогтолцоог суулгахаар төрийн түшээд санал нэгдэв. Гэхдээ үүнийг эцэслэж баталтлаа багагүй хугацааг үдэх биз.
Холимог нь пропорциональ буюу нийт тойргоос авсан саналын хувиар жагсаалтаар суудал авах, мөн мажоритараар нэр дэвшигчийг шууд сонгох хувилбаруудын нийлбэр.
Энэ тогтолцоо нь парламентад суудалгүй, цөөн суудалтай намуудад ашигтай бол шинэ залуу хүмүүст халтай гэдэг. Мэргэжлийн судлаач, улстөрчдийн хэлдгээр холимог тогтолцоо нь хариуцлагыг намын ч, нэр дэвшигчийн түвшинд ч сулруулах талтай.
Учир нь, хариуцлагагүй нам тууштай гишүүд дэмжигчдийнхээ хүчээр жагсаалтаараа засаглах хэмжээний хангалттай суудал авах боломжтой. Тиймээс хариуцлагагүй нам засаглахуйд засгийн эрхнээс буулгахад хүндрэлтэй гэдэг.
Мөн санал өгөлтийг хаалттай жагсаалтаар явуулбал, чухам аль нэр дэвшигчийг УИХ-д суулгахыг хүсэж буйгаа илэрхийлэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Дээр нь, өнөөх л Улс төрийн намын тухай хуулиар нэр дэвшүүлэх эрхийг намын боссуудын эрх мэдэлд төвлөрүүлсэн тул тэд иргэдийн хүс-лийг үл харгалзан хэ-нийг жагсаалтаар УИХ-д суулгахаа шийднэ. Үндсэн-дээ энэ нь намын дарга, лидерүүдийн эрх мэдлийг улам л ихэсгэж буй хэрэг гэж үзэх судлаач цөөнгүй бий.
Тэгвэл дараагийн парламентын 76 гишүүн нь сонгогдох магадлалтай мажоритар тогтолцооны хувьд ч давуу болон сул талтай. Сонгогчид төлөөлөгчөө шууд сонгодгоороо давуу талтай ч дэмжигчдэдээ таалагдахын тулд популист мөрийн хөтөлбөрөөр иргэдийг хулхидаж, улмаар non улстөрчдийг од болгосон нь энэ системийн нэг алдаа.
Үүнээс гадна томоохон улс төрийн намуудад давуу байдал олгож, тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн, жижиг намуудад халгаатай.
Сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай, жалга довны үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг зэргээр уг системийн сул талууд өмнөх сонгуулиудаар батлагдсан. 
Харин аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялж дангаараа Засгийн газар байгуулах магадлалтай ба хүчтэй сөрөг хүчин бий болдгоороо онцлогтой. Мөн гишүүн, сонгогчид нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нөхцөл бүрэлддэг, хүчтэй нэр дэвшигч ялалт байгуулах магадлалтай, улс төрийн нам, нэр дэвшигчтэй хариуцлага тооцох бу юу мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуулиар хариуцлага тооцож, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх бүрэн боломжтой гээд давуу тал ч олонтой тогтолцоо юм.
Түүнчлэн парламентын 23 гишүүнийг бүрдүүлэх таамагтай байгаа пропорциональ нь аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ногдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг.
Өөрөөр хэлбэл, 10 мандаттай тойргийн нийт сонгогчдын 50 хувийн саналыг авсан нам нийт мандатын 50 хувь буюу таван мандат авах ёстой. Пропорциональ системийн онцлог нь олон намын оролцоотой парламент бүрдэх боломжтой, нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийдэг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг.
Харин аль нэг нам олонхын суудал авах магадлал багасаж эвслийн Засгийн газар байгуулагдаж, жижиг намууд шахалтад орох магадлалтай байдаг. Мөн том намууд цаг ямагт тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг бөгөөд сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг тул улс төрийн намуудад хариуцлага тооцох боломж хомс байдаг.
Улс төрийн намуудын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрдөг ба бие даан нэр дэвшигчдэд халтайгаас гадна парламентын гишүүн, сонгогч хоорондын уялдаа холбоо ихээр багасдаг зэрэг сөрөг тал бий.
Нэгэнт бид сонгуулийн аль ч тогтолцоог хэрэглэсэн туршлагатай учраас улстөрчид өөрсдийн эрх ашгаа гээчихвэл сонголт нь хялбар л байх. Сонгуулийн системийн өөрчлөлт нь мэдээж олон зүйлийг өөрчлөх болно. Гэхдээ эерэг, сөрөг байх нь хэрхэн өөрчлөхөөс хамаарах билээ.

Б.Цэнд-Аюуш
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0