Доналд Трампыг эсэргүүцэгч Цагаан ордны өмнө өөрийгөө шатаалаа
АНУ-ын нийслэл Вашингтон хотын Цагаан ордны өмнө байх “Ellipse” цэцэрлэгт хүрээлэнд үл таних эр өөрийгөө шатаасан хэрэг явдал гарчээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар орон нутгийн цагаар лхагва гаригийн 12 цаг 20 минутад тус газар үүрэг гүйцэтгэж явсан нууц албаны ажилтан шатаж буй хүнийг хамгийн түрүүнд олж харан галыг шуурхай унтрааж, одоогоор нэр нь үл мэдэгдэх этгээдийн амийг аварч чадсан байна.
Дараа нь түргэн тусламж ирж түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн аж. Түүний биеийн байдал амь насанд нь ч аюул учруулахуйц хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрээр ямар шалтгааны улмаас өөрийгөө шатаах болсон нь тодорхойгүй байгаа ч зарим эх сурвалжууд түүнийг Доналд Трампыг эсэргүүцэх хөдөлгөөний улмаас өөрийгөө шатаасан гэж мэдээлж байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар үл таних эр гэнэт өөрийгөө шатаамагцаа гүйж эхэлсэн аж. Ойролцоогоор тав орчим метр гүйгээд алхаж эхлэх үед нь дүрэмт хувцастай тусгай албаны хүмүүс түүний амь насыг аварсан гэжээ.
О.Мөнхбат
Эх сурвалж: CNBC