Зимбабве улс заануудаа зарна бас хандивлана
Зимбабве улс ан амьтдынхаа тоо толгойг бууруулах зорилгоор зэрлэг заануудаа худалдаалах шийдвэрийг гаргасан гэж тус улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдэгджээ.
Зэрлэг ан амьтдын асуудлаарх Африкийн Холбоо болон НҮБ-ын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын дараа Э.Мнангагва сэтгүүлчдэд ийнхүү мэдээлсэн байна. Зимбабве улсын зааны тоо толгой 84 мянгад хүрсэн бөгөөд тус улс 50 мянган зааныг хоол хүнсээр хангах нөөц бололцоотой ажээ.
Зимбабве улсын Ерөнхийлөгч “Африкийн зарим улс орон зэрлэг ан амьтдын тоо толгойгоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна, бид зэрлэг ан амьтдынхаа заримыг худалдаж, заримыг хандивлахаар төлөвлөж байгаа” гэжээ.
Ерөнхийлөгч Э.Мнангагва заан худалдан авах боломжтой орноор Ангол улсыг нэрлэсэн бөгөөд тус улсын минагүйжүүлсэн бүс нутгуудад заан нутагшуулах боломж бий гэдгийг мөн онцолжээ.
Тэрбээр “Дайны улмаас Анголд маш олон газрын мина булагдсан бөгөөд олон амьтан зүүн нутгийг зорьсон. Иймээс бид Анголын эрх баригчидтай хамтран минагүйжүүлэх санхүүжилтийг босгож, тус улсад арслан, заан, одос үхэр өгөх боломжтой” гэжээ.
Эх сурвалж: inews.mn