Ордны аллага уу?
бэлэглэсэн Ши Жиньпин дарга буруутай болоод өнгөрөхийг
байг гэх газаргүй л болов уу.
Улс төрийн хүрээнд аймшигтай аллагууд, учир битүүлэг үхэл мөн ч олон гарлаа даа. Илэрдэггүй, илэрсэн зарим нь арга хэмжээ авагддаггүй гаж тогтолцоо Монголд тогтсон. Энэ аллагууд хуучин тогтолцооноос эхтэй ч өнөөгийн нийгэмд оргил үедээ хүрч байгаа нь нууц биш.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны Нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг гэрт нь аймшигтайгаар хөнөөснөөс эхлэл нь тавигдсан гэж үзэж болмоор. Энэ аллагыг маш дээрээс зохион байгуулсан гэж үздэг ч хэн ч буруутан болоогүй, дээдсийн хүрээлэнд дарж өнгөрөөсөн.
Дараачийнх нь УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг мөн л гэрт нь хөнөөсөн аймшигт аллага. Энэ бол захиалгатай, зохион байгуулалттай аллага. Өөрөөр хэлбэл, их дээрээс захиалсан, мафийн сүлжээнд өртсөн аллага гэж олон түмэн үздэг юм. Захиалагчтай, гүйцэтгэгчтэй, амьд гэрчтэй, төөрүүлэгчтэй, “хувийн” шүүх прокурортой, цагдаа, тагнуултай, том мафийн бүлэглэл энэ аймшигт аллагыг үйлдсэн гэж олон түмэн ханцуй дотроо шивнэлдсээр байтал “ахуйн хүрээний аллага” болгоод бүр өөр тийш нь төөрүүлчихсэн. Нэг рецедив гэмт хэрэгтний үгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэж хоёр гэмгүй иргэнийг дөрвөн жил шоронд тамлалаа. Монголын мафи, тэдний гар хөл болсон хууль шүүхийн байгууллагынхан ямар хүчтэйг энд харуулж байгаа биз.
Олон улсын парламентын холбоо, Монголын парламентын дэргэд байгуулагдсан Түр хороо яаж ч ажиллаад энэ Монголын мафийн сүлжээг тас цохиж, гэмгүй иргэдээ аварч чаддаггүй юм байна. Шүүх, прокурорын удирдлагыг солилоо гэсэн, дүлий дүмбэ. Эрүүдэн шүүлтээр гэмгүй иргэдэд 20 жилийн ял оноочихоод, хууль зөрчин гянданд хүртэл хорьж тамласан Улсын дээд шүүхийн дарга асан Ц.Зориг тэргүүтэй хэдэн хүн Улсын дээд шүүх, хот, дүүргүүдийн шүүхэд уяатай, эрх мэдэл нь хэвээрээ байгаа цагт энэ тамлал яргалал төгсгөл болохгүй юм байна. Улсын дээд шүүхийн даргыг солилоо гэсэн чинь оронд нь Ц.Зоригийн баруун гарынх нь хүнийг аваачаад тавьчихсан. Сайхан жүжиглэж байгаа юм шүү.
Шударга эх орончид байгаа цагт энэ аймшигт аллагын хэрэг үнэн мөнөөр илэрч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын оронд Ц.Зориг тэргүүтнүүд очих цаг ирнэ л гэх юм. Харамсалтай нь цаг хугацаа хурдны морь шиг өнгөрч байна. Гэмгүй залуучууд үхчих вий дээ. Буруутныг цээрлүүлэхэд, бүх зүйл хожимдсон байхыг үгүйсгэх аргагүй.
