Цэнгэлдэхийн тасалбараа цахимаар худалдаал

Цэнгэлдэхийн тасалбараа цахимаар худалдаал
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Жил жилийн наадам дөхөхөөр Төв цэнгэлдэхэд нэвтрэх тасалбар авах гэсэн иргэд болон шагийн наймаачид хонон, өнжин дугаарлах нь биднийг хэр их хоцрогдсоныг харуулдаг.
Наадмын тасалбарыг шаглан зарж бизнес эрхлэгчид олон байна. Шагчид наадмын тасалбар борлуулж эхлэв үү үгүй юу хүмүүс хөлслөн оочерт зогсоочихдог. Өдөржин дугаарлан зогсоод тасалбар авах энэ ажилд 20-30 мянган төгрөгийн цалин өгдөг байгаа юм. Наадмын өдөр нэг тасалбарыг хоёр нугалж зардаг шагчдын хувьд нэг хүнийг 20 мянган төгрөгөөр цалинжуулаад тасалбар олж авах нь хотойгоод байх зүйл биш. Соёлын төвийн үүдэнд дугаарлан зогсоо хүмүүсийн талаас илүү хувь нь шагчид болоод тэдний хөлсний ажилчид байдаг.
Өнгөрсөн жил дугаарлан зогссож байсан хүмүүсийн дундаас нэг залуу пидхийтэл ухаан алдаад уначихаж билээ. Ухаан алдсан залуугийн хажууд дугаарлан зогссон хүмүүс өөр хоорондоо шивэр авир хийн нүдний шил зүүсэн нэгэн бүсгүйг буруутган “Тэр хүүхэн 20-30 залууг хөлслөн зогсоосон. Тэгээд хоол унд ч авчирч өгөхгүй болохоор энэ залуус уналгүй яахав. Олон билет авч шаглаж зарах гэж хүний амийг ч хайхрахгүй болж дээ” хэмээж байсан.
Үнэндээ билет авахаар дугаарлан зогсох иргэдийн эрүүл мэнд муудаж, гэнэт унаад өгөхийг үгүйсгэх аргагүй байдал тэнд үүсдэг. Хэд хоногоор дугаарлаж зогссон иргэдэд хамгийн дээд тал нь хоёр л тасалбар авах боломж олддог. Халуун наранд, салхинд, бороонд ч байсан хамаагүй зогссоор  хоёр тасалбар авахдаа хаана сууж үзэхээ ч мэдэх эрхгүй. Хамгийн багадаа 48 цаг дугаарлаж байж  2 тасалбартай буцна.
Жилийн жилд наадмын тасалбар түгээх ажил нэг иймэрхүү л болдог.  Жирийн иргэд тасалбар олж авах боломж хомс. Наадам маргааш эхлэх гэж байхад шагийн билет зарагдаж эхэлдэг. Тэднийг шагийн билет зарж байна гэж хэн ч хориглохгүй, багсайтал бариад л зогсож байдаг.  Хөөрхий жуулчид их авч харагддаг. 
Наадам үзэхдээ зайлшгүй энэ давааг давах ёстой юм шиг явж ирсэн энэ уламжлалт хэлбэрийг халмаар байна. Юм хөгжөөд бүх юм гар утсанд багтчаад байхад наадмын билетийг онлайнаар зарчихаж болно доо.
Манай наадмын тасалбар бүү хэл олимп, ДАШТ зэрэг олон улсын чанартай уралдаан тэмцээнийн тасалбарыг онлайнаар зарж болоод байхад заавал шагчдыг өөгшүүлж, иргэдээ “зовоох” гэсэн шиг өдрийн халуун наранд, өнжиж хүлээлгэн байж ганц хоёрхон тасалбар атгуулах нь XXI зуунд амьдарч байгаа хэнд ч аймшигтай зүйл. 

Г.Сүрэн
Эх сурвалж: shuud.mn


скачать dle 12.0