Махны гуйлгачин
Малынхаа махыг л... Хаашаа ч хамаагүй, аль болох ахиухан шиг л зардаг болчихвол монголчууд тэнгэрийн умдаг тас атгана гэх хийсвэр ойлголт зах зээлийн эдийн засагтай залгаснаас хойших 30 жил шахам бидний баараггүй баяжих хүслийг адгааж, бас бэлчээр тахлан өсөх малаа ч ад үзэх болсон. Цөөхөн монголчууд тулдаа л хүн тус бүрт 20 толгой ногддог нь бусдынхтай харьцуулахад олон болохоос 70 шахам сая мал гэдэг Орос, Хятадын зах зээл дэх импортын махны мангас шиг аварга хэрэгцээний дэргэд дусалтай дүйх өчүүхэн жижиг нөөц юм.
Та манайх үнэхээр 66.5 сая толгой малтайд итгэдэг үү? Монгол Улсад малын тоо сүүлийн жилүүдэд худал өсөлттэй бүртгэгдэж байгаа гэж үздэг хашир малчидтай санал нийлэхгүй байх аргагүй. Оюутны сургалтын төлбөрийн зэрэг зээлд хамрагдахын тулд малчид малынхаа тоог нугалж өчих нь тэдний хувьд банкны шалгуурт тоогдох гэсэн ахуй амьдралаас ургасан самбаа, нөгөөтэйгүүр улсын статистик будилах бодит нөхцөл болсоор байна. Тиймээс 2018 онд эцсийн байдлаар нэгтгэн тоолсон 230 мянган малчин өрхөд 66 сая биш, 40 гаруй сая толгой байх бодит магадлалтай.
Уулзаж учрах бүртээ манайхаас мах худалдан авахыг Орос, Хятадын төр засгийн нэгдүгээр хүмүүсээс ёс мэт гуйж гувшсаар, үүгээрээ малчин ардынхаа хотон дахь хэдийг экспортын гарц, эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа болтол нь тахьсаар ирсэн Ерөнхий сайдууд минь ээ. Хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд, Ерөнхийлөгч 2019 онд БНХАУ-д айлчлахдаа ч гээж орхигдуулалгүй хүссэн нь мөн л “Махаа аваач”. Манай улстөрчдийн махны гуйлтын хариуд ариун цэврийн дэглэм гэх мэт бэлчээрийн мал аж ахуйд тогтоон гүйцэлдүүлэхэд үл нийцэх хариу барьсаар ирсэн тул одоогийнх шиг дэлхийн 16 оронд мах экспортолно гэдэгт бодлого боловсруулах шатандаа итгэдэггүй, хийсвэрээр хандаж байсны горыг монголчууд энэ хавар амслаа. Манай бодлоготнууд мах хилээр бодит хэмжээгээр, дотоодын зах зээлд мэдрэгдэхүйц өсөлттэйгөөр тогтмол гараад эхэлбэл монгол малчны хотноос авахуулаад айлын хөлдөөгчинд ямар нөхцөл байдал үүсэж болох эрсдэлийн судалгаа бүү хэл таамаг ч үгүй сууж байж. Лангуун дээрх ганц кило махны үнэ 16 мянга давахад л Монгол төрийн зүгээс хоёр хөршдөө 30 жил үргэлжилсэн махны гуйлга ардаа ямар ч бодлогогүйгээр хийгдэж байсныг сая бид олж харлаа. Нэг сая төгрөгийн цалинтай хүн сарын орлогынхоо 40 хувиар 20 кг үхрийн мах худалдан авч, таван бүлтэй өрхийнхөө махны сарын хэрэгцээг чүү чамай худалдаж авахаар болж байна. Ингээд бид гадаадад махаа худалдахаар царайчилсан, дотооддоо бол махныхаа үнийг дийлэхээ байсан махны гуйлгачин улс боллоо.
Өсөж үрждэг, нөхөгдөх баялгийн утгаараа мах гарцаагүй экспортын бүтээгдэхүүн мөн үү, гэвэл мөн. Монголчууд бид жилд дунджаар 10-12 сая толгой мал хүнсэндээ хэрэглэдэг. Монгол Улс дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жил бүр 9 сая толгой мал буюу 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй гэдэгтээ Засгийн газар итгэдэг. Манай улс өнгөрсөн 2018 онд 70.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 50 мянган тоннд хүргэнэ гэсэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг анх удаа биелүүлж үзсэн юм. Ийнхүү хонин толгойд шилжүүлснээр 4.4 сая малыг экспортод гаргаж, 154.1 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олжээ. Эрдсээс өөр экспортын бүтээгдэхүүнгүй Монгол Улсад махны экспортын орлого чамлахааргүй үзүүлэлт болж, эдийн засагт солонгын нэг өнгө нэмж буй ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын мэргэн түргэн бодлогын ачаар эдийн засагт “гэгээ татав” гэх эрх баригчид махны экспортын өсөлттэй зэрэгцэн эх оронд нь мах магнаг болохыг огт тооцоолоогүй, зохицуулах тодорхой бодлогогүй сууж байгаа нь харамсалтай.
Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг. Энэ хаврын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрт хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар аж ахуйн нэгжүүдтэй хамтран махны нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ оны эхэнд мэдээлж байсан. Энэ ажлыг санхүүжүүлэхээр 2019 оны улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий 7 аж ахуйн нэгж нийт 10 мянган тонн мах бэлтгэж нөөцлөхөд хамтран ажиллах учраас нийслэл хотод хаврын улиралд махны хомсдол үүсэх, үнийн хэт хэлбэлзлээс сэргийлэх нөхцөл, боломж тодорхой хэмжээнд бүрдэнэ гэж яам үзэж байв. Гэвч Засгийн газар үүнийг хийж чадсангүй. Монгол Улсын Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хүнсээр иргэдээ хангах, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг биелүүлэхээр эрчимтэй ажиллахаа амласныг энд дахин сануулах ч илүүц биз ээ.
Б.Энхцэцэг
Эх сурвалж: ublife.mn