Энэ захиалгат аллага гэр бүлийн хүрээнээс халиад тусгай хамгаалалттай төрийн яам руу орж ирсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн аймшигт аллагыг та нар санаж байгаа байх. Аллага үйлдэгдсэнээс хойш бараг жил болох гэж байна. Гэрч нартай, гэгээн цагаан өдрөөр үйлдэгдсэн энэ аймшигт аллага, шүүх, прокурорынхны дунд хөлбөмбөг шиг өшиглөгдсөөр ямар их хугацаа элээв. Хүмүүс бол энэ аллагыг бас л их дээрээс захиалагдсан, урьдаар төлөвлөж зохион байгуулагдсан, гүйцэтгэгчээ, хамгаалагчдаа эртнээс сонгож авсан аллага гэдэг юм. Яагаад гэвэл Т.Гомбосүрэн нь Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд ужигарсан олон ноцтой гэмт хэргийг шалгасан. Заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, дараа дараагийнх нь ноцтой асуудлуудыг шилжүүлэхээр бэлдэж байсан юм билээ. Энэ нь эрх мэдэлтнүүдийн цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөх байсан учраас Махбал гэдэг, удаа дараа гэмт үйлдэл хийсэн хүнийг яарч сандран яамандаа авчирч, архидалтын далимаар алуулсан гэж олон түмэн ярьдаг юм. Энэ хэрэг их ужиграна. Цаг хугацаа хожсоор байгаад нэг мэдэхэд хэрэгсэхгүй болгочихсон байх вий гэх хүн ч олон л таарч байна. Та энэ хэргийн эргэн тойрон дахь байдлыг ажиглаж л байгаа байх. Талийгаачийн аав нь хүүгийнхээ амийг нэхэж явсаар нас нь гүйцэлгүй таалал төгссөн. Т.Гомбосүрэнгийн дөрвөн өнчин хүүхэдтэй хоцорсон эхнэр нь дуугарахгүй л байгаа. Түрүүн өгсөн ярилцлагаа хэвлэлд битгий гаргаарай гэж гуйсаар л яваа. Гэхдээ энэ хэрэг цаг нь ирэхээр “зад үсэрнэ” их юм дэлгэгдэнэ гэх хүмүүс бий.
Одоо алуурчид зоригжсон. “Орон гэрээр нь ороод алчихад хуульгүй юм байна. Яам тамгынх нь газар хөнөөчихөд хуульгүй юм байна. Одоо төрийн тусгай хамгаалалттай ордонд нь…” гээд аллага үйлдэж эхлэв үү гэмээр болж байна. Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож, өндөр дээд алба хашиж байсан, өнөө хэрнээ Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү гэдэг сайхан залуу Төрийн ордондоо амь алдлаа. Бараг л ил цагаан хэрэг юм даа. Гэгээн цагаан өдрөөр, төрийн тусгай хамгаалалттай ордонд, хамгийн сүүлд уулзсан, архидсан хүмүүстэй, унасан газар нь тодорхой, анх үзсэн хүнтэй, шүүхийн шинжилгээний төв акт бичиг баримтаа гаргачихсан энэ аллага л олон хоног сэжиг, таавар шиг л байх юм.
Хэвлэлийн мэдээллээс үзвэл талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд уулзаж архидсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, талийгаачийн цогцсыг анх харж мэдээлсэн гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын талаар нэлээн бичсэн, сэжиглэсэн зүйлүүд байгаа. Эрхэм гишүүн О.Баасанхүү Төрийн ордны баруун жигүүрт цус нөжиндөө холилдсон хүн хэвтэж байхыг анх харж, холбогдох газруудад мэдээлсэн гэж өөрөө яриад байгаа. Энэ нь шалгагдаж, мэдүүлэг өгсөн бололтой юм.
Талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд архидсан хүний нэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Энэ хүнээс цагдаа хуулийнхан бас л өчиг мэдүүлэг авсан гэсэн. Авахаас ч яахав. Энэ хүний өөрийнх нь хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хүмүүс нэлээн сэжиглэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Номтойбаяртай холбоотой олон ч материал цацагдлаа. Хамгийн ноцтой нэг зүйл бол Тусгай албанд 25 жил ажилласан чекист хүн нэрээ нууцлаад бичсэн зүйл их олон зүйлийг хэлж өгсөн. Н.Номтойбаярын мэдээлэл дэх цаг хугацаа зөрж, болсон явдлыг илт гуйвуулан мэдэгдсэн гэж тэр хүн бичсэн байна билээ. Ер нь энэ материалд бичснээр бол аллагын гол эзэн нь Н.Номтойбаяр байж болохоор ойлгогдсон. Буруу ташаа зүйл бичсэн, хүн гүтгэсэн гэж үзсэн бол Н.Номтойбаяр маань хариу няцаалт өгөх байсан байх. Чимээгүй л байна.
