Улаанбаатар хотын банк иргэд хөдөлмөрчдийг чирэгдүүлсээр байна
Зах зээл өргөжиж, банкны үйлчилгээ цахимжсан өнөө үед ядарсан үйлчилгээтэй дампуу газрын хүнд сурталд иргэд хөдөлмөрчид үнэхээр өвдөг сөгдөж байна. Өөрсдийгөө “хаан” гэж эндүүрсэн, заан шиг лазан үйлчилгээтэй Улаанбаатар хотын банк нийслэл хотын ард иргэдийг чирэгдүүлсээр олон арван жилийг үдсээр өнөөг хүрч ирснийг энд дурьдая.
“Сахалт” Д.Эрдэнэбилэгийн гэгдэх Улаанбаатар хотын банк өнөөдөр монголчуудыг үнэхээр бөхөлзүүлж, ард түмнээр даажигнаж чадаж байна. Тус банкны үйлчилгээ ард иргэдийг чирэгдүүлж байгаа талаар иргэд олон нийтээс маш их гомдол ирдэг бөгөөд Улаанбаатар хотын банкаар үйлчлүүлсэн иргэд олон нийт ч үүнийг яг таг батлан хэлдэг болсныг энд нурших нь илүүц биз.
Улаанбаатар хотын банкаар үйлчлүүлж буй иргэд хөдөлмөрчдийн ярьж байгаагаар тус банкны үйлчилгээ хүнд суртал ихтэй, маш их оочер дугаартайгаас гадна иргэд олон нийтийг асар ихээр бухимдуулдаг байна. Учир нь автомашины татвар болон газрын төлбөр зэргийг зөвхөн тус банкаар дамжуулан хийнэ гэсэн утга учиргүй тэнэг шийдвэрийн үр дүнд дээрх бухимдал чирэгдэлүүд үүсдэг болохыг иргэд хөдөлмөрчид нэгэн дуугаар хэлцгээж байгаа юм.
Хэрвээ эдгээр төлбөр тооцоонуудыг зөвхөн Улаанбаатар хотын банкаар биш бусад банкуудаар хийлгэвэл дээр өгүүлсэн бухимдал чирэгдэл бүрэн арилах боломжтой бөгөөд энэ үүднээсээ наад зах нь нийслэлийн алслагдсан дүүргүүдийн оршин суугчидад ч ашиг тустай гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл мөн билээ.
Нөгөө талаар Улаанбаатар хотын банкны жирийн иргэдийг бухимдуулдаг бас нэгэн шалтгаан нь тус банкны алслагдсан дүүрэг дэх зарим салбарууд ердөө ганц хоёрхон теллертэй үйл ажиллагаа явуулдагаас гадна ганцхан мянган төгрөг тушаахын тулд 4-5 цаг оочерлох нь энүүхэнд байдаг хэмээн тус банкаар үйлчлүүлсэн иргэд ярьцгааж байна.
Тус банкны үйлчилгээ хүнд сурталтай дампуу байгаа нь ганцхан дээрх үйлдлээр хязгаарлагдахгүй гэдгийг иргэд олон нийт мөн хэлж байгаа бөгөөд наад зах нь теллерүүдийнх нь зан харьцаа муу, бас принтерийнх нь хор байсхийгээд дуусчихдаг зэрэг өөр олон этгээд гэмээр утгагүй явдлууд байнга гардаг аж.
Тэр утгаараа өнөөдөр Улаанбаатар хотын банк шиг хамгийн дампуу банк Монгол улсад л лав алга гэж хэлэхэд буруудахгүй гэж иргэд олон нийт үзэж байгааг хэлэх нь зүйтэй байх.
Тийм болохоор төр засгаас тус банканд яаралтай шалгалт хийж, Улаанбаатар хотын банкинд тушаах ёстой гэгдэх үйлчилгээний зарим хураамжийг өөр бусад банкуудад шилжүүлэн иргэд олон нийтийг бага ч атугай бухимдуулахаа зогсоох шаардлагатай байгааг энгийн олон нийт хүсэж буйг энд сануулая.
Мөн энэ асуудлыг Монгол банкны удирдлага цаг алдалгүй анхааралдаа авч, аль болох богино хугацаанд зөв зүйтэй арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлхийг хүсч байна.
Ж.Бат
Эхсурвалж: Guren.mn