Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал маргааш болно
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох, шүүх хуралдаан энэ сарын 23-нд болно. Энэ сарын 8-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлгийг шүүгч Ю.Энхмаа удирдан явуулсан.
Мөн уг хэрэгт Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүгдэгчээр татсан ба тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 гэсэн зүйл ангиар ялласан юм.
133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.Хурц болон дээрх найман хүнийг Б.Булган, Г.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг албадан мэдүүлэг өгүүлсэн, эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгажээ. Одоогоор тэд нийт 17 өмгөөлөгч хөлсөлөөд байгаа юм байна.
Эх сурвалж: Guren.mn