Тэгтэл саяхан чөлөөт индэр “Ноцтой мэдээ” сонинд “АПУ-гийн Г.Батхүүгийн үхэлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон тагнуулын албаны дэд хурандаа асан туслахтай нь сэжиглэн, эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй боллоо” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байгаа. Энд бичснээр “…18:50 цагийн үед талийгаач Г.Батхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орж хэсэг сууж архиар дайлуулаад гарсныхаа дараахан буюу 19:09 цагийн орчимд хоёр давхрын гонхноос доошоо унаж амиа алдсан байсныг нь нэлээн халамцуу явсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх олж хараад Төрийн ордны харуулын албанд мэдэгдсэн гэж байгаа…” хэмээн бичсэн байна. Энд бас урьд өмнө огт мэдэгдээгүй нэг нууцлаг зүйл дурдагдсан. …Түүнээс гадна талийгаач Г.Батхүү нь Монголын автомашин мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч бол Н.Номтойбаяр нь түүнтэй ижилхэн үйл ажиллагаа явуулдаг “Оффроад” хэмээх холбоог тэргүүлдэг юм байна. Иймээс хоёр холбооны тамирчдын цол гуншингаас болж энэ хоёр өмнө нь зөрчилдөж байсан гэх мэдээлэл ч бас байгаа юм” гэж нэгэн шинэ санаа гаргаж тавьсан. Юутай ч энэ аллагад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр буруутай байж болох үндэслэлүүдийг гаргаж тавьсан байна билээ. Цахим сүлжээгээр бол Н.Номтойбаярт чиглэсэн олон зүйл бичигдэж байгааг та бүхэн танилцаж л байгаа байх.
Н.Номтойбаяр ер нь л овлигогүй хүн, согтуудаа байтугай эрүүлдээ тавьтаргүй, юу ч хийж мэдэх хүн гээд машинаараа нэг ядарсан эрийг дайрч хөнөөгөөд гэм зэмгүй өнгөрсөн, ресторанд хутга мэсний ноцтой хэрэг хийгээд бас л чимээгүй өнгөрсөн гэх мэтчилэн олон зүйлээс “цэвэр” үлдчихдэг их мөнгөтэй баян хүн. Энэ аллагад мань хүн холбоотой бол аль хэдийнэ аргалчихсан байгаа гэхчлэн сэтгэгдэл мэдээллүүд цацагдсаар л байна. Бас Н.Номтойбаярыг хамгаалсан өмгөөлсөн зүйл ч бичигдэж л байна. Өдөр тутмын нэр хүндтэй сонинд “Г.Батхүүгийн хэргийн Номтыг С.Зоригийн хэргийн Б.Булганы хувь заяа хүлээж байна” гэж манай авьяаслаг эмэгтэй сэтгүүлч Д.Гансаруул гарчиглан бичихдээ “Г.Батхүү агсны хэрэгтэй ямар ч хамааралгүй гэдэг нь мэдээжийн хэрэг” гэсэн байгаа. Юутай ч энэ аймшигт аллагыг цагдаа, тагнуулын байгууллага арай ч зүгээр суугаагүй, шалгаж л байгаа байх.
Ингэхээр улс төрийн аллага Монгол Төрийн ордонд ороод ирчихэв үү. Тийм бол яах вэ гэсэн асуудал хүн бүхний анхаарлын төвд байна. Парламентын сэтгүүлчээр олон жил ажиллаж байсны хувьд би бухимдаж байгаа. Тэгээд эрхэм дээдэс, бас хууль хяналтынхан санаа авах болов уу гэсэн хэдэн зүйлийг бичье.
1.Монгол Төрийн ордон, Монголын парламент гэдэг чинь Төрийн тусгай хамгаалалттай ариун дагшин газар байлаа. Одоо бол “архины мухлаг” болсон байна. Сүүлийн үед төрийн эрх барьсан энэ хоёр намынхан ариун дагшин газраа бузарлаж гүйцлээ. Эрэгтэйчүүд нь архиддаг байснаа УИХ-ын гишүүн хүүхнүүд нь архидан согтуурч нүдний булай болдог болсон. УИХ-ын дарга Г.Занданшатараас асуумаар байна. Архичдаа ингэж өөгшүүлснээр Төрийн ордонд хавтгай архидалт болж эрдэнэт хүмүүний аминд хүрлээ. Манай намын удирдлага, УИХ-ын дарга нар энэ архичдынхаа толгойг илээд л сууж байгаа. Хэчнээн хүний аминд хүрсэн хойно арга хэмжээ авах юм бэ.
2.Төрийн тусгай хамгаалалт гэж зүгээр л хотны захад босгодог “мануухай” болсон. Ордноор л нэг мөрдэстэй хүмүүс бужигнаж байдаг. Жирийн иргэд биднийг бол алхам тутамд шалгана, байцаана. Тэгсэн чинь дээдсийн хүрээлэнд, гэгээн цагаан өдрөөр (бараг бүтэн өдөр үргэлжилсэн) тийм том архидалт болж, хүн амины ноцтой хэрэг гарч байхад тэд хаана явав. Хамт архидаад явж байсан уу. Ийм байдалд хүргэсэн Тагнуулын байгууллага, Төрийн тусгай албаныхандаа арга хэмжээ авсан уу, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга нар аа, Дэндэж байна.
