Тэр гэрч үү, эсвэл гэмт хэргийн хамжигч уу

Тэр гэрч үү, эсвэл гэмт хэргийн хамжигч уу

Бид олон жил С.Зоригийг хөнөөсөн болоод түүний захиалсан хүнийг хайлаа. Энэ хугацаанд жинхэнэ гэм буруутанг бус харин жирийн иргэдийг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлсээр байж. Шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэрэгт холбогдолгүй бөгөөд тэдэнд хууль бус аргаар эрүү шүүлт тулган байж ялласан болохыг Монголчууд бүх нийтээрээ ойлгож авлаа.

20 гаруй жилийн дараа С.Зоригийг хөнөөсөн хүмүүс олдож, захиалагчийг хайх тухай ярьж байсан бид дахиад л мухардалд орж байх шиг байна. Одоо яах вэ. Хэнийг эсвэл хэнээс гэм буруутанг хайх вэ.

Одоо буруугүй буруутан болчихоод байгаа эдгээр хүмүүс аллага гарсны дараах гэрчүүдийн мэдүүлсэн ам зурагтай яг тав таарч байгаа гэх. Тэгвэл ийм хүмүүсийг 20-оод жилийн дараа яллахын тулд гэрчүүд худал мэдүүлсэн болж таарч байна уу. Гэрчүүд гэж чухам хэнийг хэлээд байна вэ.

Аллага үйлдэгчид хэргийн газар талийгаачийн эхнэр Б.Булганг хүлж орхисон байдаг. Тэгэхээр энэ хэргийн цорын ганц гэрч бол Б.Булган. Түүнээс өөр хүнийг гэрч гэж хэлэхэд бэрх юм. Талийгаачийг алагдаж байхад дэргэд нь хүлээтэй байсан хүн бол Б.Булган юм шүү дээ. Энэ бол батлагдаж, нотлогдсон баримт юм. Мөрдөн байцаалт уг нь энэ хүн дээр л төвлөрөх учиртай.

Гэтэл Б.Булган хэргийн талаар загас мэт үг дугарсангүй 21 жил болчихсон байна. Энэ хугацаанд тэрээр хохирогч ч болж үзлээ, яллагдагчаар ч татагдаж үзлээ. Хамгийн сүүлд л гэхэд Б.Булганг “хамжигч” гэх эрүүгийн нэршлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юмдаг. Мөн энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа нь энэ гээд бүтэн жил гаруй хугацаанд эргэлтгүйгээр цагдан хорьсон байдаг.

Түүнийг хоригдож байхад эргэлтээр очсон, түүнтэй уулзсан УИХ-ын гишүүд бий. Гэвч тэд ч бас л загас мэт үг дугарсангүй.

Одоо С.Зоригийн хэргийн талаар Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тухайн хэрэгт мөн л холбогдогч бол цагдан хоригдоод үзчихсэн НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл нар л үг хэлж байна.

Олон жил хуулийн салбарыг толгойлсон учраас Ц.Нямдорж энэ хэргийн талаар бусдаас илүү мэдээлэлтэй. Тэгсэн атлаа өнөөдөр л анх удаа сонсож байгаа мэтээр тайлбар хийх нь эргэлзээ төрүүлнэ. Ц.Элбэгдоржийн хувьд өнөөдрийн бүхий л буруу зүйлсийн буруутан болчихлоо. Тиймээс нэрээ цэвэрлэх оролдлогоо С.Зоригийн аллагаас эхлээд л хийж байх шиг байна. Мундаг ярьдаг хүн гэвч сая алдаа гаргаж “С.Зоригийг алсан хүнийг харсан ганц л хүн бий. Тэр нь С.Зориг өөрөө” гэж хэлээд олон нийтийн хараалын бай болж байна.

Харин Э.Бат-Үүлийн хувьд тун ярьвагтай. С.Зоригийн хэргийн талаар асуудал цухалзах бүрд Э.Бат-Үүл яаран мэдээлэл хийх нь бий. Яагаад? Хэргийн газар малгайгаа орхисоноос болоод гэж үү? Эсвэл энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралтай байгаад байна уу?

Бид ямарч байдлаар таамаг дэвшүүлж, хэн нэгнийг хардаж болно. Гэвч энэ хэргийг нүдээрээ харсан, яг дэргэд нь байсан хүн болох Б.Булган л үнэн зөвийг ярина. Даанч тэр ярихгүй байна. Эсвэл түүнийг яриулахыг хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд хүсэхгүй байна. Ямар дарамтанд орсон болохоороо 21 жил загас шиг амьдардаг байна вэ.

Засаг төр солигдож байна. Нэг юм дуулдах байх аа гэж л найдаж сууна. Манантсан тогтолцоо өөрчлөгдөж, мартагдсан хэргүүд илрэх байх л гэж харж сууна. Уг нь Б.Булган л ам нээвэл энэ хэрэг илрэхэд тун амархан. Гэвч түүнд ярих хүсэл алга. Эсвэл тэр хуулийн зүйлчлэлээр энэ хэргийн хамжигч юм болов уу?


Эх сурвалж: Undesten.mn

скачать dle 12.0