Reuters: Монгол Улс улс төрийн тогтолцооны салаа замын уулзварт ирээд байна

Reuters: Монгол Улс улс төрийн тогтолцооны салаа замын уулзварт ирээд байна
Дэлхийд нэр хүнд бүхий “Reuters” агентлагийн веб сайтад Монголын улс төрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх нэгэн нийтлэл хэвлэгджээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар голчилсон уг нийтлэлийг эмхтгэн хүргэж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй хэд хэдэн уул уурхай болон дэд бүтцийн төслүүд дээр гарсан маргаантай асуудлууд нь нийгмийг бүхэлд нь талцахад хүргэж тус улсыг улс төрийн хувьд салаа замын уулзварт авчиржээ.
Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал ялсан нь ЗХУ-ын дагуул байсан тус улсыг өнөөгийн нэг хүний тогтолцоотой БНХАУ болон ОХУ-ын дунд хавчуулагдсан “ардчиллын баян бүрд” болгосон юм.
Гэвч ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч болон парламентаас томилдог гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хуваарилалт нь тус улсад хэрэгжиж буй том төслүүд гацах, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажлыг гацаанд оруулсаар иржээ.  
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд “Монголд нүүрлээд буй системийн хямралыг шийдэх боломжгүй байна” гэж хэлж байсан. Мөн тэрээр өмнө нь “Reuters” агентлагт яриа өгөхдөө “Монгол ардчилсан тогтолцоонд шилжээд бүхэл бүтэн нэгэн зууны дөрөвний нэгээс илүү хугацааг туулжээ. Харамсалтай нь өнөөдөр бидний тэртээ 1990 онд хүсэн, хүлээж байсан ардчилал тогтож, бэхжиж чадаагүй хэвээр байна. Өнөөдөр Монголд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс үүнийг яг одоо шийдэх хэрэгтэй” гэсэн юм.
Харин яг одоо тэд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг оролдож, хэлэлцэж эхэлсэн нь Монголын нийгэмд нэг хүний ноёрхсон улс төрийн тогтолцоо үүсэж болзошгүй гэх болгоомжлолыг өөрийн эрхгүй төрүүлэх болжээ.
Сант Марал сангийн улс төрийн шинжээч Сумати Лувсандэндэв “Монголчууд Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар шиг хүчирхэг удирдагч, манлайлагчтай болохыг маш их хүсдэг. Гэвч парламент нь ардчиллын үнэт зүйлийг үгүй хийх алхмуудыг эсэргүүцэх хандлагатай байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд өөрчлөлт хийхийг хичээдэг байсан. Тэрээр Назарбаев болон Путин шиг тэргүүн байх гэж чармайдаг. Харамсалтай нь мэдээж хэрэг Х.Баттулга тэдэн шиг байж чадахгүй. Ер нь Монголд өөр ийм манлайлагч байж чадах, хангалттай чадвартай хүн байгаа гэж бодохгүй байна” гэсэн юм.
Тус сангийн зүгээс Монголын иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 70-аас илүү хувь нь парламентын засаглал, сонгуулиас илүүтэй хүчтэй удирдагчийг илүүд үзсэн байна. Мөн иргэдийн дөрөвний гурав нь ардчиллыг дэмждэг ч талаас илүү хувь нь өнөөгийн системийн эсрэг байр суурьтай байдаг гэжээ.  
Үүний дээр улс төрийн хэдхэн бүлэглэлийн цөөн хэдэн хүний гарт байдаг, тэдэнд удаан хугацаагаар үйлчилж буй Монголд үйл ажиллагаа явуулагч уул уурхайн компаниудын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг улсын мэдэлд авч, нийтийн өмч болгох нь зүйтэй гэх санал давамгайлжээ.
Газрын баялгаар баян, эдийн засаг нь үүн дээрээ хэт төвлөрдөг Монголын улс төрд уул уурхай, ашигт малтмалын орд газруудын талаарх яриа голцуу өрнөдөг. Харин ард түмний дунд газрын доорх баялгаа түүхий чигээр нь экспортолж байгаа нь нөөц баялгийг тэгш бус хуваарилалтыг бий болгож, цөөн хэдэн хүний халаасыг зузаатгаж байна гэх эсэргүүцэл, урам хугарал улам бүр нэмэгдэх болжээ.
Монгол Улсын хойд хэсэгт байх Салхитын мөнгөний уурхайн хятад хөрөнгө оруулагчдыг өнгөрсөн жил хүчээр гаргасны дараагаар гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс тус улсад үл итгэх байдал улам бүр нэмэгдэх болжээ. Одоогоор тус орд нь Засгийн газрын мэдэлд очоод байгаа бөгөөд дотоодын цэргийн хамгаалалтад байгаа аж. Мөн Монголын Засгийн газар өмнө нь ОХУ-ын компанийн эзэмшиж байгаад зарсан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хэн эзэмших ёстой талаарх хуулийн маргаантай асуудалд хутгалдаад байгаа юм.