3.Талийгаач Г.Батхүү бол, Монголын төр, Ардчилсан намын зүтгэлтэн, Монголын ард түмний хайртай хөвгүүдийн нэг байсан. Ардчилсан намд бол мөнх дурсагдах гавьяатнуудынх нь нэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн дунд Г.Батхүүгийн нэр явж л байсан. Тэгтэл өнөөдөр Ардчилсан намын удирдлага, энэ аймшигт аллагын эзнийг яаралтай илрүүлж арга хэмжээ авахуулахын төлөө яагаад дуугарахгүй “Их хурал тар”, “Засгийн газар огцор” гэж холуур тойруулан хий хашгичаад яваа юм. Хүмүүс бол Ардчилсан намын удирдлагын хэдэн хүн хууль шүүхийнхэндээ ая тал засч, уг хэрэг явдлыг яаран Олон улсын парламентын холбоо руу холдуулж түлхлээ гэцгээж байна.
Ардчилсан намынх нь дэд дарга хүн, Төрийн ордондоо алагдчихаад байхад эдний байж байгаа царайг. Хатуухан хэлбэл манай ардчиллын “эмгэнэл” юм даа.
4.Г.Батхүүг их мэдээлэлтэй, их туршлагатай хүн хөнөөсөн болж харагдаад байгаа. Төрийн ордны камергүй, хамгаалалтгүй газрыг сонгож авсан. Хоёр талын гонхноос өөр өндрөөс хүн унагаачихаар газар бараг байхгүй байх л даа. Тэгтэл баруун гонхыг сонгож авсан. Энд камер байхгүйг мэддэг хүн яргалсан байж таарна. Ажлын цаг тарсан, хүн амьтны хөл татарсан, цаг хугацааны нарийн мэдрэмжтэй хүн аллагыг үйлдсэн байж таарна.
5.Талийгаач Г.Батхүү бол нэг шавилхан залууд цохиулаад доошоо нисчихээргүй чийрэг бадриун хүн. Тэгээд хүмүүсийн сэжиг таамгаар бол энэ аллагыг хоёр юм уу, хэд хэдэн хүн үйлдсэн, цохиж унагаад, дамжлаад гонх руу чулуудчихсан байхыг үгүйсгэх аргагүй гээд байгаа юм.
6.Чөлөөт хэвлэлд мэдээлснээр бол Г.Батхүү агсан амиа алдах үеэр албан өрөөндөө архидсан УИХ-ын гишүүд амралтын өдрүүдэд өрөөнийхөө дрож, буйдангийн дэрийг Төрийн ордны үйлчилгээнд хандаж цэвэрлүүлсэн гэх мэт сэжигтэй зүйл байгаа. Энэ бүхнийг нарийн шалгасан л байдаг байх даа.
7.Аллага үйлдэгдээд олон хоног өнгөрлөө. Тагнуул, цагдаа, хууль шүүхийнхэн таг чиг. Өнөөх л С.Зориг, Махбал нарын хэрэг шиг мартагдах, төөрүүлэх чиг рүүгээ хандаж байна уу гэж олон түмэн шивнэлдэж эхэллээ. Ард нь ямар намын хэн гэдэг том хүн байна вэ гэдгийг ч битүүхэндээ хайж эхлэв бололтой. Яг энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань Цагаан суврагын ордоос болж муудалцсан тухай мэдээ цацагддаг нь ямар учиртай юм бол. Цагаан суварга маань нөгөөх л Н.Номтойбаярын эзэмшлийн орд биз дээ.
8.Монголын эрх баригч намууд, төр, засгийн томчууд холбогдсон 23 ноцтой хэргийг хав дарчихаад суугаа мафийн гар хөл болсон хуулийнхан тэр дундаа Улсын дээд шүүхийн дарга асан Ц.Зориг, түүний бүлэглэлийнхэн эрх мэдэл хэвээрээ байгаа цагт “Ордны аллага” уу, үгүй юу гэдэг үнэн зөвөөр илэрч, буруутан нь арга хэмжээ авагдана гэдэг юу л бол гэж хүмүүс шивнэлдсээр л байна. Эцсийн эцэст өөдгүй монголчуудад өндөр градустай архи бэлэглэсэн Ши Жиньпин дарга буруутай болоод өнгөрөхийг байг гэх газаргүй л болов уу.
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Г.Жамьян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин