Цагаачдыг дэмжсэн улс төрчдийн амь насанд халдана гэж заналхийлжээ
Германы канцлер Ангела Меркелийн намын гишүүн улс төрийн сэдэлтэйгээр бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэдгийг цагдаагийн газраас анхааруулаад удаагүй байхад бусад улс төрчдийн амь насанд халдана гэж заналхийлжээ. Заналхийлэл сүрдүүлэг ирсэн улс төрчид цагаачдыг дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн нэр бүхий эрх баригчид байсан юм.
Улс төрчид болоод хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагад цахим шуудангаар ирсэн заналхийлэлд Христийн ардчилсан холбоо намын амиа алдсан улс төрч Волтер Любкийн үхэл дараагийн дайралт, халдлага, аллагын эхлэл хэмээн дурдсан байжээ. Түүнчлэн зүүнтний улс төрчид, цагаач иргэд, Германд амьдардаг еврейчүүдийн эсрэг террорист халдлага үйлдэнэ гэж сүрдүүлжээ.
Урьд өмнө цагаачдыг дэмжсэнийхээ төлөө хутгалуулж шархдаж байсан Колон, Алтена хотын дарга нарт энэ долоо хоногт мөн амь насанд нь халдана гэж заналхийлсэн байна. Тус улсын цагдаагийн газраас эдгээр заналхийллүүд Любкийн үхэлтэй холбоотой эсэхийг баттай хэлэх боломжгүй хэмээн мэдэгджээ. Кассел мужийн зөвлөлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Любк гэрийнхээ тагтан дээр үхсэн байдалтай хэвтэж байсныг хоёр долоо хоногийн өмнө олсон ба цагдаа нар сэжигтнийг баривчлаад байгаа юм.
Удаа дараа ирж буй заналхийлэл сүрдүүлгүүд 2018 оны 12 дугаар сард хэвлэл мэдээллийн ажилтнууд, өмгөөлөгчид, улс төрчид рүү цахим шуудангаар ирүүлж байсан заналхийлэлтэй төстэй байгааг эх сурвалж мэдээлэв. Өнгөрсөн онд цахим шуудан илгээсэн этгээдийг баривчилсан тул энэ удаад өөр хүн сүрдүүлсэн гэж үзэж байна.
ХБНГУ-д хэт барууны үзэлтэй 13,000 хүн амьдардаг гэж дотоодын тагнуулын агентлаг мэдээлэв.
Эх сурвалж: www.theguardian.com