Харин 2020 оны парламентын ээлжит сонгууль ойртсон энэ цаг үед зарим улстөрчид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хамгийн том төсөл болох Оюутолгой төслийн үр ашгийг асуух болсон байна. Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг Монгол Улс 2039 оноос эхлэн тус төслөөс ногдол ашиг авах болсон нь зарим хууль тогтоогчид болон иргэдийн зүгээс эсэргүүцэл, гомдол дагуулсан. Энэ асуудлаар парламентын ажлын хэсэг томилогдоход хүргэсэн бөгөөд өнгөрөгч тавдугаар сард тэд дүгнэлтээ гарган 66 хувийг эзэмшигч Рио Тинто компанитай зөвшилцөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Одоогоор тус компани үүнд ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Орон нутагт хэрэгжиж буй хууль, тогтоомжийн дагуу бид гадаадын компаниудыг бүрэн дэмжиж ажиллаж байсан. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын хөрөнгөөр илрүүлсэн стратегийн ач холбогдолтой Тавантолгойн нүүрсний орд зэрэг ашигт малтмалын орд газрууд нь манай өмч байх ёстой” гэсэн юм.
Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Хятад буюу урд хөршөөсөө эдийн засгийн асар их хамааралтай байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай харьцуулж болохоор популист платформыг ашиглаж сонгогджээ. Гэвч тэрээр БНХАУ-аас ирэх дарамт, хямралд өртөмтгий байдлыг багасгаж чадахгүй байгаа юм.
Харин ч түүнийг ялалт байгуулсны дараахан БНХАУ-ын хил дээр гаалийн бүрдүүлэлт удааширч, 100 км нүүрс ачсан ачааны машины дараалал үүссэн нь экспортын орлогыг буурахад хүргэж байв. Хятадын гаалийн байгууллага үүнийг хяналт, шинжилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажилтай холбоотой гэж тайлбарласан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тайлбарт нь ямар нэгэн албан ёсны хариу хэлээгүй юм.
Сөрөг хүчин болох Ардчилсан намын тэргүүн С.Эрдэнэ “Бид хоёр хөршийнхөө дарангуйлалд ойрхон байгаа бөгөөд манай улсад үзүүлэх тэдний нөлөөлөл асар их. БНХАУ болон ОХУ нь хоёул ардчилсан улс биш. Тэдэнд Монголын ардчиллыг үгүй хийх сонирхол их бий. Мөн аль аль нь Монголд эдийн засгийн нөлөөллөө өсгөхийг хүсэж буй” гэжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам “БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үздэг. Тиймээс талууд хоёр орны харилцан хамтын ажиллагааг таслан зогсоох оролдлого хийхээс нэн сэрэмжтэй байхыг уриалж байна” гэж мэдэгджээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Монголын улс төрд үүссэн хямралыг арилгахын тулд өнөөгийн Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг эхлүүлсэн. Гэтэл уг өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайдын байр суурийг бэхжүүлэх чиглэлд явж байгаа талаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй ойр ажиллаж буй нэгэн хуульч дурдсан юм.  
Энэ талаар Сумати Лувсандэндэв “Монголын парламент улс орны байдлыг тодорхойлж, түүнийг хянах боломжоор бүрэн хангагдсан байдаг. Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ажиглагдаж байгаа ганц зүйл нь Монголын улс төрд гацаа үүсгээд буй нөгөөх л эрх мэдлийн тэмцлийн зураг үргэлжилсээр байгаа явдал юм. Харин энэ бүхэнд Ерөнхийлөгчийн байр суурь улам бүр ганхаж, бүдгэрсээр байна” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатараас автомашинаар хоёр цаг орчим явж хүрэх зайд, хээр талд XIII зууны агуу байлдан дагуулагч Чингис хааны морьт хөшөө бүхий цогцолборыг барьж байгуулсан байдаг. Хөшөөний нэг давхарт байх Их Монгол Улсын хаадын түүх бүхий хөрөг зурагнуудаас Чингис хааны дараа төр барьсан хаад хэдхэн жил улсаа удирдаад нас нөгчиж байсныг харж болох аж. Тэдэн дунд ганцхан хүн л 20 орчим жил хаан суусан байгаа нь эртнээс дотоод тэмцэл өндөртэй Монголчуудын хувьд гайхамшиг юм.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0