Долоохон настай балчир үрийг эцэгтэй нь уулзуулахгүй хорьсоор хил давуулах уу?
Монгол улс эзэнгүй бүр хуульгүй улс болоо юу? Монгол Улс иргэнээ хамгаалах хуульгүй харин хэн нэгэн албан хаагч, эрх мэдэлтний өмнө үйлчилдэг хуультай орон болсон юм шиг.
Увс аймгийн харъяат "Аянгат тэнгэр” ХХК-ийн захирал Д.Баянмөнх өмнө нь Тува улсад амьдарч байхдаа эхнэр хүүхэдтэй болсон аж. Монголдоо буцаж ирээд буцах боломжгүй виза гаргуулах гэж удаан хөөцөлдсөний эцэст боломж бүрдэн эхнэр хүүхэд дээрээ очсон байна. Гэвч эхнэр нь бусдын гарт амь үрэгдэж, охиныг нь асрамжинд өгсөн байсан байна. Тэндээ удаан хөөцөлдөж байж төрсөн охиноо өөр дээрээ байлгах эрхтэй болж, эх орондоо буюу Увс аймагт ирээд 3 жил болж байгаа гэнэ. Энэхүү охиноо асран хамгаалах эрхтэй болохын тулд Оросод байх хугацаагаа хэтрүүлснээр ХАР ДАРУУЛЖ дахин орох эрхээ хасуулсан байна.
Гэтэл түүнд өс хонзонтой нэгэн түүнийг охиноо хүчирхийлдэг, зоддог хэмээн цагдаагийн газарт удаа дараа мэдэгдэж, эцэстээ Орос улс руу эл гүтгэлэгээ мэдүүлсэн бололтой.
Энэ оны 6 сарын 24-нд Тувагаас албаны хүмүүс ирж Увс аймгийн цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхантай ирж охиныг гэрээс нь хүчээр булаагаад явсан байна. Түүнээс хойш хүүхдийг эцэгтэй нь уулзуулахгүй байгаа бөгөөд Орос хэл мэдэхгүй бяцхан охинг Тувагийн асрамжийн газар өгнө гэж мэдэгдсэн бололтой.
Монгол улс 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвецд нэгдэн орсон. Тус конвецийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаас нэр авах иргэний харъяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.” Мөн 9 пүгээр зүйлийн 3-т "Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшилахгүй бол эцэг эхийн аль нэгнээс буюу хоёлангаас нь салж хагацсан хүүхэд эцэг эхийн аль алинтай байнга хувийн болон шууд харилцаатай байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж заасан байдаг аж. Гэтэл хэн нэгний давуу эрхтэйгээр хүүхдийг эцгээс нь салгаж харь улс руу асрамжийн газар руу өгөх гэж байгаа нь хуульд хэр нийцэх бол. Мөн эцэг байх эрхийг нь хуулиар хасаагүй байхад шууд хүч давамгайлан эцгээс нь салгаж, хүүхдийн өсөж торнисон орчноос салгаж танихгүй орчинд тусгаарлаж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчих эрх хэнд байна.
Охины эцэг Д.Баянмөнх нь тус аймгийн цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат болон аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаа нарт гомдол хүргүүлээд байгаа аж.
Аймгийн ИТХ-ын гишүүн Ц.Батболд мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийнхээ дагуу уг хэргийг шалгаад хариу өгөхийг аймгийн цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат, аймгийн ГБХЗХГын дарга Б.Нансалмаа нарт албан тоотоор мэдэгдсэн байна.
|
BOLOD.MN