Ч.Санжаадамба: Улсын алдар цолтой бүх бөхчүүд допингийн эсрэг гарын үсэг зурсан
Допинг хэрэглэсэн нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн гэх асуудал хүчтэй яригдах болсон . Энэ талаар бөхийн холбоод хэлэлцэж нэг шийдэлд хүрэхээр хуралдсан боловч эцэслэж чадалгүй өндөрлөлөө.
У.Хүрэлбаатар: Ц.Магалжав гэдэг хүн ҮБХ-ны талаар хэвлэлийн бага хурал хийж намайг гүтгэсэн. Би энэ асуудлыг шүүхэд өгнө. Учир нь миний оролцсон шүүх хуралд допингийн талаар ерөөсөө яригдаагүй. Харин допинг хэрэглэсэн таван бөхийн талаарх тэргүүлэгчдийн тогтоол буруу байна гэх шийдвэрийг шүүх гаргасан. Гэтэл энэ хоёрыг хольж үннийг мушгиж ойлгуулж байна. Би бол допингийн эсрэг байгаа.
Ч.Санжаадамба: Энд бөхийн холбооны хэрүүл ярих гэж ирээгүй. Намайг допинг хэрэглэсэн бөхчүүдээс айсандаа ийм зүйл гаргалаа гэж сошиалаар царай, нэрээ нуусан нөхдүүд яриад байна. Уг нь би МБХ яагаад нийт бөхчүүдийнхээ эсрэг байр суурьтай байгаа юм бэ?
Хоёр холбоо яриад л байх юм. Аль нь хүчинтэй холбоо юм, аль нь хүчингүй холбоо юм бөхчүүд учраа олохоо байлаа. Саяны тэргүүлэгчдийн хурал хүртэл хүчингүй хурал гээд яриад эхэллээ. Нэг нь шийдвэр гаргахаар нөгөөх нь няцаагаад чадамжгүй холбоо гээд дайраад байх юм.
У.Хүрэлбаатар: Та хэд улсын бүртгэлийн газар очиод бөхийн холбооны хүчинтэй тамга тэмдэг нь хэн дээр байгааг л үзчих хэрэгтэй.
Ц.Магалжав: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн талаар бид нилээн хуралдаж байж сорилгын барилдаанд барилдуулахаар болсон. Харин У.Хүрэлбаатар гуайн суусан шүүх хурлын шийдвэрийн эсрэг бөхчүүд гомдол гаргахаар болсон.
У.Хүрэлбаатар: Ганцхан надад хамаатай шүүх хурал бишээ би МБХ-г төлөөлж очсон.
Х.Баянмөнх: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хассан газар алга гэх шийдвэрийг шүүхээс гаргасан. Яагаад гэвэл тэдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хассан ҮБХ-ны тэргүүлэгчид эрх зүйн чадамжгүй болсон байсан. Тиймээс энэ асуудлыг цэцдийн зөвлөлийн хурлаар шийдэх ёстой. Цэц хуралдаагүй байгаа учраас Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг хоёр жилээр хассан нь хүчингүй болж таарч байгаа юм. Тиймээс би шүүхийн шийдвэр биелүүлэх ёстой л гэсэн асуудал тавьж байгаа юм. Би допингтой бөхчүүдийг барилдуулахыг эсрэг байдаг. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргачихсан байгаа тул шүүхээ л дагах ёстой юм.
Б. Бат-Эрдэнэ: Баяр, наадмын тухай хуулинд шөвгийн 16-нд үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Үүний дараа баяр наадмыг зохион байгуулах хороо шийтгэлийг нь оногдуулдаг учиртай.
Хоблооны асуудал бол шүүх дээр давж заалдах шатандаа явж байгаа. Анхан шатны шүүх дээр МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ нэхэмжлэх эрхтэй этгээд биш байна гээд шийдчихсэн. Давж заалдах шатны шүүх дээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гээд шийдчихсэн.
Ч.Санжаадамба: Би бол найман хүний гарын үсэгээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн талаар л яриад байгаа. Өнөө маргааш хоёр наадмын ачаалалтай бэлтгэл хийх өдрүүд таарч байгаа учраас бөхчүүд маань ирж амжсангүй. Уг нь бөхчүүд допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэж дуу нэгтэй ярьж байна. Тиймээс МҮБХ бөхчүүдээ төлөөлөөд шүүхийн шийдвэрийн эсрэг гомдол гаргаж өгнө гэж найдаж байна.
Би наадмын галуудаар явж допингтой бөхчүүдийг барилдуулахгүй гэж улсын цолтой бөхчүүдээр гарын үсэг зуруулж байгаа. Одоогийн байдлаар Мөнхбат аварга, Батсуурь аварга, Бүрэнтөгс арслан, Бат-Эрдэнэ гарьд тэргүүтэй 40 гаруй бөх гарын үсгээ зурчихсан байгаа. Дуусахаар нь МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ болон баяр наадмын комиссын даргад хүлээлгэн өгнө.